Намрын ургац хураалтын явцын талаар ХХААХҮЯ-ны Хөрс, ургамал хамгаалал, үр сортын хэлтсийн дарга Э.Уламбаатараас тодрууллаа.
-Ургацын урьдчилсан балансаар бид хүнсний ногооныхоо хэчнээн хувийг дотоодоосоо хангах боломжтой байгаа вэ?
-2022 онд улсын хэмжээгээр 378.1 мянган га-д үр тариа, үүнээс 353.1 мянган га-д улаанбуудай, 19.9 мянган га-д төмс, 11.1 мянган га-д хүнсний ногоо, 57.4 мянган га-д малын тэжээл, 117.4 мянган га-д тосны ургамал, 4.6 мянган га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 588.5 мянган га-д тариалалт хийсэн. Ургацын урьдчилсан балансаар 470.3 мянган тонн үр тариа, үүнээс 441.4 мянган тонн улаанбуудай, 234.1 мянган тонн төмс, 125.8 мянган тонн хүнсний ногоо, 55.7 мянган тонн тосны ургамал, 104.4 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах боломжтой гэсэн төлөв гарч байна.
Урьдчилсан балансаас харахад улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 68 хувийг дотоодын ургацаас хангах боломж бүрдэхээр байна. Байгалийн давагдашгүй хүчин зүйл болох ган, мөндрийн улмаас 13.2 мянган га талбай ургац алдаж, болц дутуугаас 11.4 мянган га талбай ногоон тэжээлд шилжсэнээр, нийтдээ 24.6 мянган га талбайн ургац балансад тусгагдаагүй.
-Ургац, үр тарианы болц хэр байна вэ?
-Энэ жилийн хувьд таримлын болц харьцангуй жигд, урьд жилүүдээс 5-7 орчим хоногийн өмнө ургац хураалтын ажил эхэлсэн байгаа тул хураан авах ургацын хэмжээ, чанарт эерэгээр нөлөөлөхөөр байна.
-Ажиллах хүчний тухайд. Ургацын талбайд өөрийн хүсэлтээр ажиллах оюутан залуус хэр олон байна вэ?
-Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ, Төв, Дархан-Уул, Булган, Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгуудаас 2,399 оюутан, 2,377 цэргийн алба хаагч, нийтдээ 4,776 хүн ургац хураалтын ажилд ажиллах хүсэлт захиалга ирүүлсэн.
Засгийн газрын 2022 оны долоодугаар сарын 20-ны өдрийн 276 дугаар тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудын ажлын уялдаа холбоог хангах чиглэлээр хамтран ажиллаж байна.
-Техникийн хүчин чадлын хүрэлцээ ямар байна вэ?
-Ургац хураалтад нийтдээ 1041 комбайн, 587 ширхэг жатка, 220 гаруй үтрэм, 389 ширхэг үр тариа цэвэрлэх машин, 316 ширхэг үр тариа ачигч машин, 72 ширхэг төмс хураах комбайн, 417 ширхэг төмс ухагч, 69 ширхэг төмс, хүнсний ногоог ангилах сортлох машин ажиллах бөгөөд техник засварын ажил 80 гаруй хувьтай явагдаж байгаагийн зэрэгцээ хөнгөлөлттэй зээлийн үр дүнд диллер аж ахуйн нэгжүүд өндөр хүчин чадлын 40 гаруй комбайныг ургац хураалтын өмнө нийлүүлэхээр ажиллаж байна. Ургац хураалтад ажиллах техникийн иж бүрдлээр тооцоход хураалтын ажлыг 26-30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн байна.
-Ургац хураалтын үеэр агуулах савны хүрэлцээ, багтаамж үргэлж хөндөгддөг. Улсын хэмжээнд хэчнээн тонны багтаамжтай сав байна вэ?
-Улсын хэмжээнд үр тариа хадгалах 550.2 мянган тонны багтаамжтай төмөр бетон элеватор байгаагаас Хөдөө аж ахуйг дэмжих санд 186 мянган тонн, хувийн хэвшилд 364.2 мянган тонн нь ашиглагдаж байна. Одоогоор элеваторуудын ариутгал, засвар үйлчилгээ хийгдэж буудай хүлээн авахад бэлэн боллоо.
-Нэг хэсэг үнэд ороод байсан хүнсний ногооны ханш цаашид нэмэгдэх үү?
-Нийслэлийн хүн амыг хямд, шинэ хүнсний ногоогоор хангах зорилготой “Алтан намар” үзэсгэлэн худалдаа тодорхой байршлуудад дэлгэгдсэн. Улаанбаатар хотод төмс, хүнсний ногоог хямд үнээр борлуулах, ногоочдын орлогыг дэмжих зорилгоор Нийслэлийн Захирагчийн ажлын албатай хамтран 9 дүүргийн 31 байршилд томоохон хэмжээний төвлөрсөн цэг байгуулан ажиллуулж байгаагийн зэрэгцээ дүүрэг, хороо, хорооллын дунд төмс, хүнсний ногооны борлуулалтыг чөлөөтэй явуулах боломжийг олгож байгаа юм. Цаашид үнэ өсөхгүй, харьцангуй хямд өртгөөр иргэд шинэ ургацын ногоогоо хэрэглэх бүрэн боломжтой.
-Ургацын бүс нутгуудад цаг агаар ямар байх төлөвтэй байна вэ?
-Цаг агаарын урьдчилсан мэдээгээр 9 дүгээр сарын дунд 10 хоногийн эцсээр тариалангийн бүс нутгаар хур тунадас нойтон цас орж, цочир хүйтрэх төлөвтэй байна. Тиймээс ургацыг хүйтрэлтээс хамгаалах, техникийн бэлэн байдлыг хангах, хаягдалгүй хураах технологийг боловсруулж тариаланчдад хүргэх, ургац хураалтын ажлыг технологийн хугацаанд үр дүнтэй, шуурхай зохион байгуулахад холбогдох төрийн байгууллагуудын оролцоо, ажлын уялдаа холбоог хангаж ажиллахад ХХААХҮЯ-наас анхаарч байна.