“Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах” ерөнхий хяналтын сонсголд Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийсэн. Энэ үеэрээ тэрбээр "Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн. 21 компани 1 сая тонн нүүрс илүү экспорт хийсэн, 12 компани 515,000 тонн нүүрс эх үүсвэргүй экспортлосон, 86 компанийн 2527 машин ачаагүй гэж удаа дараа гарсан. 3758 автомашин 379,000 тонн нүүрс Гаалийн мэдүүлэггүй гаргасан гэх гомдлуудыг Хуулийн байгууллагад хандсан" гэлээ.
Тодруулбал, 2010-2011 онд улсын хилээр 3758 тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн 379 мянган тонн нүүрсийг гаалийн бүрдүүлэлт хийлгүй гаргасан байж болзошгүй байна. Мөн, 2013-2017 оны хооронд нүүрс тээвэрлэгч 86 аж ахуйн нэгжийн 2,527 тээврийн хэрэгсэл 17,149 удаа улсын хилээр хоосон гарсан, Тавантолгой ХК-аас экспортын бүрдүүлэлт хийж гаргасан нүүрсний хэмжээ тус компанитай байгуулсан 21 аж ахуйн нэгжийн худалдах, худалдан авах гэрээнд заасан хэмжээнээс 1.0 сая тонноор илүү гарсан, 12 аж ахуйн нэгж эх үүсвэр нь тодорхойгүй, гэрээгүй 515 мянган тонн нүүрс экспортлосон зэрэг асуудлууд тогтоогдсон гэх мэдээллийг одоогийн ГЕГ-ын дарга Р.Отгонжаргал өчигдөр сонсголын үеэр мэдээлсэн юм.