Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Чойжин Ламын Сүм музейг иргэд өнөөдөр үнэ төлбөргүй үзэх боломжтой

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 34 секунд

СУРВАЛЖИЛГА: “Чойжин ламын сүм” музей үүд хаалгаа нээж “Үдшийн музей- 2021”  үйл ажиллагааг зохион байгуулж байнаОлон улсын музейн өдрийг тохиолдуулан "Музей тогтвортой байдал сайн сайхны төлөө" уриа дор өнөөдөр буюу тавдугаар сарын 18-нд Чойжин Ламын Сүм музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэхээр болжээ.

Тус музейн түүхийг сонирхуулахад, өдгөө Улаанбаатар хотноо цөөхөн үлдсэн Монголын бурхны шашны түүх, соёлд холбогдох хосгүй үнэт өвийн нэг нь Чойжин ламын сүм музей юм. Эрдэнэ билигт, тунгалаг бишрэлт хутагт Лувсанхайдавын шашин номын үйлд зориулсан анхны Занхан сүм, гэр өргөөг 1899-1901 онд байгуулсан боловч 1903 оны өвлийн сүүл сарын нэгэн шөнө гэнэтийн гал түймэр гарч тэрхүү гэр өргөө бүрмөсөн шатжээ. Иймээс тухайн үеийн тэргүүн зэргийн газар шинжээч лам нар “Далхын дэнж” буюу одоогийн Чойжин ламын сүм музей буй газрыг сахиус оршоох зан үйлд нэн тохиромжтой хэмээн шинжсэнээр 1904 оноос монгол, хятад урчуудын ур ухаан, хүч хөдөлмөр шингэсэн үзэмж төгөлдөр сүм, өргөө байгуулах ажлыг эхэлж, 1908 оны үед бүрэн дуусгажээ. Тус сүм өргөөг бурхан тахил, эдлэл хэрэглэлийн хамт бүтээн босгоход 69230 лан, 7 цэн, 8 пун мөнгө зарцуулсан байна.

Манжийн эрхшээлийн үед Монгол нутагт тавин таваас дээш тасалгаа буюу өрөөтэй сүм байгуулахад тухайн сүмд Манжийн хаан нэр шагнаж олгодог хуультай байсан учир 1906 онд Бадаргуулт төр хаан “Өршөөлийг хөгжүүлэгч сүм” хэмээх нэр шагнажээ. Гэвч уг сүм ард олны дунд “Чойжин ламын сүм” хэмээн эзэн Чойжин лам буюу Монгол төрийн сахиусны их гүдэнба Лувсанхайдавынхаа нэрээр алдаршсан юм.

1918 онд хутагт Лувсанхайдавыг жанч халсаны дараа ч тус сүмийн лам хуврагууд хурал номын үйл ажиллагаагаа таслалгүй үргэлжлүүлж, 1930-аад оны сүүл үед хүрчээ. 1930-аад онд төр, засгаас шашин, сүм хийд, лам нарын талаар хатуу бодлого баримтлан, ард олны шүтэж бишрэх эрх чөлөөг хязгаарлаж, сүм хийдийн үйл ажиллагааг хаажээ. Иймээс 1930-аад оны эцэст шашин номын үйл ажиллагаагаа бүрмөсөн зогсоосны олон сүм хийдийн нэг нь Чойжин ламын сүм байв. Гэхдээ тус сүмийн барилга байгууламж, бурхан шүтээн нь бусад олон дацан сүм хийд шиг устаж үгүй болоогүй юм.

Улмаар 1941 оны 10-р сарын 20-нд Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн хэсэг эрдэмтэн судлаачид БНМАУ-ын нутаг дэвсгэр дэх түүх соёлын зарим дурсгалыг улсын хамгаалалтад авах санал, “Хуучин зүйлийг сахин хамгаалах тухай дүрэм”-ийн төсөл боловсруулан Улсын Бага Хуралд өргөснийг тус хурлын Тэргүүлэгчид 1941 оны 11-р сарын 13-ны өдрийн 79-р тогтоолоороо баталж, Чойжин ламын сүмийн Ямпай хаалга буюу Халх хаалгыг улсын хамгаалалтад авсан байна.

