УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "Хэрэглээний үнийн өсөлтийн түвшинг 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэлд 8 хувьтай гэж орж иржээ. Одоо 13-14 хувийн инфляци байгаа. Энэ хэмжээнд барьж чадах уу. Саяхан айл өрхүүдээр явж уулзалт хийсэн. Гурилын үнийн 30 хувийн өсөлт айл өрхүүдэд дэндүү том дарамт болж байна. Гэр хорооллын айл өрхүүдэд гурилан бүтээгдэхүүнээ авч чадахгүйд хүрч байна. Зарим айлууд талхыг таллаж худалдан авч байгааг хэлж байгаа юм. Гурилын үнийн өсөлт иргэдийн амьдралд цочроо өгч байна. Цаашид гурилын үнээ өсгөөд байх юм уу" гэв.
ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун "Гурил будааны үнэ сүүлийн 4-5 жил өсөөгүй тогтвортой байсан бүтээгдэхүүний нэг. Үнэ тогтворжуулах хөтөлбөр бол нэрний хувьд буруу болсон. Үнэ тогтворжуулах хөтөлбөрөөр 10 хувийн инфляцын өсөлтийг хязгаарлаж чадна. Гурил будаанд орох зардал 50-60 хувь болчихоод байна. Түлш 40 хувь, ургамал хамгааллын бодис 80, бордоо нь 100 хувь өссөн" гэв.