Хэн нь хэнийхээ ачийг санаж сайд болгосон, хэн хэнтэй нэг ангийнхан, хэн хэнтэйгээ ураг төрөл гэх мэт учир битүүлэг олон асуулт хариултаа нэхсээр үлдэв.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх шинэ танхимаа бүрдүүлж шинэ үндсэн хуулийн дагуу УИХ-ын чуулганы танхимд тангараг өргүүлж ажилдаа орлоо. Олон нийт болон улс төрийн хүрээнийхэн төдийлөн сайн танихгүй сайд нарыг “мэргэжлийн” гэж тодотгож байгаа ч УИХ-ын гишүүд өөр бодолтой байгаа бололтой.
Өчигдөр саарал ордноор дүүрэн гомдсон, гайхсан хүмүүс хоорондоо өрөө дамжин хов ярилцаж өнжсөн байна. Учир нь тэд энэ удаагийн танхимын томилгоонд төдийлөн сэтгэл хангалуун бус байгаа ажээ.
Энэ удаагийн УИХ-ын сонгууль томсгосон тойргоор явагдан сонгогдож гарч ирсэн МАН-ын 62 гишүүн эрвийх дэрвийхээрээ ажиллаж маш их зардал мөнгө, хүн хүч гаргаж нэлээд амаргүй тулаанд орж байж арай хийн ялалт авчирсан. Гэтэл энэ бүх хичээл зүтгэл нь талаар болж цөөхөн бүлэг хүмүүсийн дунд бүх асуудал шийдэгдэж байна. .
УИХ-ын сонгуульд хамаг байдгаа тавьж өрсөлдөж намдаа суудал авчирсан гишүүд ийм танхим бүрдүүлэхийн төлөө зүтгэсэн хэрэг үү гэх асуудлыг хөндөж байгаа гишүүд олон байгаа ажээ.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “сайд нар ялалт авчирсан гишүүдийг хүндэтгэж хамтарч ажиллаарай” гэж ил хэлснээс бусад нь яг ижилхэн бодолтой байгаа гэж ордны бор шувууд жиргэж байна.
“Намын гишүүн биш сайд нар оруулаад ирлээ” “энэ сайд нар намын ялалтын хаана явсан бэ”, “УИХ-ын гишүүдийг их дорд үзэж байна аа” “нэг жилийн настай засгийн газар байгуулагдлаа”, “өр дарсан засгийн газар байгуулагдлаа. Гэхдээ улсын гадаад дотоод өр биш ач санасан, урьд өмнөх өгөө аваагаа өгсөн засгийн газар боллоо”, “УИХ-ын гишүүдийн өмнө хүүхэд шиг сайдуудтай боллоо”, “МАН-ынхны хэргийг хаасан хуулийн том хүний дүү сайд боллоо” “энэ засаг удахгүй ээ. Гэхдээ хэсэг явуулья”, “нэг ангийнхан сайд болчихлоо” “хамаатнууд сайд болчихлоо. Ингэж болдог юм уу” гэх мэт гомдлууд саарал ордноор нэг шивэр авир хийлдэж харин шинэ сайд нар туйлын додигор тамга тэмдэгээ хүлээж авсан нэг өдөр өнгөрчээ.
Сайд гэдэг бол улс төрийн албан тушаал. Улс төрийн албан тушаалд улс төрийн хүчин хамтын бодлогоор зүтгэсэн хүмүүсээ томилох ёстой. Гэтэл намаас огт хамааралгүй хүмүүс ихээр орж ирлээ. Ядаж энэ сайд нараас УИХ-ын дөрвөн гишүүн, шадар сайд Я.Содбаатарыг эс тооцвол 2024 оны сонгуульд нэр дэвшиж өрсөлдөх, намаа төлөөлж олон нийтийн дунд үзэл бодол байр сууриа хэлж ярих чадвартай хүн нэг ч алга гэх шүүмжлэл зэрэгцээд тусгаар тогтнолын ордноос ч их хадаж байна.
Товчхондоо МАН-ынхан ууртай байна. Гэхдээ намын даргадаа итгэл хүлээлгэж, нэг хэсэгтээ харья гэж шийдэж буй бололтой. Хэн нь хэнийхээ ачийг санаж сайд болгосон, хэн хэн нэг ангийнхан, хэн хэнтэйгээ ураг төрөл гэх мэт учир битүүлэг олон асуулт хариултаа нэхсээр үлдэв.