Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн "Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх" арга хэмжээний дагуу Чингэлтэй, Налайх, Баянзүрх, Багануур, Баганхангай дүүргүүд бүртгүүлсэн хүүхдүүдээ 100 хувь хуваарилж дуусжээ. Үүнтэй холбогдуулан БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өгөв. Тэрбээр "Сугалаагаар бүртгэдэг цэцэрлэгийн тогтолцоог 100 хувь халлаа.
Тун удахгүй Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянгол дүүргүүдийн хуваарь дуусна. Хан Уул дүүргийн хуваарь 90%-тай явж байна. Цахимаар бүртгүүлсэн 115.000 хүүхдийг цэцэрлэгжүүлж дууслаа.
Цэцэрлэгийн сугалаанд багтаж чаддаггүй, цоожтой хаалганы цаана үлддэг 38.000 хүүхдийн 35.000 нь цэцэрлэгтэй болсон. Одоо үлдсэн 3000 хүүхдийг ирэх 10 дугаар сарын 15-ны дотор цэцэрлэгтэй болгох боломжийг нээж өгнө.
Өмнөх жилүүдийнх шиг хүүхдээ бүртгүүлэх гэж цэцэрлэгийн гадаа хонодог, бухимддаг, цагдаагийн цахилгаан бороохой тачигнадаг, авилга өгч, хэн нэгнийг царай алддаг тэр хар үе ард үлдсэн гэдгийг шууд хэлье ээ.
Сугалааны цэцэрлэгийн тогтолцоог халах амлалтыг бодит ажил болгоход зоримог шийдэл гаргасан УИХ, ЗГ- ын эрхэм гишүүддээ, цэцэрлэгийн хүртээмж багатай дүүрэг, хороодын засаг дарга, сэтгэл гаргаж хамтран ажилласан бүх хүмүүстээ баярлалаа. Цэцэрлэгтэй Монголын үрс мянга мянга болох болтугай." гэв.