Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатараас цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.
-Ирэх онд хэчнээн орон сууцыг төвийн шугамд холбогдох вэ?
-Орон сууцыг хувийн компаниуд барьж байгаа. Маш олон төсөл арга хэмжээнүүд бий. Зарим нь гэр хорооллын дахин төлөвлөлт, арим нь өөрийн эзэмшил газар дээр барьж байна. Дэлхий даяар үүсээд байгаа нөхцөл бүх зүйлийн үнийн өсөлтөд нөлөөлж байна. Барилгын материалын 70 гаруй хувийг өмнөд хөршөөс оруулж ирдэг. Сүүлийн хоёр жил хүндрэлтэй байна. Тиймээс сүүлийн үед Туркээс оруулж ирж байна. Хувийн хэвшил өөрсдөө орон сууц барих учир төрийн зүгээс тоог нь гаргахад хэцүү. Харин энэ тоо аймаг, орон нутагт гардаг.
Хэдийгээр цар тахлын нөхцөл байдал хүнд байгаа ч энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар ипотекийн зээлийг 6700 гаруй хүнд олгосон байна.
-Эрчим хүчний салбар ачааллаа дийлэхгүй байна. Шинээр барилга барих нь хэр эрсдэлтэй вэ?
-1990 оноос хойш эх үүсвэр, шугам сүлжээндээ том хэмжээний хөрөнгө оруулалт хийж чадахгүй явсаар 30 жил болсон байна. Тэгэхээр дэд бүтцийн эх үүсвэр, шугам сүлжээнд анхаарч чадаагүй гэсэн үг. Манай салбар цэвэр, бохирын шугам харьяалагддаг. Улаанбаатар 7 эх үүсвэрийг цэвэр гүний усаар хангадаг. Бид Мянганы сорилын сантай хамтраад 34 худаг гаргаад, тэр худгийн усыг соруулаад СХД-ийн уулын зүүн бэлд цэвэршүүлэх үйлдвэр барина. Газрын гүнээс оруулж ирж байгаа бохирдолтой усыг хэд хэдэн технологиор цэвэршүүлнэ. Ингээд 5 шард байдаг цэвэр усны шугамд холбоод Улаанбаатарчуудыг цэвэр усаар хангах 8 дахь эх үүсвэр гарч байна. Ингэснээр Улаанбаатарчуудын цэвэр усыг 40-50 жилээр хангах боломжтой болно. 2024 оны сүүл гэхэд ашиглалтад орох ёстой. Цэвэр уснаас гадна цахилгаан дулааны асуудал байна. Монголчууд хэмнэлтийн талаар ойлголтгүй байна. Порчикоо онгойлгоод нүцгэн гүйж байгаа хүмүүс яаж эрчим хүчээ хэмнэх вэ дээ. Шөнийн цахилгааныг хөнгөлсөн гээд зусланд байгаа айлууд очихгүй ч гэсэн цахилгаанаа залгаад л.
-Шинээр баригдаж байгаа орон сууцуудыг төвийн шугамд холбох уу?
-Бодит байдал бол хэцүү.