Доминиканы Бүгд Найрамдах Улсын эрх баригчид энэ долоо хоногт тус улсын нийслэл хотын ойролцоо болсон хүчтэй дэлбэрэлтийн үеэр амиа алдсан 28 хохирогчийг бүгдийг нь танихад хэдэн сар шаардлагатай гэж мэдэгдэв.
Уг дэлбэрэлтийн улмаас 59 хүн шархдаж, дийлэнх нь эмнэлэгт хүргэгдсэн бол нийт амиа алдагсдын тоо 28-д хүрчээ. Тухайлбал, эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байсан нэг өвчтөн нас барсан тул ийнхүү нэмэгдсэн байна.
Дэлбэрэлт үдээс хойш хотын төвд, банк, барилгын дэлгүүр зэрэг бизнесүүдээр дүүрсэн, хөл хөдөлгөөн ихтэй худалдааны бүсэд болсон байна. Дэлбэрэлт юунаас болсон талаар мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд эрх баригчид буруу ажиллаж байсан аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцохоо мэдэгдээд байгаа юм. Гал сөнөөгчид гурван өдрийн турш галыг унтраасан бөгөөд албаныхны хэлж буйгаар нарийн боовны цехээс хажуугийн барилгын дэлгүүр, улмаар ойролцоох тавилгын дэлгүүр хүртэл тархсан байна.
"Олдсон цогцосуудаас ердөө долоог нь л таниж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн. Мөн хохирогчдын заримыг тодорхойлоход гурван сар хүртэл хугацаа шаардагдаж магадгүй" гэж Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн захирал Санто Хименес хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв. Түүнчлэн эрх баригчид хохирогчдын гэр бүл, найз нөхөдтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд тэд шивээс, сорви байгаа эсэх гэх мэт хэрэгтэй мэдээллийг өгөх боломжтой аж.
Эх сурвалж: CNBC
Г.Маргад-Эрдэнэ