Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд буюу 2023 оны 07 дугаар сарын 08-наас 16-ны хооронд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасагт осол гэмтлийн шалтгаанаар нийт 4796 хүн тусламж үйлчилгээ авчээ. Үүнээс том хүн 2946, 0-18 насны хүүхэд 1850 байна. Мөн энэ өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 530 хүн яаралтай тусламж авсан нь нийт яаралтай тусламжийн 11 хувийг эзэлж байгаа юм.
Түүнчлэн мориноос унаж гэмтсэн тохиолдол нийт 150 байгаа бөгөөд 66 нь хүүхэд байна. Үүн дотор уралдааны мориноос унасан 21 хүүхэд байгаа аж.
Мөн ахуйн хүрээний архидалттай холбоотой зодоон цохион, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн 56 хүн ГССҮТ-д тусламж үйлчилгээ авчээ. Үүнээс 0-16 насны хүүхэд 6 байна. Дээрх үйлчлүүлэгчдээс 14 нь аюулгүй байдлаа хамгаалуулсан бол, 4 нь тус төвд хэвтэн эмчлүүлж байгаа юм.
Дашрамд дурдахад, 2022 оны 07 дугаар сард ГССҮТ-ийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасагт нийт 14.207 хүн тусламж үйлчилгээ авчээ. Үүнээс эрэгтэй 8307, эмэгтэй 5900 байгаа бол, 0-18 насны хүүхэд 5965 байна.