Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Батболд: Төсвийн жил дуусаж байхад Өргөө амаржих газарт өнгөрсөн хугацаанд 1.5 тэрбумын өр хуримтлагдсан зэрэг олон шийдвэрлэх асуудал байна

Ангилал
Нийгэм Ярилцлага
Огноо
Унших
6 минут 40 секунд

Эрүүл мэндийн сайдын тушаалаар "Өргөө" амаржих газрын захирал Ж.Энхцэцэгийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түр орлон гүйцэтгэгчээр “Амгалан” амаржих газрын захирал Ц.Батболдыг томилсон.Тэгвэл өнөөдрийн байдлаар “Өргөө” амаржих газрын нөхцөл байдал ямар байгаа талаар тус газрын захирал Ц.Батболдтой ярилцлаа.

-Өнөөдрийн байдлаар танай эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа юу? ЗГХЭГ-аас хугацаат шалгалт хийгдэж байгаа гэсэн?

-“Өргөө” амаржих газрын хувьд эмнэлгийн тусламж, үйлчилгээ хэвийн явагдаж, эх, нярай, эмэгтэйчүүдийг хүлээн авч эмчилгээ, үйлчилгээг үзүүлж байна. Үйл ажиллагаа нь саатсан зүйл байхгүй. ЗГХЭГ-аас хөндлөнгийн хяналт, шалгалтын ажлын хэсэг гараад “Өргөө” амаржихтай холбоотой асуудлуудыг шалгаж байгаа. Эмнэлгийн зүгээс бүх шаардлагатай мэдээллээр хангах бүх талын боломжоор хангаад ажиллаж байна. Шалгалтын хариу гарахаар хууль, журмынхаа дагуу асуудлууд тодорхой болох байх.

-Таныг эмнэлгийн захирлаар томилогдож ирэхэд эндэхийн нөхцөл байдал ямар байсан бэ?

-Салбарт төдийгүй олон нийтэд янз бүрийн мэдээллүүд тарж, бас яг цэгцтэй ойлголт багатай байна. Өнгөрсөнд үүссэн асуудлаас болж эмнэлгийн эмч, ажилтнуудын сэтгэл зүй, ажиллах сонирхол, идэвх санаачилга буурсан, айдас, түгшүүртэй байна. Энэ тал дээр бид онцгой анхаарахгүй бол болохгүй учраас үүнд чиглэсэн тодорхой алхмуудыг хийхээр төлөвлөж байна.

“Өргөө” амаржих газрын хувьд 2022 оны 10 дугаар сарын байдлаар тендер сонгон шалгаруулалт шийдэгдээгүй өдий хүрсэн байна. 5 дугаар сараас хойш эм тариа, бараа материалын худалдан авалтын гэрээний сунгалт, болон гэрээнүүд хийгдээгүйн улмаас 50 гаруй компанид 1.5 тэрбум төгрөгийн эмийн болон бараа материалын өр хуримтлагдсан байна. Уг асуудлыг яаралтай шийдэхгүй бол эмнэлэгт компаниуд эм нийлүүлэхгүй байх хүртэл арга хэмжээ авах сануулга ирсэн жишээний. Мөн 2022 оны эхний хагас жилийн байдлаар ЭМДС-гаас оны эхний зургаан сарын гүйцэтгэлийн санхүүжилтээсээ 700 гаруй сая төгрөгийг авч чадаагүй нь эмнэлэг хэвийн үйл ажиллагаа явуулах, цаашлаад эмч, ажилтнууд цалингаа хугацаанд нь авч чадахгүй байх эрсдэлийг дагуулж байгаа юм. Тиймээс ажлаа авсан өдрөөсөө эхлэн санхүүгийн дүн шинжилгээ хийх, эмнэлгийг хэвийн үйл ажиллагаагаар хангахад шаардлагатай асуудлуудыг шийдэхэд чиглэн ажиллаж байна. Төсвийн жил дуусаж байхад санхүүгийн хүндхэн нөхцөл байдалтай байгаа нь нэлээдгүй олон асуудлыг дагуулахаар байна. Тухайлбал, өмнөх эмийн өр төлбөрийг барагдуулахгүй бол эм тасалдал үүсэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээ доголдох, хүний эрүүл мэндэд нөлөөлөх хүртэл эрсдэл бий болоод байгаа учраас бид өр төлбөрийг барагдуулахаар холбогдох байгууллагуудад хүсэлтээ тавиад ажиллаж байна.

-“Өргөө” амаржих газрын эмч, ажилчид олноороо ажлаасаа гарсан гэх мэдээлэл байсан. Яг бодит байдал дээр ямар байгаа вэ?

