Бангкок хотын “Лумпини” цэнгэлдэх хүрээлэнд Азийн холимог тулааны "One championship" холбооны "ONE Lumpinee-13" арга хэмжээ болов. Тус тэмцээнд "Road to ONE Mongolia" шоуны ялагч, "MGL-1" Холбооны аварга, "Team Tunga" баг, "Шандас ММА" клубийн тамирчин Баатархүүгийн Энх-Оргил анхны тулаанаа Филиппин улсын тамирчин Адонис Севилленотой хийлээ.
Манай улсын тамирчин гурван үеийн турш илүүрхэж шүүгчдийн саналаар ялалт байгуулжээ.
“ONE Championship” холбооны албан ёсны "Road to ONE: Mongolia" реалити шоу өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Монгол Улсад анх удаа зохион байгуулагдсан. Тус шоуд Б.Энх-Оргил ялснаар “ONE Championship” холбоотой 100 мянган ам.долларын гэрээ хийх эрхтэй болсон байдаг.