ХЗБХ-ны өнөөдрийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцэв. Хуралдааны эхэнд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. УИХ-ын гишүүн Ш.Адьшаа 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн төслийнхөө талаар танилцууллаа.
Тэрбээр "Монгол Улс эдийн засгийн өсөлтийг дэмжих, эдийн засгаа сэргээх, эрчимжүүлэх хүрээнд жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийг төрөөс баталгаа гаргасан хөрөнгө оруулалтаар дэмжин хөгжүүлэх чиглэлээр Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, Монгол Улсын хөгжлийн мега төслүүдэд хөрөнгө оруулах чиглэлээр Монгол Улсын Хөгжлийн банкыг байгуулсан. Энэхүү хөрөнгө оруулалтууд зорилтот салбартаа, зорилтот бүлэгтээ тэр бүр хүртэхгүйгээр улс төрд нөлөө бүхий албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлоор завшсан, зээл олгоход баримтлах хууль тогтоомжийг зөрчин нөлөөлж өөрийн хамаарал бүхий хуулийн этгээдэд олгуулсан, улмаар энэ хэрэгтээ улс төрийн болон эрүүгийн хариуцлага хүлээсэн явдал удаа дараа гараад байгаа.
Энэ нь улс төрд нөлөө бүхий этгээдүүд, шийдвэр гаргах түвшний албан тушаалтнууд төрөөс баталгаа гаргасан хөнгөлөлттэй нөхцлөөр их хэмжээний зээл, хөрөнгө оруулалт бий болгож, тэдгээрийг эргээд өөрсдөө, өөрийн хамаарал бүхий хуулийн этгээдүүдээрээ дамжуулан хувааж авч байгаа маш ноцтой ашиг сонирхлын зөрчил" гэлээ.
Иймд Авлигын эсрэг хуульд заасны дагуу хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэх үедээ ипотекийн зээл болон эрүүл мэндийн үйлчилгээ авахаас бусад зориулалтаар хувийн ашиг сонирхлын мэдүүлэгтээ мэдүүлсэн жилийн орлогын 80 хувиас дээш хэмжээний зээлийг бусад этгээдээс авах, эсхүл төрөөс баталгаа гаргасан хөрөнгө оруулалтыг аливаа этгээдэд хууль зөрчин олгуулахаар нөлөөлөх, улс төрд нөлөө бүхий албан тушаалтан, тэдгээрийн хамаарал бүхий этгээдийн хувь эзэмшдэг хуулийн этгээд төрөөс баталгаа гаргасан хөрөнгө оруулалтанд хамрагдах зэрэг асуудлыг хориглож, үүнийг нийтийн албан тушаалаас чөлөөлөгдснөөс хойш хоёр жилийн хугацаанд мөн дагаж мөрдөх асуудлыг тодорхой зохицуулахаар төслийг боловсруулжээ.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 63.6 хувь нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх шаардлагагүй хэмээн үзсэн юм. Иймд энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.