Юуны өмнө ажлаа авсныхаа дараа эмнэлгийн эмч, ажилтнуудтай тэдний ажиллах орчин, цалин хөлс, нийгмийн асуудал, ажлын ачаалал зэргийн талаар бүх тасаг, нэгжүүдээр уулзалтуудыг хийсэн. Уулзалтаас гарсан санал, бодлыг эмнэлгийн дотоод мэдээлэлтэй тулгахад өнгөрсөн хугацаанд эмч, ажилтны цалин нэмэгдээгүй, нийгмийн асуудлууд нь орхигдсон байдал харагдсан.

“Өргөө” амаржих газарт үүссэн бас нэг анхаарах зүйл нь өнгөрсөн хугацаанд 138 гаруй мэргэжлийн эмч, мэргэжилтнүүд ажлаасаа гарсан нь хүний нөөцийн хомсдолд орж, ажлын ачаалал нэмэгдэхэд эрс нөлөөлсөн байгаа юм. Өнөөдрийн байдлаар эхоны эмч, нярайн эмчийн хүрэлцээ муутай, нярайн сувилагч нарын дутагдалтай байна. Үүнээс үүдэн нярайн сувилагчид ачаалал өндөртэй ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар нийт 480 ажлын байрны орон тоотой боловч 412 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Ажлаасаа гарсан хүмүүсийн санал гомдлыг талаар судалж үзэхэд ажилчдаас нэлээдгүй гомдол саналыг эмнэлгийнхээ тухайн үеийн удирдлагууд болон Үйлдвэрчний эвлэлдээ хүргүүлж байсан. Гэвч асуудал шийдэгдээгүйн улмаас олноороо ажлаасаа гарсан юм билээ. Үйлдвэрчний эвлэлийн зүгээс тухайн ирсэн санал, гомдлыг хүлээн авч эмнэлэгт уламжилдаг байсан гэсэн. Одоо эмнэлгийнхээ хүний нөөцийн тал дээр бодлогоор шуурхай алхмууд хийхгүй бол цаашид ч ажлаас гарах ажилчдын тоо нэмэгдэх эрсдэл үүснэ.

Түүнчлэн эмнэлгийн захиргаа, санхүүд ажиллаж байгаа ажилтнуудын дийлэнх нь хоёроос бага сар ажилласан буюу шинээр ажилд ороод удаагүй хүмүүс их, байгаа юм. Захиргаа, санхүүгийн хэлтсүүдэд хүний нөөцийн тогтворгүй байдал, батлагдсан бүтцийн дагуу үйл ажиллагаагаа явуулаагүйн улмаас менежментийн доголдолд хүрснийг өнөөдрийн эмнэлгийн бүх талын нөхцөл байдал, дүн шинжилгээ харуулна.

Ер нь байгууллагын дотоод уур амьсгалыг сайжруулах, айдас түгшүүргүй хэвийн ажлаа хийх боломжоор хангах зорилгоор хэд хэдэн ажлуудыг хийж байна. Удахгүй үр дүн гарч эхэлнэ гэж найдаж байна.

-Таныг ажлаа авснаас хойш олон нийтэд цацагдаад байгаа шиг “Өргөө” амаржих газрын эмч нартай холбоотой мөнгө, төгрөгийн асуудлаар гомдол ирж байна уу?

-Одоогоор тийм гомдол ирсэн зүйл байхгүй. Бид эмч, ажилтнаа иргэдийнхээ эсрэг турхирахаас илүүтэй тэднийг ажиллах боломжоор нь хангах, иргэддээ тусламж, үйлчилгээ үзүүлэх тогтвортой нөхцөл, орчноор нь хангаж өгөх нь чухал. Эрүүл мэндийн салбарт бэлтгэгдсэн чадварлаг, сэтгэлтэй эмч, мэргэжилтнүүдээ дэмжих, мэргэшүүлэх, сургах, ачааллыг нь тэнцвэржүүлэх, нээлттэй ил тод болгох тал дээр түлхүү анхаарч ажиллана.

Шөнийн цагаар иргэдийн автомашиныг хулгайлдаг 14-18 насны бүлэг этгээдүүдийг илрүүлжээ
Шөнийн цагаар иргэдийн автомашиныг хулгайлдаг 14-18 насны бүлэг этгээдүүдийг илрүүлжээ
 
ЭЕРЭГ: 24 сум бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн МАШИНТАЙ БОЛЛОО
ЭЕРЭГ: 24 сум бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн МАШИНТАЙ БОЛЛОО
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.