Авто зам, төмөр замын бүтээн байгуулалтаа явуулж, боомтуудаа олигтойхон хөгжүүлэхгүйгээр Монгол Улс хөгжлийн замд хөл тавихад хэцүү гэдгийг өнгөрсөн хугацаа бидэнд хангалттай харуулсан. Манай улсын эдийн засаг уул уурхайгаас бүрэн хамааралтай. Тиймдээ ч эдийн засгийг газар хэвтүүлэхгүйхэн шиг авч яваа уул уурхайн салбараа цаг ямагт дэмжих нь зүйтэй. Нөгөөтээгүүр уул уурхайн салбарыг зам тээвэргүйгээр төсөөлөхийн аргагүй.
Зам дагаж хөгжил ирдгийн бодит жишээг Өмнөговь аймгийн төвөөс эхлээд хэд хэдэн сумаас харж болох аж. Тухайлбал, тус аймгийн Цогтцэций Баян-Овоо, Ханбогд зэрэг сумдыг бусад аймгийн сумдтай харьцуулахад хөгжлийн түвшнээрээ хэдийн хол "тасарч", орон сууцны хорооллууд, өндөр зэрэглэлийн хоолны газар, зочид буудал, үйлчилгээний төвүүд хэдэн арваараа сүндэрлэж, дэд бүтэц хөгжжээ.
Өмнө хэлсэнчлэн Өмнөговь аймаг бол стратегийн томоохон ач холбогдол бүхий бүс нутаг. Эдийн засгийн тамир тэнхээ, эдийн засгийн салбар, нийгмийн тогтолцоо, үндсэн дэд бүтэц гээд олон үзүүлэлтээрээ бусад аймгуудаа тэргүүлдэг. Гэтэл энэхүү онцгой бүс нутагт хийгдэх нэгэн томоохон төсөл гацах эрсдэл үүсээд буй.
Тодруулбал, Цагаандэл Уул-Өлзий боомтыг нээх ажил бүтэн 8 жилийн турш гацаж байгаа. 2014 онд Монгол Улсын Засгийн газар урд хөрштэйгөө зөвшилцөлд хүрч, Хятадын талаас энэ боомтын санхүүжилтийг өгч нээхээр болсон.
Боомт нээх ажил 5 жил ердөө л яриа төдий явсаар, 2019 онтой золгосон. Улмаар 2019 оны арванхоёрдугаар сард Цагаандэл Уулын боомт хүртэлх 270 км хүнд даацын хатуу хучилттай автозамыг ашиглалтад оруулаад, боомтоо нээе гэдэг шийдвэр гаргаж. Гэтэл тун цөөн нутгийн иргэдийн эсэргүүцэл энэ замыг барих ажлыг гацаах шалтгаан болсон аж. Иймд тухайн бүс нутагт байрлах нутгийн иргэдээс энэ замын бүтээн байгуулалтыг эсэргүүцэх болсон шалтгааныг сурвалжиллаа.
Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумдын газар нутгийг хамарсан энэхүү бүсэд 10 гаруй жилийн өмнө Тавантолгой, Оюутолгойн түүхий эдийг экспортод гаргах хүрээнд авто зам баригдаж байсан юм. Түүнээс хойш уурхай болон боомтыг холбосон автозамын бүтээн байгуулалт хийгдээгүй байдаг. Харин энэ жилээс Цагаандэл Уулын боомт хүртэлх 270 км хүнд даацын хатуу хучилттай автозамыг ашиглалтад оруулах гэтэл ийнхүү гацаанд ороод буй.
"Мал аж ахуйн салбар, уул уурхайн салбарын аль нь илүү үр өгөөжтэй байна тухайн салбараа хөгжүүлэх хэрэгтэй"
Өмнөговь аймгийн Хүрмэн сумын иргэн н.Дорж: "1980-аад онд монголын бэлчээрийн даацыг 45 сая малтай байх ёстой гэж үзсэн юм билээ. Гэтэл одоо 60 сая хол давсан. Ийм байхад энд тэнд уул уурхай баригдаж, зам тавигдаж байгаа нь нийцэхгүй байгаа юм. Анхнаасаа малыг татвартай болгох хэрэгтэй гэж энэ хавиар явсан гишүүн, сайдуудад хэлдэг байсан ч өнөөдөр ийм байдалд хүрчихсэн. Мал аж ахуйн салбар, уул уурхайн салбарын аль нь илүү үр өгөөжтэй байна тухайн салбараа хөгжүүлэх хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа." гэв.
"Засмал замтай болсноор мал дайрах осол буурсан"
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэн Н.Бямбабадрах "Энэ хавьд олон уурхай бий. Уурхайнуудын зүгээс нөлөөллийн бүс буюу уурхайн бүсэд байгаа айл өрхүүд болон отор нүүдэл хийж байгаа айлуудад дэмжлэг үзүүлдэг. Миний хувьд 2005 оноос хойш энд бүсэд амьдран сууж байна. 10 гаруй жилийн өмнө уурхайтай холбоотойгоор авто зам тавигдсанаар энд тэндгүй шороон зам гаргаж, бэлчээр сүйд хийх нь багассан. Бас автозамгүй байхад том нүүрсний машинууд явахаар маш их шороо босдог байсан. Зөрж байгаа хоёр машин бие биеэ харах араггүй шороотой үед мал дайрч алах тохиолдол их байсан. Засмал замтай болсноор осол харьцангуй буурсан.
