Кремлийн сүлд модны наадам Монголд өнөөдөр эхэлж байна. Энэ наадам нь манай улсад 30 жилийн дараа болж байгаагаар онцлог юм.
Олон жилийн дараа сэргээн хийж буй Улаанбаатар хот дахь Кремлийн сүлд модны наадмыг ОХУ-ын чадварлаг найруулагч Валерий Шевченко найруулж, Монгол, Оросын 150 гаруй уран бүтээлч оролцож байна. Валерий Шевченко нь 2001 оноос 2013 он хүртэл Москва дахь Кремлийн сүлд модны наадмыг найруулан зохион байгуулж байсан туршлагатай нэгэн аж.
Улаанбаатар хот дахь Оросын Шинжлэх ухаан, соёлын төвд өнөөдөр эхэлж буй Кремлийн сүлд модны наадам энэ 12 дугаар сарын 28 хүртэл үргэлжилж, Монгол, Оросын хүүхэд багачуудыг баясгах олон гэнэтийн бэлэг хүлээж байгаа аж.
“Кремлийн сүлд модны наадмыг сэргээх талаар орос, монгол олон хүн манайд хандсан. Тэдгээр хүмүүс хүүхэд байхдаа “Кремлийн сүлд модны наадам”-д оролцож байснаас дурсан ярьцгааж байна.
Шинэ жилийн тухайн баярт онц сурлагатнууд болон авьяасаараа тодорсон хүүхдүүд оролцдог байсан энэхүү дурсамжит шинэ жилийг энэ жилээс бид сэргээн зохион байгуулж байна” гэж ОХУ-ын “Россотрудничество” агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Амгалан Базархандаев хэлэв.