Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгож буйтай холбогдуулан иргэдийн бүртгэлийн мэдээлэл зөрүүтэй асуудал үүсээд буй. Үүнээс болж зарим өрхийн хүүхдүүд мөнгөн тэтгэмжээ авч чадахгүйд хүрээд байгаа юм. Тиймээс энэ асуудлаар иргэдийн байр суурийг сонслоо.
Б.Бат-Отгон "Дарга нар ард иргэдийн хүүхдүүдийг өөрсдийн хүүхдүүд шигээ амьдардаг гэж бодож байгаа бол том эндүүрэл. Тэс өөр хоёр ертөнцөд амьдарч байна. Үүнийг дарга нар огт ойлгохгүй байна. Өөрсдөө биечлээд нэг айл дээр очиж судалгаа хийж үзсэн болов уу. Сонгууль дөхөхөөр ард түмнээ гэчихээд сонгууль өнгөрөхөөр таг мартдаг. Сонгуулийн үеэр хэдэн төгрөг атгуулж, иргэдийнхээ саналыг худалдан авч, иргэдийн мөнгөний боол болгож байна. Сонгуулиар тарааж байгаа мөнгөө хүүхдүүдэд тараадаг бол хэчнээн сайхан бэ. Хүүхдийн мөнгөн дээр ингэж харамлах шаардлага байна уу"
Иргэн н.Баасанбат "Яагаад иргэдийг залхаан цээрлүүлсэн, төвөг удсан шийдвэрийг байнга гаргадаг юм бол. Өөрсдөө болохоороо нүүрс хулгайлж, хэдэн тэрбумаар нь иддэг хэрнээ хүүхдүүдээсээ хүүхдийн мөнгө харамлаад байж болохгүй. Хүүхэд бол хүүхэд шүү дээ. Тэднийг ялгаж болохгүй. Бүх хүүхдэд мөнгийг нь адилхан олгох хэрэгтэй"
Иргэн н.Мөнхцэцэг "УИХ маш утгагүй хууль баталсан байна. Энэ хуулийн төсөл дээр бодит байдлаас маш их хөндийрсөн, аливаа зүйлийг мухардуулсан шийдэл бодож олдог хүмүүс ажилласан гэж харагдахаар байна. Хүүхдийн мөнгө бид хүүхэддээ л зориулахаар хадгалдаг шүү дээ"
Иргэн н.Эрдэнэчимэг "Эдийн засаг ямар байгаа билээ. Иргэдийнхээ амьдралд нийцсэн шийдвэр гаргамаар байна. Иргэдийн мэдээлэл зөрүүтэй байгаагаас улбаалж, ажлаа орхиод халамж явах уу, халамж руугаа явахаа болиод ажлаа хийх үү гэсэн хоёр сонголттой тулгараад байна. Цахимаар бүртгэж байгаа гэнэ. Хүн болгон ухаалаг утсыг ашиглаж чадахгүй. Мөн ухаалаг утасгүй ч хүмүүс олон байна"
Иргэн н.Билэгсайхан "Бүртгэлийн алдаагаа засуулах гэхээр маш ойлгомжгүй, гацсан, алдаа заасан байдалтай байна. Хэдэн апплейкшн, систем нь ойлгомжтой бол цахимаар бүртгүүлж болж л байна. Уйддаг юм уу гэлтэй хачин шийдвэр гаргах юм. Ийм утгагүй зүйл хийхээ болих хэрэгтэй"
Иргэн н.Чойжилсүрэн "Хүүхдийн 100.000 төгрөг жилээс жилд үнэгүйдэж байна. Гэтэл энэ мөнгийг өгөхгүй харамлаад байх юм. Өөрсдөө хулгай хийхээрээ хэдэн саяар нь авдаг байж, хүүхдүүдээсээ мөнгө харамлах хэрэггүй. Бүх хүүхдэд мөнгийг нь олгох хэрэгтэй"
Иргэн н.Пүрэвмаа "Хүүхдийн мөнгийг хүүхэддээ, хүүхдийнхээ боловсролд л зарцуулдаг байтал өгөхгүй гэхээр нь дургүй хүрч байна. Хүүхэд бүр тэгш эрхтэй гэдгийг хуулин дээр бичээд баталчихсан байна. Тэгсэн хэрнээ 90 хувьд нь олгоно хэмээн ялгаж байна шүү дээ" гэлээ.
О.Оюундарь