Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУИС-ийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцов

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 57 секунд
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын их сургуулийн 80 дахь хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо.

Ерөнхийлөгч ард түмнээ соён гэгээрүүлж, шинжлэх ухаан, эрдэм мэдлэгийн үрийг тарин, эх орныхоо хөгжил дэвшлийн түүчээ болсон сургуулийн эрдэмтэн багш нарт талархал илэрхийлэв.

Мөн олон мянган сэхээтэн бэлтгэн, нийгмийн амьдралын салаа мөчир бүрд шинжлэх ухаан, технологийн дэвшлийг бодит ажил хэрэг болгохын зэрэгцээ төрийн бодлого, шийдвэрийг судалгаанд суурилсан, шинжлэх ухаанч байхад бүх талын дэмжлэг үзүүлж байгааг онцлон тэмдэглэв.

Монгол Улсын их сургууль байгаль, нийгэм, хүмүүнлэгийн ухааны ихэнх салбар, анагаах ухаан, хөдөө аж ахуй, техник технологи, инженерийн зэрэг шинжлэх ухааны олон салбараар судалгаа, шинжилгээний ажлыг улсдаа анхлан эхлүүлж, шинжлэх ухааны сэтгэлгээг төлөвшүүлсэн эрдэм шинжилгээ, судалгааны төв болон бэхжиж байгааг сургуулийн захирал, доктор Б.Очирхуяг хэлэв.

Тус сургууль 3,700 гаруй элсэгчээр эгнээгээ тэлж, 1,300 орчим багш, ажилтан, 20,000 гаруй оюутантайгаар 2022-2023 оны хичээлийн шинэ жилээ эхэллээ. 1942 онд байгуулагдсан сургуулиас тэргүүлэх зургаан их сургууль салбарлан гарч, 100,000 гаруй төгсөгчтэй болоод байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч мөн өдөр Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн хичээлийн шинэ байрны бүтээн байгуулалтыг эхлүүлэх ёслолд оролцлоо.

Тэрбээр нийгмийг эрх зүйн боловсролоор соён гэгээрүүлэх, иргэдээ ёс зүйтэй, хүний эрхийн мэдрэмжтэй, хуулиа дээдэлж, сахин биелүүлдэг болгон төлөвшүүлэхэд эрдэмтэн багш нарын үүрэг, манлайлал чухал гэдгийг тэмдэглэлээ.

УУХҮЯ: АИ-92 шатахуун тасраагүй, хэвийн байна
УУХҮЯ: АИ-92 шатахуун тасраагүй, хэвийн байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.