Ардчилсан намын дарга Лу.Гантөмөртэй намынх нь нэгдэн нийлэх процесс болон сонгуулийн тухай хууль зэрэг цаг үеийн асуудлаар ярилцлаа.
"АН-ын 99 хувь нь нэгдсэн. Үлдсэн нэг хувьдаа хүндэтгэлтэй хандана"
-Арчилсан нам 33 жилийн ойгоо тэмдэглэлээ. Сөрөг хүчний хувьд нийгмээс хариуцлага шаардсан он жилүүдтэй тулгарч байна. Ямар зорилтуудыг тавьж байгаа вэ?
-Ардчилсан намын үе үеийн гишүүд өнгөрсөн 33 жилийн алдаа, оноогоо дүгнэж, ирээдүйн зорилгоо тодорхойллоо. Бидний хамгийн түрүүнд тавьж байгаа зорилт бол хөгжил. Хөгжилд хүрэхийн тулд хувийн хэвшлээ дэмжих. Хувийн хэвшилд тулгарч байгаа татвар, торгууль, дүрэм журам, зөвшөөрөл, тендерийн дарамтуудыг зогсоохын төлөө ажиллахаас гадна төрд шургалсан хурган дарга нарын дарамтуудаас эхлээд цэгцлэх болно. Цаашлаад төр хувийн бизнесийг дарамталдаггүй дэмждэг бодлого руу явна.
Хоёрдугаарт төрийг чадварлаг, оюунлаг болгох шаардлагатай байна. Төр бол оюун ухааны өндөр чадвартай, цомхон байх хэрэгтэй.
Гуравдугаарт, авлигатай мэдээж тэмцэх ёстой. Авлигыг устгахын тулд улс төрийн нам нь зөв байх ёстой. Хандив, санхүүжилт нь шилэн байж, үйл ажиллагаа нь тодорхой байх шаардлагатай. Нам зөвхөн гишүүд рүүгээ чиглэсэн үйл ажиллагаа явуулах биш, нийгэм рүү чиглэж, нийгэмтэйгээ ярилцаж санал бодлоо хуваалцдаг байх чиглэл рүү шилжинэ.
Дараа нь бид Монголын оюунлаг, эрүүл ирээдүйг бий болгохын тулд эрүүл мэндийн салбарыг босгож ирэх ёстой. Үүнд маш тодорхой, ажил, төлөвлөгөөг бид зарлана. Боловсролоо бид дэлхийн жишигт хүргэнэ. Ингэж байж Монгол орон цаашдаа тогтвортой хөгжинө гэдгийг хэлмээр байна.
-Иргэд, сонгогчдын улс төрийн намуудаас хүсэж шаарддаг зүйл нь ядуурлаас гаргах, нийгмийн давхаргыг арилгах, ажлын байр бий болгох зэрэг суурь хэрэгцээ шаардлагад тулгуурласан зорилт, мөрийн хөтөлбөрүүдийг их анхаардаг. АН хүн амын суурь хэрэгцээ шаардлагыг хангахын тулд ямар стратегийн бодлогуудыг дэвшүүлж байгаа вэ?
-Энэ маш чухал. Юун түрүүнд бид эдийн засгийн хүлээснээс гарахын тулд хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлд гарц, шийдэл хайх ёстой. Бизнесийн орчныг сайжруулж, татварын дарамтыг бууруулснаар аяндаа хөдөлмөрийн насны хүмүүсийн ажиллах орчин нөхцөл бүрдэнэ. Ингэснээр үр өгөөж нь эдийн засгийн өсөлтийг хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой болно. Ингэхгүйгээ бид хүмүүсийн орлогыг сайжруулж, ядуурлаас өргөс авсан мэт гарчихна гэж ойлгож болохгүй. Эсвэл халамжийн аргаар мөнгө тараах зарчмаар ядуурлаа нэмээд явж болохгүй.
-Та Ардчилсан намын даргаар сонгогдсоноос хойш хоёр сарын хугацаа өнгөрсөн. Намынхаа дотоод асуудлыг цэгцэлж, гишүүдээ нэгдсэн бодлогоор зангидаж чадаж байгаа юу?
-Намын дотоод асуудал эхнээсээ эмх цэгцдээ орж байна.УИХ дахь манай намын бүлэг бүтэн байгаа.
Саяхан Д.Ганбат дарга О.Цогтгэрэл даргад өрөөгөө хүлээлгэж өгсөн. Бүлгийн хурал ирц бүрэн хийгддэг болсон. Намын хувьд одоо дотоод зохион байгуулалтын ажлуудаа эхлүүлнэ. Бид дотоод зохион байгуулалтын ажлаа орчин цагт нийцсэн байдлаар хийнэ. Улс оронд тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэхийн тулд МАН-тай бодлогын өрсөлдөөнд орж чадах. Эрх баригч намаас ялгарах бүтцийг бий болгоно. Дотоод зөрчил арилсан гэж хэлж болно.
-С.Эрдэнэ даргатайгаа ойлголцсон гэсэн үг үү?
-Нэг хүнийг бүтэн намаар харж болохгүй. Ардчилсан намын 33 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээнд хэчнээн гишүүд маань ирснийг харсан байх. Бараг 99 хувь нь цугласан. Гэхдээ үлдсэн нэг хувьдаа бид хүндэтгэлтэй хандах ёстой.
