Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ёс зүй, сахилга хариуцлагын, Инновац, цахим бодлогын, Үйлдвэржилтийн бодлогын Байнгын хороог байгуулна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 18 секунд


УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Бүлгийн дэд дарга Х.Булгантуяа нар бүрэн эрхийнхээ хүрээнд санаачлан боловсруулсан “Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд Улсын Их Хурал нь Аюулгүй байдал, гадаад бодлогын; Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн; Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын; Нийгмийн бодлогын; Төрийн байгуулалтын; Төсвийн; Хууль зүйн; Эдийн засгийн гэсэн 8 байнгын хороотой ажиллахаар хуульчилсан.

Гэвч зарим Байнгын хороодын эрхлэх асуудлын хүрээ хэт өргөн бөгөөд олон чиглэлийг хамарч байгаа нь УИХ-аас батлагдан гарах хууль тогтоомжийн чанар, УИХ-ын хяналтын чиг үүргийг оновчтой хэрэгжүүлэхэд зарим бэрхшээл үүсгэж байна гэж хууль санаачлагчид үзжээ.

Тиймээс УИХ-ын үйл ажиллагааг илүү боловсронгуй болгож, дотоод зохион байгуулалт, хариуцлагыг сайжруулахтай холбоотойгоор зарим Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээг салгаж, үйл ажиллагааны зохих салбар чиглэлээр ажиллах зарим Байнгын хороодыг нэмж байгуулах шаардлагатай байна гэж үзсэн байна. Ингэснээр УИХ-ын үйл ажиллагаа, батлагдан гарч байгаа хууль тогтоомж, бусад шийдвэр оновчтой байх, зохих салбар, чиглэлээр хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлэх болон УИХ-ын Тамгын газарт тухайн асуудлыг хариуцан ажиллаж байгаа төрийн албан хаагчид илүү мэргэшин ажиллах боломж нөхцөл бүрдэх ач холбогдолтой юм.

Эдгээр шаардлага, нөхцөлийг үндэслэн УИХ-д Ёс зүй, сахилга хариуцлагын; Инновац, цахим бодлогын; Үйлдвэржилтийн бодлогын гэсэн гурван Байнгын хороог шинээр байгуулахаар төсөлд тусгасан байна.

1. Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо Төрийн байгуулалтын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд байсан зарим асуудлыг хариуцах юм.

Энэ байнгын хороо нь гишүүний ёс зүйн талаар баримтлах үндсэн зарчим, чиг баримжааг тодорхойлох, ёс зүйн зөрчил гаргасан гишүүнд хариуцлага оногдуулах, гишүүний ёс зүйн асуудлаар ирүүлсэн иргэдийн өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх; ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хуралдааны дэг, ирцийн асуудлыг эрхлэхээс гадна гишүүний хөрөнгө орлогын мэдүүлэг, хуулиар зөвшөөрөгдсөн албан тушаал хавсран гүйцэтгэхтэй холбоотой асуудал, мөн нийт төрийн албан хаагчдын ёс зүй, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр хууль тогтоомж, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, батлуулах, төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын бодлого, төрийн албаны бүх шатны ёс зүйн хороодыг удирдан чиглүүлэх чиг үүрэгтэй ажиллана.

2. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний зарим чиг үүргийг салган Инновац, цахим бодлогын байнгын хороонд хариуцуулна.

Төрийн алба, үйлчилгээг шуурхай, ил тод, хэмнэлттэй болгох, төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээ, тогтолцоог сайжруулах, иргэний мэдээлэл авах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө болон түүний хувийн мэдээллийн өгөгдлийн нууцыг хамгаалах, цахим мэдээллийн аюулгүй байдлыг хангах, мэдээлэл, харилцаа холбооны технологид суурилсан үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээг нэмэгдүүлэх, үндэсний мэдээллийн дэд бүтцийг хамгаалах чадавх бий болгох, энэ чиглэлээр мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэх, инновацид суурилсан бүтээгдэхүүнийг бий болгож үйлдвэрлэлийн хувь хэмжээ, нэр төрлийг нэмэгдүүлэх, дотоодод болон олон улсад өрсөлдөх чадвартай шинэ бүтээгдэхүүн, технологи, үндэсний брэнд бүтээгдэхүүн бий болгох, дижитал шилжилт, технологийн шинэчлэлийн эрх зүйн бодлогыг Инновац, цахим бодлогын байнгын хороо эрхлэх юм.

3. Эдийн засгийн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний зарим чиг үүргийг Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороонд хариуцуулахаар төсөлд тусгасан байна.

Монгол Улсад хөнгөн ба хүнд үйлдвэрлэлийн салбарын хөгжлийг түргэтгэх, хууль эрх зүйн орчныг сайжруулах, экспортын зах зээлийг дэмжих, түүхий эдийн чанар, бэлтгэлийн тогтолцоог бодлогын оновчтой зохицуулалтаар дэмжих, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлтэд чиглэсэн бодлого, хөгжүүлэлт хийх, санхүүгийн тогтвортой дэмжлэг үзүүлэх, холбогдох дэд бүтцийг сайжруулах, аж үйлдвэрийн цогцолбор, үйлдвэр, технологийн паркуудыг байгуулах зэрэг асуудлыг Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо эрхлэх юм.

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд Байнгын хороо 15-19 гишүүний бүрэлдэхүүнтэй байхаар заасныг өөрчилж, 11- 15 гишүүнтэй байхаар тусгасан байна.

Ялалтанд нэмэр болоогүй хүмүүс САЙД болсонд гишүүд бухимдаж байна
Ялалтанд нэмэр болоогүй хүмүүс САЙД болсонд гишүүд бухимдаж байна
 
НЭМГ: Баянхошуу амбулатори, хүүхдийн сэргээн засах Хан-Туул төв дээр тус бүр 50 орыг нэмэлтээр дэлгэнэ
НЭМГ: Баянхошуу амбулатори, хүүхдийн сэргээн засах Хан-Туул төв дээр тус бүр 50 орыг нэмэлтээр дэлгэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.