Нүүрсний хулгайн хэрэгт нэр нь зарлагдаад буй Ерөнхийлөгч асан Х.Баттулга өнгөрсөн баасан гарагт АТГ-т мэдүүлэг өгсөн. Түүнийг нүүрсний хэрэгт яллагдагчаар татагдан шалгаж байгаа хэмээн ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлсэн юм. Гэвч Ерөнхийлөгч асан Х.Баттулга нь өнгөрсөн ням гарагийн өглөөний 10.00 цагийн орчимд БНСУ-ыг зорьсон нь хуулийнхнийг хүндхэн байдалд оруулсан. Учир нь түүнд хилийн хориг тавьсангүй, яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа хүнийг хил давууллаа гэх шүүмжлэлд өртсөн юм.
Тэгвэл уг асуудалд АН-аас мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд
"Нүүрсний хулгайн хэрэгт шууд болон шууд бусаар хамааралтай байж болзошгүй хэмээн АТГ-аас 17 хүний нэрийг зарласан. Тэднээс хамгийн түрүүнд буюу 2022.12.15-ны өдөр Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга АТГ-т гэрчээр очиж мэдүүлэг өгсөн.
Гэтэл өнгөрөгч амралтын өдөр Нийгмийн сүлжээнд “Х.Баттулга БНСУ руу зугтсан” гэх мэдээлэл гарлаа.
Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга нь оргон зайлаагүй, оргон зайлах ч шалтгаан байхгүй.
Мөн түүнд хилийн хориг тавиагүй. Гадаад улсад зорчих эрх нь нээлттэй байгаа. Гэсэн хэдий ч тэрээр энэ удаад БНСУ-д албан ажлаар зорчих болсноо АТГ-т албан ёсоор мэдэгдсэн болохыг Ардчилсан намаас мэдэгдэж байна" гэжээ.