Хүйтний эрч чангарч эхлэх үед Улаанбаатар хотын хувьд олон асуудал тулгардаг. Үүний нэг нь автобусны хүртээмж. Улаанбаатар хот эрс тэрс уур амьсгалтайгаас гадна хамгийн хүйтэн хотуудын тоонд зүй ёсоор ордог. Жил бүрийн өвлийн улиралд иргэд гар, хөлөө бээртэл олон минутаар автобус хүлээн зогсдог. Удаан хүлээсэн автобус нь арай гэж ирэхэд дүүрэн хүнтэй багтахгүй үлддэг. Энэ мэт жил бүр автобусны асуудал хөвөрсөөр байна.
UBN.mn сайт иргэдээс энэ жил автобусны хүртээмж, хоорондын зай ямар байгаа талаар хөгжим бүжгийн коллежийн автобусны буудлаас сурвалжилснаа хүргэе.
Биднийг хөгжим бүжгийн коллежийн автобусны буудал дээр очих үед 17 цаг 20 минут болж байв. Энэ үеэр ихэнх иргэдийн ажил, хичээл тардаг. Нөгөө талаар өдрийн хамгийн ачаалалтай цаг гэсэн үг. Хүүхдээ хөтлөн автобус ирэх зүг рүү өнгийн харсан иргэд дараалан зогсжээ.