Одоо нэмж зам барина гэдэг зүйл яригдаж байгаа. Хэрэв энэ замыг барихаар болбол засмал замаар мал гатлах тал дээр анхаарах зайлшгүй шаардлага бий. Учир нь энэ замаар нүүрс тээвэрлэж байгаа том машины жолооч нарт тавих шаардлагыг өндөрсгөх ёстой." гэдгийг хэллээ.
"Уурхай дагасан сум орон нутаг бусад уурхайгүй газартай харьцуулшгүй сайн хөгждөг гэдгийг Өмнөговийн сумуудаас харж болно"
Өмнөговь аймгийн Ханбогд сумын иргэн Ууганбаяр: "Урьд нь засмал зам тавигдаагүй байхад ойр орчны зүйл харагдахгүй шороотой байдаг байсан. Гэхдээ одоог хүртэл мал дайрах осол гарсаар байна.
Уурхай дагасан сум орон нутаг бусад уурхайгүй газартай харьцуулшгүй сайн хөгждөг гэдгийг Өмнөговийн сумуудаас харж болно. Манай сум гэхэд Оюутолгойн интернэтийг ашигладаг. Олон хүн амтай, түүнийгээ дагаад бүтээн байгуулалт ихээр хийгддэг. Заавал аймаг, хот орох шаардлагагүйгээр сумаасаа хэрэгцээгээ хангах боломжтой, хүмүүсийн амьдралын түвшин ч сайн гэж яригддаг. Шинээр баригдахаар яригдаж буй автозам ашиглалтад ороход эсэргүүцэх зүйлгүй." гэв.
Нутгийн иргэдийн хэлж байгаачлан 10 гаруй жилийн өмнө тухайн бүсэд автозам ашиглалтад ороогүй байхад осол их гарч, тоос шороо ихтэй, энд тэндгүй зам гаргаж бэлчээр сүйд хийдэг байжээ. Харин зам ашиглалтад орсноор эдгээр нөхцөл байдал сайжирч, нутгийн иргэд төв газар руу түргэн шуурхайн явдаг гээд олон дэвшил гарсан талаар ярилаа. Нөгөөтээгүүр уурхайн автомашины жолоочид илүү хариуцлагатай байж, мал дайрсан тохиолдолд хариуцлага хүлээдэг байх ёстой гэдгийг ч хэлж байв.
"Ханбогдчууд бидний гол "амбиц" болсон хот болох зорилтын гол суурь болсон дэд бүтэц, цэвэр бохир усны сүлжээ, зам, төрийн байгуулалтын бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулсан"
Ханбогд сумын Засаг дарга асан, Гашуунсухайт боомтын зөвлөлийн дарга н.Эрдэнэжаргал "Өмнөговь аймагт уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж байгаа. Энэ нь сум орон нутаг төдийгүй Монгол Улсын эдийн засаг, хөгжилд маш том үр өгөөж өгч байгаа. Энэ сумын уугуул иргэн, сумын Засаг дарга хийж байсан хүний хувьд уул уурхайтай хамтарч ажилласан олон бүтээн байгуулалт бий. Ханбогд сумын хүн амын сүүлийн жилүүдэд тасралтгүй өсөж байгаа. Шилжин ирэгсдийн тоо ч жилээс жилд нэмэгдэж байна.
Оюутолгойн Говийн хөгжлийг дэмжих сангаас Өмнөговь аймагт жил бүр 5 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийдэг. Ханбогдчууд бидний гол "амбиц" болсон хот болох зорилтын гол суурь болсон дэд бүтэц, цэвэр бохир усны сүлжээ, зам, төрийн байгуулалтын бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулсан. Оюутолгой-Ханбогдын хооронд зорчиж буй олон ажилчдын эрүүл мэндийн асуудлыг зам тавьж шийдэж чадсан." гэлээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум хот болж хөгжих зорилтыг дэвшүүлээд байгаа аж. Энэхүү зорилтын суурь нөхцөлүүдийг тус суманд үйл ажиллагаагаа явуулж буй Оюутолгой уурхайн тусламжтайгаар хэрэгжүүлж чаджээ. Зөвхөн энэ жишээн дээрээс үзэхэд уурхай болон зам тээврийн үр өгөөж улсын хөгжилд хэчнээн чухал байдгийг харж болох юм.
Манай сурвалжлах баг Өмнөговь аймгийн хэд хэдэн сумын иргэдтэй уулзаж ярилцахад шинээр баригдахаар яригдаж буй Цагаандэл Уулын боомт хүртэлх 270 км хүнд даацын хатуу хучилттай автозамын бүтээн байгуулалтыг эсэргүүцэх бус сум орон нутгийн хөгжилд автозамын бүтээн байгуулалт эергээр нөлөөлөх хүчин зүйлсийг чухалчилж байсан юм.
Яг ямар "лобби" орсон болоод Ерөнхий сайдын чихэнд "энэ замыг барих ажлыг нутгийн иргэд эсэргүүцэж байна" гэх мэдээлэл очсоноос болж замын ажлыг гацаасныг мэдэхгүй юм. Бодит байдалтай харьцуулахад хэн нэгний ашиг сонирхол нөлөөлсөн байж болзошгүй гэдэг хардлагыг төрүүлж байна.
Уг зам ашиглалтад орж, боомтын ажил үйл ажиллагаа эхэлбэл манай засаг төрийнхний 40 сая тонн нүүрс экспортлох мөрөөдөл биелэх учиртай. Нүүрсний борлуулалт 4 дахин нэмэгдэхэд эдийн засагт ямар их ач холбогдолтой вэ гэдгийг энд нарийн тоочих нь илүүц биз ээ.