Соёлын яамнаас "Бүх нийтийн соёлын боловсрол" олгох ажлын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд үндэсний үнэт зүйл, түүх өв соёл, зан заншлыг сурталчлан таниулах, урлагаар дамжуулан нийгэмшүүлэн төлөвшүүлэх тусгай сургалт, хөтөлбөрийг Монголын сургуулиас гадуурх сургалтын "Санрайс холбоо"-той хамтран Нийслэлийн 55, 29 дүгээр тусгай дунд сургуулийн сурагчид болон эцэг эх, асран хамгаалагчдыг 3 сарын турш соёлын сургалт, нөлөөллийн ажилд хамруулсан. Тэгвэл Монголын сургуулиас гадуурх сургалтын "Санрайс холбоо"-ны тэргүүн Б.Лхамсүрэнтэй ярилцлаа.
-Соёлын яам Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар мөн танай "Санрайс холбоо"-той хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн соёлын амьдрал дахь оролцоог тодорхойлж, соёл, урлагийн үйлчилгээ, уран бүтээлийг хүртээмжтэй болгох боломжуудыг нээх зорилгоор "Соёлын бодлого ба тэгш хүртээмж" хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Юун түрүүнд сургалтын талаар ярилцъя гэж бодож байна?
-Соёлын яам байгуулагдсанаас хойш анх удаа тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй ажиллах ажлыг манай байгууллагатай хамтран зохион байгуулсан. 2022 оны зуны гурван сарын турш хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүддээ нүүдэлчин монголчуудын ёс заншил, түүх соёлыг байгаль дээр парктикаар зааж сургасан.
Хамгийн эхэнд хүүхдүүдэд танилцуулна. Түүний дараа өөрсдөө гар бие оролцоод, ноосоо саваад, сүүгээ саагаад, хэрхэн цагаан идээ гаргаж авах вэ, сур яаж элдэх вэ зэргийг гар биечлэн хийж сурсан.
-Өчигдөр хэлэлцүүлгийн үеэр хүүхдүүд маань өөрсдийнхөө сурсан мэдсэн зүйлээр үзүүлэх тоглолт хийсэн. Бүтэн гурван сарын хугацаанд сурсан мэдсэнээ танилцууллаа шүү дээ?
-Хүүхдүүд өөрсдийн мэдсэн, сурсан зүйлээ өчигдөр үзүүлэх тоглолтоороо дамжуулан хүргэлээ. Хүүхдүүд маань мэдрэхүйн таван эрхтнээрээ харсан, үзсэн учраас энэхүү идеаль шоуг хийх боломжтой болсон. Манай Монголын сургуулиас гадуурх сургалтын "Санрайс холбоо" нь 20 гаруй жилийн хугацаанд Германы байгууллагатай хамтарч ажилласан. Маш олон сэдвүүдээр хүүхдүүдтэй ажилсаны нэг арга нь театрын арга. Үүнийг монгол хөрсөнд буулган ажилласан нь хүмүүсийн сэтгэлд хүрсэн байх гэж бодож байна.
Ялангуяа тусгай хэрэгцээт хүүхдүүд маань өөрсдийгөө илэрхийлэх, багаар ажиллах, бусдыг сонсох зэрэг чадварт суралцаж, дадал хэвшил болголоо. Цаашид тусгай хэрэгцээт хүүхдүүдийг өөрсдийнх нь дуртай арга барил буюу хөгжилдөх, дуулах, бүжиглэх зэрэг аргуудыг хэрэглэдэг учраас хүүхэд өөртөө итгэх итгэлтэй болж байгаа юм.
-Нийслэлийн 55, 29 дүгээр тусгай сургуулийн сурагчдыг хамрууллаа гэж байна. Нийт хичнээн хүүхдийг хамруулав?
-55 дугаар сургуулийн 20 хүүхэд, 29 дүгээр сургуулийн сонсголын бэрхшээлтэй 5 хүүхэд нийт 25 хүүхдийг эцэг, эхийн хамт гурван сарын турш ажиллалаа. Түүнээс гадна багш нарыг ч мөн сургалтад хамрууллаа. Ингэснээр багш, сурагч, эцэг эх хослосон сургалтыг явуулж, иж бүрнээр танин мэдүүлж, цогц хүмүүжлийг олголоо.
-Тусгай хэрэгцээт хүүхдүүдэд соёлын хүртээмж хангалтгүй байдаг шүү дээ. Энэ талаар ярилцъя?
-Өмнө ч тэр одоо ч тэр соёлын хүртээмж муутай байгаа. Тиймээс Соёлын яамтай хамтраад, эхнээс нь жишээ болгоод практик дээр зааж сургах нь илүү оновчтой, хүртээмжтэй юм байна гэдгийг таниулахыг зорьлоо. Ингэснээр хүүхэд бүр өөрсдийн оролцооны эрхээ эдлэх, эцэг эхчүүд хүртэл хүүхдээ бие даан сургах арга барилыг эзэмшүүлэхийг хичээлээ.
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хувьд энгийн хүүхдүүдээс сурах арга барил хийгээд аливааг тогтоох, ойлгох чадвар нь харьцангуй өөр байдаг байх. Бүтэн гурван сарын хугацаанд эдгээр хүүхдүүдтэй ажиллахад яг юун дээр илүү анхаарч, соёлыг хүртээх ёстой мэт санагдав?
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд маань нэг сурчихсан юм шиг хэрнэ маргааш нь мартчихсан байдаг. Тиймээс маш их механик ажил шаардагдлаа. Хэд хэдэн удаа давтан хичээл орж, дадал хэвшил суулгах тал дээр илүү анхаарах нь зүйтэй байлаа.
Одоо хүүхдүүд маань монгол өв соёлоо мэддэг болчихсон, бүр зарим хүмүүсийн мэдэхгүй уламжлалт багаж хэрэгслийг ч алдалгүй хэлдэг болчихсон байна. Тиймээс хойч үедээ монгол соёл, өв уламжлалыг таниулан мэдрүүлэх юм бол монгол хүн гэдгээрээ бахархах, эх оронч сэтгэлгээтэй болох зэрэг чадвар сууна.
-Цаашид энэхүү заах арга барилыг улам хөгжүүлээд явах уу. Өөр сурагчдыг хамруулах уу эсвэл эдгээр хүүхдүүдээ улам хөгжүүлэх үү?
-Энэ ажил бол цаашид ч үргэлжлээд явах боломжтой. Дан ганц манай байгууллага гэлтгүй тусгай хэрэгцээт сургуулиуд энэ арга барилыг улам бэхжүүлж, сурагчдыг нийгэмшүүлэх, соён гэгээрүүлэх үйлсэд анхаарах бүрэн боломжтой. Ингэснээр тухайн хүүхэд монгол хүн болж төрснөөрөө бахархах, зөв монгол хүний хүмүүжлийг төлөвшүүлж байгаагаараа онцлог.
Өнөө үед өв уламжлал нь хамгийн чухал сэдэв болж байгаа. Тиймээс тусгай хэрэгцээт хүүхдүүдэд дан ганц дуу, бүжиг гэхээс илүүтэй уламжлалт өв соёлыг төлөвшүүлэх нь хамгийн зөв юм.
-Ярилцсанд баярлалаа.