Урьд нь "Хөдөө, орон нутгаас марафон гүйлтийн тамирчин Нийслэл хотыг явганаар, унадаг дугуйгаар туулан ирж байна" хэмээн сонстдог байв. Гэтэл өдгөө хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань нийгэмд өөрсдийн дуу хоолой, үзэл бодлоо хүргэхээр алсын замд, тэр дундаа холын аялалд гардаг болжээ.
Тэдний хамгийн анхны жишээ, үлгэр дуурайлил бол Дорнод аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны тэргүүн Д.Батхуягаар ахлуулсан дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй "Тэргэнцэртэй марафон" багийн хамт олон юм. Тэд Дорнод аймгийн Чойбалсан сумаас нийслэл хот хүртэлх 660 км замыг явганаар тэр дундаа тэргэнцэрээр туулан, замын саад бартаа, хүнд хэцүүг үл ажран, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэж шийдвэрлүүлэх, эрхийг нь бодит болгоё” уриалгыг дэвшүүлсээр ирсэн юм.
Магад тэдний энэхүү зоригтой үйлдэл олон мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бага ч гэсэн итгэл найдвар өгч, өөрсдийн дуу хоолойг төрийн өндөрлөгүүдэд хүргэх боломж хүн бүхэнд бий гэдгийг харуулсан биз. Учир нь,
Өдгөөгөө 20-оод жилийн өмнө Хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдийгөө нийгмээс тусгаарлаж, нийгэмд эзлэх байр сууриа илэрхийлэхээс ч зүрхшээж зөвхөн гэрийн мухарт суухыг чухалчилдаг байсан гэхэд буруудахгүй.
Гэтэл өнөөдөр тэд өөрсдийнхөө эрхийн төлөө маш зоригтойгоор дуугарч, өөрсдийгөө ямар их тэсвэр тэвчээртэй, сэтгэлийн хаттай вэ гэдгийг харуулах болж. Магадгүй "Тэргэнцэртэй марафон" багийн гишүүдийн энэхүү зоримог шийдвэр гэртээ суугаа болон орон нутагтаа дуу хоолойгоо хүргэж чадахгүй байгаа олон мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэний сэтгэлд гэрэл асаасан биз.
Тийм ч учраас хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань өөрсдийгөө дутуу, дулимаг хэмээн голох бус яг л бусдын адил хийж, хөдөлмөрлөж, идэвх зүтгэлтэй байгаагаа нийгэмд харуулах нь чухал. Бүгд оролцоотой байж, бүгд идэвх зүтгэлтэй байснаар маш том зорилгод хүрч чадна. Магад түүний хамгийн гол төлөөлөгч бол яах аргагүй Дорнод аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны тэргүүн Д.Батхуяг болон түүний нөхөд юм.