Засгийн газрын 25 тусгай сан байдаг. Гэвч ЖДҮ-г дэмжих сан, Боловсролын зээлийн сан, Тариалан эрхлэлтийг дэмжих сангуудаас албан тушаалтнууд албан тушаалаа урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох замаар зээл олгож, зээлийн хэрэгжилт хангалтгүй байгаатай холбоотой мэдээлэл их гарах болсон. Тиймээс тусгай сангуудыг шалгах, санал дүгнэлт гаргах ажлыг хэсэг байгуулагдсан бөгөөд ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг ахалж буй. Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Ганхуягтай ярилцлаа.
-Засгийн газрын тусгай сангуудад хяналт, шалгалт хийх ажлын хэсгийг та санаачлан байгуулсан. Тусгай сангуудыг цэгцлэх шаардлагатай гэж үзсэн үндэслэл тань юу байв?
-Ажлын хэсэг дөрөвдүгээр сарын 18-ны өдрөөс албажиж гарсан байгаа. Одоо дэд ажлын хэсгээ байгуулах гэж байна. Энэ жилийг Засгийн газар авлигатай тэмцэх жил болгон зарласан байдаг. Энэ ч агуулгаар Эрүүгийн хуулийн авлигын эсрэг заалтуудыг нэлээд чангатгасан. Тэгвэл авлигын нэг эх үүсвэр нь Засгийн газрын өөрийнх нь тусгай сангууд болон төрийн өмчит компаниуд байгаа юм.
Төрийн өмчийн компаниудын хувьд Хөрөнгийн биржид бүртгэлтэй болох, олон нийтэд ил тод болох зэрэг ажлуудад тогтоол гараад явж байна. Харин тусгай сангуудад хийх ёстой ажлууд үлдчихсэн. Өнөөдрийн байдлаар Засгийн газрын 25 тусгай сан байна. Аудитын тайлангуудтай эхнээс нь танилцаж байна. Цөөн тооны сангуудаас бусад нь аудитын хязгаарлагдмал дүгнэлт, сөрөг дүгнэлттэй хүртэл явж байх жишээтэй.
Сан гэдэг зүйл төсвийг дандаа данхайлгадаг. Анх байгуулахдаа нэг зорилго тавиад татварын тодорхой төрлүүдээс орлогыг бүрдүүлнэ гэж байгуулагддаг. Гэтэл цаана нь төсөв алдагдалтай батлагддаг шалтгаануудын нэг нь тусгай сангийн асуудал шүү дээ. Сан байж болно. Үүнийг хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ бусад улс оронд тусгай сангууд хугацаатай байгуулагддаг. Зорилго, зорилтуудыг тодорхой зааж өгсөн байдаг. Тодорхой хугацааны дараа сангууд УИХ-д үр дүнгээ тайлагнаж үүргээ гүйцэтгэсэн бол татан буугддаг жишиг бий. Харамсалтай нь, манай улсад тусгай сангийн хууль эрх зүйн орчин хангалтгүй байгаагаас хяналт сул, зориулалт алдагдсан байна.
"ХААДС-ийн чанаргүй зээлийн үлдэгдэл 153 тэрбум төгрөгт хүрч, 179 тэрбум төгрөг тооцоо нийлээгүй байна"
-Аудитын байгууллагын хийсэн дүгнэлтүүдтэй танилцаж байна гэлээ. Эхний байдлаар зорилгынхоо дагуу үүргээ гүйцэтгэж байгаа хэдэн сан байгаа вэ. Мөн сөрөг дүгнэлт гарсан ямар сангуудад асуудал үүссэн гэж харж байна?
-Аудитын газрын дүгнэлтийг харж байхад эхний байдлаар нийт 25 тусгай сангийн гурав нь зорилгынхоо дагуу үүргээ хэвийн гүйцэтгэсэн байна. Үлдсэн 22 тусгай санд ижил төстэй том асуудал үүссэн байгааг хянаж байгаа. Тухайлбал, утасны сүлжээний антен орон нутагт байршуулах сан хүртэл байдаг. Бүх аймгуудад тавигдсан хэр нь сан нь хэвээрээ байж байна. Ингэхээр зарцуулалт нь анх байгуулагдсан зорилгоосоо өөрчлөгдөж зориулалтын бусаар зарцуулагдчихсан байгаа юм.
Мөн эргэн төлөлтүүд нь асар муу болчихсон сангууд ч байна. Тэдгээрийн нэг нь Хөдөө аж ахуйг дэмжих сан. Зээлийн эргэн төлөлт нь 7 хувь байх жишээтэй. Нийт 9000 чанаргүй зээл гаргаж, хүлээгдэж буй өр төлбөрийн үлдэгдэл 153 тэрбум төгрөгт хүрчихсэн. Үүнээс гадна 179 тэрбум төгрөг тооцоо нийлээгүй гэж дүгнэгдсэн байна. Тооцоо нийлээгүй гэдэг нь сангаас зээл гарсан гэсэн тэмдэглэгээтэй хэр нь зээлдэгч талын авсан мөнгөний тооцоотой нийлээгүй байна гэсэн үг.
