Өнгөрөгч долоо хоногт Өргөө амаржих газрын дарга Ж.Энхцэцэгийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Мөн үүнтэй зэрэгцэн тус эмнэлгийн дэд захирлаар ажиллаж байгаа П.Эрдэнэцэцэг нь ажилчидтай зүй бус харилцдаг талаарх дүрс бичлэг цацагдсан. Үүнтэй холбогдуулан олон нийтийн дунд Эрүүл мэндийн сайд С.Энхболдтой холбоотой мэдээллүүд ч гараад буй юм. Эл асуудлуудад Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл өглөө.
Тэрбээр "Өргөө амаржих газрын дэд захирлаар цагдаагийн байгууллагад 20 гаруй жил ажилласан хүнийг авч ажиллуулсан байгаа юм. Мөн хуулийн зөвлөхөөрөө цагдаагийн байгууллагад ажиллаж байсан хүнийг авч ажилласан. Эдгээр хүмүүсийг бүгдийг нь ажлаас нь чөлөөлнө. Тодорхой албан тушаалтнууд бий. Хариуцлага тооцоод явж байгаа. Тухайн байгууллагад ажиллах хүнийг захирал нь томилдог. Эрүүл мэндийн сайд даргыг нь л томилдог. Гэхдээ цагдаагийн байгууллагад ажиллаж байсан хүн эрүүл мэндийн байгууллагад ажиллана гэсэн зүйл байхгүй. Эрүүл мэндийн чиглэлд боловсрол эзэмшсэн хүн томилогдох ёстой.
Өргөө амаржих газартай холбоотой асуудал болон Хүрээ амаржих газрын үйл ажиллагаа доголдож байсан учраас төрөх гурван эмнэлгийг ЭМЯ харъяандаа авсан. Ингэхдээ босоо удирдлагатай болгож, үйл ажиллагааг сайжруулж, алдаа дутагдлыг засахаар харъяанд авсан. Олон нийтийн сүлжээнд цацагдсан бичлэгүүд нэг л хэсэг нь. Үүний цаана мэдэгдэхгүй ямар дарамт байгааг бид хэлж мэдэхгүй. Дотроос нь ярилцлага авангуут тухайн хүмүүсийг буцааж дуудаж уулзсан асуудал ч гарсан.
Бугшсан асуудлыг илрүүлэх, үйл ажиллагааг нь сайжруулахын тулд л эх барих эмэгтэйчүүдийн чиглэлээр илүү анхаарч байгаа. Бүх байгууллагуудад аудитын шалгалт хийгээд явж байгаа.
Би ямар нэгэн албан тушаалд найз нөхдөө томилдог хүн биш. Анагаах төгссөн хүмүүс дээш доошоо 5-6 курсээ бүгдийг нь танидаг. Үүгээр нь таньдаг гэдэг бол бүгд л бие биеэ танина.
Манай эхнэртэй холбоотой мэдээлэл гарч байна. Эхнэр маань эрүүл мэндийн салбарын хүн. Тэр тусмаа эх барих эмэгтэйчүүдийн мэргэжлээр мэргэжил эзэмшсэн их эмч, яамны томилгоонд оролцдоггүй. Намайг ажлаа авах үед ажлаасаа халагдсан. Төрийн албаны мерит зармаар эрх ашгийн зөрчил үүснэ гэдгээр нэгдүгээр сарын 29-нд ажлаасаа халагдсан. Одоо гэртээ үр хүүхдэдээ анхаарал хандуулаад л байж байна. Би өөрийн гэсэн толгойтой, багтай хүн. Эхнэрээсээ асууж зөвлөж байгаа зүйл байхгүй. Би өөрөө энэ салбарт 20 орчим жил ажиллачихсан хүн шүү дээ" гэлээ.