Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах үндэсний зөвлөлөөс хөгжлийн бэрхшээлтэй хүний сурч боловсрох эрхийг хангах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тайланг хэлэлцэх сонсголыг зохион байгууллаа.
Сонсголд УИХ-ын гишүүн О.Саранчулуунаар ахлуулсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөл, түүний ажлын алба, ГБХНХЯ, Боловсролын яамны дэргэдэх дэд зөвлөл, харьяа байгууллага, бусад төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл бүхий 70 хүн оролцов.
Тус сонсголын үеэр боловсролын салбарын хууль тогтоомж, бодлого Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенцид нийцэж буй эсэх, энэ чиглэлээр зарцуулсан хөрөнгө, төрийн бус байгууллагатай хамтран ажиллаж байгаа байдал, салбарын барилга байгууламж, үйл ажиллагааг хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй болгох, ажиллагсдын ойлголт, хандлагыг өөрчлөх чиглэлээр хийж буй ажил зэрэг нийтлэг асуудлын хүрээнд тусгайлан томилсон илтгэгч гишүүд асуулт асууж, Боловсролын яамны албан хаагчид хариулт өглөө.
Мөн үеэр танилцуулсан зөвлөмж, хэлэлцүүлгийн үр дүнд үндэслэн цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зөвлөмж, албан даалгаврыг боловсруулж, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах үндэсний зөвлөлийн хурлаар батлуулан хэрэгжилтийг хангах юм.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!