1960 оны 4-р сарын 11-д МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооноос Чойжин ламын сүм, Богдын ногоон ордон буюу өдгөөгийн Богд хааны ордон музей, Гандантэгчинлэн хийд, Өндөр Жанрайсэг, Гэсэр сүм, чин ван Ханддоржийн өргөө зэрэг түүх соёлын дурсгалт газрыг улсын хамгаалалтад авч музей үзмэрийн газар байгуулах, сэргээн засварлах тухай 109 тоот тогтоол гаргасан юм.

Удалгүй 1961 оны 10-р сарын 09-ний өдөр БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 524 тоот тогтоол гаргаж, Чойжин ламын сүм, Богдын ногоон ордон зэргийг улсын нэгдүгээр зэргийн хамгаалалтад байх түүх-соёлын дурсгалт зүйлийн жагсаалтад оруулсан байна.

Тэрхүү музей болсон 1938 оноос 1961 он хүртэл тус музейг зөвхөн гадаадын томоохон зочдод төлөөлөгчдөд үйлчилдэг “Хаалттай музей” байсан бөгөөд 1961 онд 900 000 гаруй төсөв бүхий сэргээн засварлалтын ажлыг хийсний дараахнаас олон нийтэд нээлттэй үйлчлэх музей болжээ.

Чойжин ламын сүм музей нь 1968 он хүртэл Шинжлэх Ухааны Хүрээлэн буюу Шинжлэх Ухааны Академи, 1968 оноос Соёлын Яамны Музей Удирдах Газрын харьяанд ажиллаж байгаад 1990 оны 5 дугаар сарын 1-нд Музей Удирдах Газрыг татан буулгаж, музейнүүдийг түүх хувьсгал, түүх, түүх угсаатны зүй, байгалийн болон урлагийн хэмээн төрөлжүүлэн зохион байгуулахад Богд хааны ордон, Чойжин ламын сүм, Эрдэнэ зуу, Амарбаясгалант музейнүүд болон Жанрайсэгийн дуганыг Улс төв музейн мэдэлд шилжүүлсэн байна.

Гэвч 1992 оны 4-р сарын 03-ны Соёл, урлагийн хөгжлийн хорооны даргын 96 тоот тушаалаар “Шашны түүхийн музей”-г татан буулгаж Дүрслэх урлагийн музейн харьяа Шашны урлагийн салбар-музей болгон ажиллуулсан ч уг оныхоо намар Дүрслэх урлагийн музейг тусгаарлан дээрх музейнүүдийг дахин “Шашны түүхийн музей” болгон зохион байгуулсан байна.

Улмаар 2000 оны 1-р сарын 5-ны Гэгээрлийн сайдын 07 тоот тушаалаар Чойжин ламын сүм музейг бие даасан музей болгожээ.

Ийнхүү өдгөөгөөс 110 жилийн тэртээ байгуулагдсан Монгол төрийн их сахиусны гүдэнба, Эрдэнэ билигт тунгалаг бишрэлт хутагт Лувсанхайдавын шашин номын үйлийн их өргөө “Өршөөлийг хөгжүүлэгч” сүм музейн үйл ажиллагаа эрхэлж, Монголын түүх, шашин, соёлын дахин давтагдашгүй хосгүй үнэт өвийг хадгалан хамгаалан, судлан сурталчилж, дахин давтагдашгүй үзмэрүүд нь үзэгч олны мэлмийг мялаасаар байна.

ХНХ-ын сайд Х.Булгантуяа: Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн хүмүүст үйлчлэх эмнэлэгтэй болох шаардлагатай байна
ХНХ-ын сайд Х.Булгантуяа: Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн хүмүүст үйлчлэх эмнэлэгтэй болох шаардлагатай байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.