Энэ сарын 18-ны орой 20.50 цагт Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар багийн “Бага нуур” гэдэг газар гэрийнхээ гадаа тоглож байсан хоёр настай охин алга болсон хэрэг гарсан. Охиныг аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн байгууллагын алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн өчигдөр 21.10 цагаас эхлэн эрэн хайж байсан. Харин өнөөдөр 10:20 цагт алга болсон гэх газраас 8 км зайд орших "Шат гэх" газраас Увс аймаг дахь Цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч С.Төгссайхан олж, эрүүл мэндийн байгууллага болон гэр бүлийнхэнд хүлээлгэж өгсөн байна.
Хүүхдийн биеийн байдал хэвийн байна.