Улс төрийн сөрөг хүчин болох Ардчилсан намыг 2017 оноос эхлэн С.Эрдэнэ удирдах болсон билээ. Тэгвэл түүнээс хойших хугацаанд Ардчилсан намын шинэ даргын сонгууль нийт 7 удаа болж үүнд 22 хүн нэр дэвшин өрсөлдөж байжээ.
Тодруулбал, 2020 оны 4 дүгээр сард Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо (ҮБХ) ээлжит бусаар хуралдаж, тус намын дэд даргаар Ц.Тувааныг томилсон байдаг. Үүнээс гурван сарын дараа буюу 2020.07.08-нд анх Ардчилсан намын дарга С.Эрдэнэ намын үндсэн дүрэмд зааснаар гэж үзэн өөрийнхөө тамга тэмдгийг Ардчилсан намын дэд дарга болох Ц.Туваанд гардуулан өгсөн түүхтэй. Гэвч Улсын дээд шүүх намын даргад С.Эрдэнийн бүртгэлийг сэргээлгэх болон Ц.Тувааныг намын даргын үүрэг гүйцэтгэгчээр бүртгэх хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байдаг. Мөн оны 9 дүгээр сард Ардчилсан намын даргад О.Цогтгэрэл нэр дэвшиж байжээ.
Үүний дараа 2021 оны 3 дугаар сард Ерөнхийлөгч асан Х.Баттулгын талаас дөрвөн хүн АН-ын даргад нэр дэвшин өрсөлдсөн нь УИХ-ын гишүүн, АН-ын гишүүн О.Цогтгэрэл, АН-ын гишүүн Д.Пүрэвдаваа, С.Эрдэнэболд, О.Амартүвин нар байв. Дээрх нэр дэвшин өрсөлдсөн гишүүдээс УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл үнэмлэхгүй санал авч сонгогдсон боловч УДШ Ардчилсан намын даргад бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн байдаг.
Мөн оны 3 дугаар сард Ардчилсан намын даргад С.Эрдэнийн талаас таван хүн нэр дэвшин өрсөлдсөн нь АН-ын гишүүн Л.Уртнасан, Л.Гүндалай, Ц.Оюунгэрэл, Ч.Өнөрбаяр, М.Тулгат нар байжээ. Нэр дэвшин өрсөлдсөн эдгээр хүмүүсээс М.Тулгат олонхийн санал авч АН-ын даргаар сонгогдсон боловч мөн л УДШ бүртгэж авахаас татгалзаж шийдвэрлэсэн байдаг.
Дээрхээс жилийн дараа буюу 2022 оны 3 дугаар сард Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нар нэр Ардчилсан намын даргын сунгаанд нэр дэвшин өрсөлдөж санал хураалтад АН-ын 118 мянган гишүүн оролцож, Ерөнхийлөгч асан Х.Баттулга 96.3 хувийн саналаар үнэмлэхүй ялалт байгуулсан байдаг.
2023 оны нэгдүгээр сард С.Эрдэнийн тал намын даргын сунгаагаа зарлаж нийт долоон хүн намын даргад нэр дэвшсэн билээ. Тодруулбал, АН-ын гишүүн Т.Энхсайхан, Л.Гүндалай, Н.Болдбаатар, Д.Ганбат, Д.Ганбаяр, Сугарсүрэн, Эрдэнэсувд нар нэр дэвшин өрсөлдсөнөөс УИХ-ын гишүүн, АН-ын ҮБХ-ны дарга Д.Ганбат олонхийн саналаар Ардчилсан намын даргад ялалт байгуулж УДШ-д албан ёсоор бүртгүүлэх өргөдөл гаргасан байсан ч
Хүсэлтэд хавсарган ирүүлсэн баримтуудаас үзвэл Ардчилсан намын дарга гэх С.Эрдэнэ 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн А/06 дугаар тушаалаар “намын даргыг сонгох сунгаа”-г зарласан нь тус намын Үндсэн дүрмийн 5.17.4-т нийцээгүй, тус намын даргын бүрэн эрхэд хамаарахгүй асуудал байна.
Түүнчлэн ирүүлсэн баримтууд нь дараах байдлаар шаардлага хангаагүй гэж үзэв.