Эндээс тухайн санхүүгийн хэлтсийн ажилчид алдаа гаргасан уу, эсвэл зээлийн мөнгө зориулалтын дагуу зарцуулагдаагүй юу гэдэг нь асуултын тэмдэг. Тиймээс Хөдөө аж ахуйг дэмжих сан Аудитын шалгалтаар сөрөг дүгнэлттэй гарсан байгаа юм. Ийм байхад тус сан цаашид үйл ажиллагаагаа хэвийн ажиллуулж чадах уу гэдэг нь эргэлзээтэй.
Хүмүүсийн сайн мэдэх дараагийн сан бол ЖДҮХС байгаа. Зээлийн эргэн төлөлт нь 41 хувьтай. Зээлийн муу ангилал нь 108 тэрбум төгрөгт хүрсэн байна. 254 тэрбум төгрөгийн авлага дээрээ тооцоо нийлээгүй байна.
Хамгийн сүүлд олон нийтийн нэлээд шүүмжлэлийг дагуулсан Боловсролын зээлийн санд зээлийн эргэн төлөлт 20 хувьтай байна гэх мэт сангуудын зарцуулалт, эргэн төлөлт хангалтгүй үнэлэгдсэн асуудлууд бий. Бид эдгээрт санал дүгнэлтүүдээ бэлдэнэ. Зарим сангууд үүргээ гүйцэтгэсэн байгаа учраас татан буулгах шаардлагатай гэдэг саналаа гаргана. Цаашид сан байгуулах болбол хугацаа, зээлийн хязгаар, зориулалтыг нь илүү тодорхой болгож, хяналтыг сайжруулах шаардлагатай гэдгийг тусгана.
Мөн тусгай сангуудын тоог багасгах, төсвөөр хэлэлцэгдэж шийдэгддэг байх ёстой. Улсын төсвөөр шийдэгдэнэ гэдэг нь ил тод байх, хяналт илүү сайжрах боломж бүрдэнэ. Гэтэл одоогийн хуулиараа төсвөөс шууд сангууд руу санхүүжилт очдог. Эргээд хяналт сул байгаагаас зориулалтаасаа хазайдаг зэрэг асуудлууд үүсэж багаа юм. Тусгай сангууд цаашид төсөв хайрцаглах ёсгүй.
-Тусгай сангуудад хийсэн хяналт шалгалтын материалуудтай танилцах явцад зориулалтын дагуу ажилласан сангуудыг нэрлэвэл?
-Одоогоор аудитын дүгнэлтийг үндэслэж анхан шатны мэдээллүүдээр л дээрх асуудлууд дөнгөж гарч ирж байна. Цаашид сан тус бүрийн материалтай дэлгэрэнгүй танилцахаар нарийвчилсан мэдээллүүд ил болох юм. Урьдчилсан байдлаар гурван сан зорилгынхоо дагуу хэвийн ажиллаж байна. Үүнд Засгийн газрын нөөц сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Нийгмийн халамжийн сан харагдаж байгаа.
-Ажлын хэсэг цаашид энэ асуудалд ямар байдлаар ажиллах вэ. Шинжээчид гаргаж ажиллах уу?
-УИХ-ын Тамгын газрын дэргэд Төсвийн хянан шалгах хэлтэс гэж байдаг. Тэндээс мэргэжилтнүүдийг татаж оролцуулна. Хараат бус хуульчдыг болон хараат бус шинжээчид ажиллуулахаас гадна Сангийн яамнаас холбогдох хүмүүсийг давхар оролцуулахаар төлөвлөж байна.
Засгийн газрын тусгай сангийн төрөл:
1.Байгаль орчин, уур амьсгалын сан;
2.Боловсролын зээлийн сан;
3.Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан;
4.Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан;
5.Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан;
6.Засгийн газрын нөөц сан;
7.Зэвсэгт хүчний хөгжлийн сан;
8.Ирээдүйн өв сан;
9.Кино урлагийг дэмжих сан;
10.Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сан;
11.Нийгмийн даатгалын сан;
12.Нийгмийн халамжийн сан;
13.Соёл, урлагийг дэмжих сан;
14.Спортыг дэмжих сан;
15.Төсвийн тогтворжуулалтын сан;
16.Улсын авто замын сан;
17.Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан;
18.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан;
19.Хөдөө аж ахуйг дэмжих сан;
20.Шинжлэх ухаан, технологийн сан;
21.Эрүүл мэндийг дэмжих сан;
22.Эрүүл мэндийн даатгалын сан
23.Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сан /Энэ заалтыг 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./
24.Хүүхдийн төлөө сан /Энэ заалтыг 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн./
25.Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сан /Энэ заалтыг 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./