Хөгжлийн банк 2011 оны тавдугаар сард байгуулагдаж, 2012 оноос хойш 3000 орчим төсөл, арга хэмжээнд 7.5 их наяд төгрөгийн зээл олгосон байдаг. Гэвч зээл авсан компани, хувь хүмүүс зээл аваад олон жил өнгөрсөн ч, хугацаа хэтэрсэн ч өнөөдрийг хүртэл бүрэн төлөөгүй байна.
Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр л гэхэд 775,4 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдсэн бол 279,2 тэрбум төгрөгийн чанаргүй зээл болон 126,6 тэрбум анхаарал хандуулах ёстой зээл байгаа талаар Хөгжлийн банкнаас мэдээлээд буй.
Хөгжлийн банкны нийт зээлийн дийлэнх нь буюу 54.7% нь боловсруулах үйлдвэрлэлийн салбарт олгогдсон байдаг. Энэ дунд “Хөтөл” ХХК, “Бэрэн” ХХК, “Эрэл” ХХК зэрэг томоохон компаниудын өр өнөөг хүртэл зээлийн эргэн төлөлт хийгдэхгүй хүү нь өссөөр чанаргүй ангиллаараа толгой цохиж байна.
Үйлдвэрлэлийн салбараас гадна анхааралгүй орхиж боломгүй нэг салбар бол яах аргагүй уул уурхайн төслүүдэд олгосон зээл. Уул уурхайн салбарт 9 зээлдэгчийн нийт 291.5 тэрбум төгрөгийн зээлийг олгожээ. Гэвч авсан зээлээ зориулалтын бусаар ашигласан, эргэн төлөлт хийхгүй байгаа жишээ олон.
Тухайлбал, 2,5 тэрбум төгрөгийн зээл аваад өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байгаа нэг компани нь “Болор шүр” ХХК. Тус компани нь Алт-2 хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байсан “Дорнод аймгийн Баян-Уул сумын нутагт орших Хужиртын алтны шороон ордыг ил аргаар ашиглах” төсөлд зориулж нийт 2,562,930,00 тэрбум төгрөгийн зээлийг 2017 оны наймдугаар сарын 30-ны өдөр МУХБ-ны Гүйцэтгэх захирлын А-176 тоот тушаалаар 2021 оны гуравдугаар сарын 10-ны өдрийг хүртэл жилийн 7,5 хувийн хүүтэйгээр авсан байдаг. Гэвч одоогоор уг зээл нь чанаргүй ангилалд багтаад буй юм.
Тэгвэл тухайн компанитай холбоотой хэд хэдэн баримтыг сөхье.
-Зээлээ зориулалтаар нь огт ашиглаагүй-
“Болор шүр” ХХК нь уг зээлийг эргэлтийн хөрөнгөд болон тоног төхөөрөмж худалдан авахад зориулан авсан ч зээлийн мөнгөө зориулалтаар нь ашиглаагүйн дээр алт олборлолтын үйл ажиллагаа огт явуулаагүй байдаг.
Уг компани нь Дорнод аймгийн Баян-Уул сумын Хужиртын алтны орд болох нийт 345,46 гектар талбайд ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөлтэй. Гэвч Хөгжлийн банкнаас авсан зээлээ өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байгаа юм.
Анх 2018 оны хоёрдугаар сарын 09-ний өдөр ХУД-ын иргэний анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган 2019 оны нэгдүгээр сарын 08-ны өдрийн Улсын Дээд Шүүхийн тогтоолын дагуу “Болор шүр” ХХК-аас 2,3 тэрбум төгрөгийг банканд төлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг бөгөөд 2019 оны дөрөвдүгээр сарын 02-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн байна.
-Зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх хөрөнгүүд-
Тухайн компани нь ХБ-аас зээл авахдаа нийт зургаан үл хөдлөх хөрөнгө болон ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрлийг барьцаа болгосон байдаг. Тухайлбал,
- Дорнод аймаг, Баян-Уул сум, Хужирт нэртэй газар
- СБД, 6-р хороо, Бага тойруу 48 байр, 525 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө
- Багануур дүүрэг, 1-р хороо, Наран хороолол, 299.1 м.кв талбайтай зоорийн давхар
- Багануур дүүрэг, 1-р хороо, Наран хороолол, 230.9 м.кв талбайтай зоорийн давхар
- Багануур дүүрэг, 1-р хороо, Наран хороолол, 280 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө
- Багануур дүүрэг, 1-р хороо, Наран хороолол, 135 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө зэргийг барьцаалсан аж.
НШШГГ-аас санал болгосноор нийт 1,1 тэрбум төгрөгийн барьцаа хөрөнгө буюу СБД, 6-р хороо, Бага тойруу 48 байр, 1401, 1402 тоот, 525 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Хөгжлийн банканд шилжүүлэн авсан байдаг. Иймд тус компанийн нийт өр одоо 1,2 тэрбум төгрөг болжээ. Үлдсэн өр төлбөрийг барьцаанд байгаа дээрх эд хөрөнгүүдийг худалдан борлуулах замаар төлүүлэх нэг арга зам байна.
-Хөгжлийн банкнаас “Болор шүр” ХХК-ыг төлөөлөн зээл авсан хүн нь нас баржээ-
“Болор шүр” ХХК-ийн авсан 2,5 тэрбум төгрөгийн зээлийг хариуцсан этгээд нас баржээ. Тиймээс зээлийн эргэн төлөлтийг хариуцах эзэн байхгүй аж.
Хөгжлийн банкны зээлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулсан ч борлогдоогүй байдаг. Түүнээс гадна дээрх үл хөдлөх хөрөнгүүд нь Ц.Содхүү хэмээх иргэний өмчлөлд байдаг байна.
Мөн уг иргэнтэй холбоо хамаарал бүхий нэгэн компани байгаа нь “Атимустрейд” хэмээх компани аж. Уг компанийн захирал нь Ц.Содхүүгийн ээж болох Я.Батцэцэг юм. Тиймээс зээлийн барьцаа хөрөнгүүдийг ХБ-ны өмчлөлд шилжүүлэх, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг борлуулан үүрэг гүйцэтгэлийг хангуулах эсвэл зээлийн нийт үлдэгдлийг бэлнээр төлүүлэх нь өөр нэгэн гарц шийдэл байж болох талтай.
Хөгжлийн банк ирэх 2023 онд багтаан 750 сая.ам долларын гадаад өр төлөх ёстой. Тийм ч учраас Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Бид одоо л зээлийн төлбөрөө цуглуулж авахгүй бол хүнд байдалд орно. Манай банк дефольт зарлавал төрийн 100 хувийн өмчтэй банк учраас Засгийн газар дефольтод орох эрсдэлтэй. Ийм эрсдэлд хүрч магадгүй учраас асуудлыг аль болох эрт шийдэж, цэгцэлнэ гэсэн чиглэлтэй бид ажиллаж байна” хэмээн дурдсан байдаг.