-“Үндэсний бодлогын хорооны 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор намын ээлжит бус XVI Их хурлыг товлон зарлаж, хэлэлцэх асуудлыг тогтоосон” гэх боловч Үндэсний бодлогын хорооны уг хуралд оролцсон гишүүдийн нэрс тодорхойгүй, уг гишүүд нь хуралдаанд ямар хэлбэрээр оролцсоныг баталгаажуулсан баримтыг ирүүлээгүй байх тул Үндсэн дүрмийн 5.12.2-т заасан “... Их хурлын ээлжит, ээлжит бус хуралдааныг Үндэсний бодлогын хорооны нийт гишүүдийн ердийн олонх /50-аас дээш хувь/-ын саналаар ... хуралдуулна” гэснийг хангаагүй;
-Дотоод сонгуулийн хорооны хуралдааны ирц, гарсан шийдвэрийн хүчин төгөлдөр байдал тодорхойгүй /ирцийн бүртгэл, хуралдааны тэмдэглэл байхгүй/ нь Үндсэн дүрмийн 5.22.5.10-д “...хуралдааны тэмдэглэл...” хөтлөх, 5.22.5.12-д “...10-аас дээш гишүүний ирцтэйгээр эхэлж, ердийн олонхын саналаар шийдвэрээ гаргана” гэснийг хангаагүй;
-Цахим сонгуульд “... 79489 гишүүн санал өгсөн” гэх боловч гишүүдийн нэрс байхгүй, сонгуульд оролцсоныг нь баталгаажуулсан баримтгүй;
-Ардчилсан намын ээлжит бус XVI их хуралд оролцсон төлөөлөгчдийн ирцийн бүртгэл гэх баримтад танхимаар оролцсон гэх гишүүдийн гарын үсэг байхгүй, цахимаар хийсэн хурлын явцыг баталгаажуулсан баримт байхгүй нь Үндсэн дүрмийн 4.3.5.1-д “...ердийн олонх”-оор ирц бүрдэх, 4.4-т “... шийдвэр нь ердийн олохын саналаар хүчин төгөлдөр болно” гэснийг хангаагүй тул Ардчилсан намын даргаар бүртгэхээс татгалзаж шийдвэрлэжээ.
2023 оны 1 дүгээр сард Ардчилсан намын даргын сонгуулийг хоёр талд зохион байгуулсан бол Х.Баттулгын гэх Ардчилсан намаас С.Баярцогт, Лу.Гантөмөр, Н.Нарантуяа, С.Одонтуяа нар АН-ын даргад нэр дэвшин өрсөлдсөн бөгөөд ҮБХ-ны 357 гишүүний 152 гишүүний саналаар Лу.Гантөмөр АН-ын даргаар сонгогдож намын Их хурлаар түүнийг албан ёсоор намын даргад батламжилсан байдаг. Улмаар УДШ-д түүний намын даргад бүртгүүлэх өргөдлийг 01-р сарын 27-ны өдөр гаргасан байдаг. Тэгвэл өчигдөр буюу 2023.02.09-ны өдрийн УДШ-ийн нйи шүүгчдийн хуралдаанаар Лу.Гантөмөрийг албан ёсоор Ардчилсан намын даргад бүртгэж шийдвэрлэв.
Дээрхээс харвал 2020 оноос хойшх хугацаанд ардчилсан намын даргын сонгууль нийтдээ 7 удаа зохион байгуулагдаж 22 хүнээс давхардсан тоогоор О.Цогтгэрэл /2020, 2021 он/, Л.Гүндалай /2021, 2023 он/ нар хоёр удаа сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байсан байна. Түүнчлэн дээрх хүмүүсээс Лу.Гантөмөр Ардчилсан намын даргад нэг удаа өрсөлдөн ялалт байгуулж хууль ёсны Ардчилсан намын дараагийн шинэ даргаар ажиллахаар болж буй юм.
Товчоор хэлбэл, АН өнгөрсөн хугацаанд маш хүнд цаг хугацааг тулж сая нэг юм олонх нь нэгдэж, албан ёсны даргатай боллоо.
Б.Мягмарсүрэн