-Намын бүтэц, зохион байгуулалтад тун удахгүй өөрчлөлт хийнэ гэж ярилаа. Генсекийг шинээр томилох уу? Одоо бол Ч.Өнөрбаяр дарга байгаа. Гэвч Үндэсний бодлогын хорооны гишүүд чинь дэмжихгүй байгаа гэх. Хэрвээ солих бол ямар дараагийн ЕНБД хэн байх асуудлыг ярилцсан уу?
-Хүний нөөцийн бодлогод намын дарга чиглэлээ гаргаад явах ёстой шүү дээ. Тэгэхээр бид дотоод зохион байгуулалтын асуудлаа тодорхой болгохын өмнө эхлээд бүтцээ төлөвлөх шаардлагатай байна. Бид ард түмэн, төр хоёрыг холбосон гүүр байх ёстой. Гүүр болох бүтцийг угсарсны дараа гал тогоог нь хэн барих вэ гэдэг асуудлыг ярина.
"Сонгуулийн холимог системийг хүлээн зөвшөөрч 38:38 гэсэн харьцааг баримтална "
-Энэ долоо хоногт УИХ-ын ээлжит чуулганаар Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх гэж буй. Танай намаас хуулийн төсөлд зарчмын зөрүүтэй санал гаргасан учраас бие даасан хууль боловсруулснаа УИХ-ын даргад мөн өргөн барьсан. Хуулийн ямар өөрчлөлтүүд дээр санал нэгдэж чадахгүй байгаа вэ? Танай намаас гаргаж байгаа саналууд юу байсан вэ?
- Сонгуулийн хууль дээр бидний дэвшүүлж байгаа санал бол сонгуулийг шударга болгох явдал. Шударга сонгууль явуулахын тулд бэхэн тэмдэглэгээг заавал хийе гэж байгаа. Мөн сонгогчдын нэрсийн жагсаалтыг Улсын бүртгэлийн газраас нэгдсэн байдлаар гаргаж сонгуулийг ил тод явуулах ёстой гэсэн зарчимтай байгаа.
Мөн СЕХ тэгш төлөөллийн зарчмаар ажиллах ёстой гэх мэт тодорхой саналуудыг гаргасан. Хувь тэнцүүлсэн системийг бид хүлээн зөвшөөрч байгаа. Ард түмний санал гээгдэхгүй парламент бүрдэх ёстой гэдэг утгаараа дэмжиж байгаа.
-Холимог системд эрх баригч намаас санаачлан боловсруулсан хуулийн төсөлд 50:50 зармаар явуулахыг тусгасан. Гэтэл танай намын боловсруулсан хуулийн төсөлд 48:28 буюу намын жагсаалтаар орох нэр дэвшигчид 28 байх ёстой гэж үзсэн. Яагаад ийм санал гаргасан бэ?
- 48:28 гэдэг санаа хуулийн төсөл боловсруулж байх үед АН-ын бүлгийн олонхоос гарсан санал. Намын байр суурь бол 38:38 гэсэн байр суурьтай байгаа.
-Намын жагсаалтаар орж ирэх гишүүдэд хэрхэн шүүлтүүртэй хандах шаардлагатай вэ?
-Намын жагсаалтаар нэр дэвших хүмүүс нийгмийн төлөө л байх ёстой. Залуу хүн ч байх ёстой. Туршлагатай нь ч байх ёстой. Нэр цэвэр хүмүүс байх хэрэгтэй. Манай намын хувьд намынхаа үнэт зүйлийг тээж чаддаг. Парламентад бодлого тодорхойлох чадвартай. Нийгэмдээ хүлээн зөвшөөрөгдөх тийм л хүнийг жагсаалтаар оруулна.
-Засгийн газраас авлигатай тэмцэх зорилтын хүрээнд “5ш” ажиллагааг зохион байгуулж байна. Сөрөг хүчний хувьд үүнд ямар байр суурьтай харж байна даа?
-Ер нь хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд төр дарамт учруулж болохгүй. Хууль хяналтын байгууллагыг Засгийн газар чиглүүлдэг байж болохгүй. Засгийн газар өнөөдөр ард түмний амьдралыг яаж босгох тухай ажиллах хэрэгтэй. Яавал өнөөдөр авлига гарахгүй байх вэ гэдэг талаас нь ажиллах ёстой.
Тухайлбал Эрдэнэс Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг баривчилсан. Сайн байна. Эрдэнэс Тавантолгой ХК-ийн дараагийн захирлыг яах гэж байгаа юм. Дараа нь томилогдох хүмүүс ил тод, нээлттэй ажиллаж чадаж байна уу, үгүй юу. Тус компанид хулгай дахиж гарахгүй гэдэг баталгааг л өгөх ёстой. Мөн өнөөдөр “”Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Төмөр замд хулгай гарахгүй гэдэг баталгааг өг. Тендерүүд ил тод болно гэдэг баталгаагаа мөн өг.
Тэгтэл өнөөдөр аквариумд нь баахан жижиг жараахай тэжээгээд ганц нэг тул сугалснаараа шоу хийгээд тархи угаагаад байж болохгүй шүү дээ. Тэмцвэл бодитой тэмцэх хэрэгтэй. Ерөөсөө авлига огт гардаггүй улс болох ёстой байхгүй юу. Тийм нөхцөлийг бүрдүүлэх үүрэг нь засаг, төрийн ажил. Хууль хяналтын байгууллагад нөлөөлж, дарамтлаад үг хэлж байгаа Д.Монголхүү, Д.Мөнх-Эрдэнэ мэт хүмүүсийг барьж хориод ирэхээрээ л худлаа гэж хэлмээр байна.
Б.Мягмарсүрэн