УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанд УИХ-ын дарга Г.Занданшатар мэдээлэл өгөв. Тэрбээр "Цагийн байдал ороо бусгаа, зах зээлийн байдал тогтворгүй хүнд байна. Хойд хил олон улсын нөхцөл байдлаас шалтгаалж хязгаарлалттай байгаагийн улмаас бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт доголдохын зэрэгцээ, Европын чиглэлийн тээвэрлэлт саатсан. Энэ нь үнийн өсөлтөд нөлөөлж байна.
Долдугаар сарын байдлаар инфляц 15.7 хувь болсон. Өмнөх сартай харьцуулахад 0.4 хувиур буурсан.
Ажлын хэсэг илүү сайн ажиллах хэрэгтэй байна. Цаашдаа экспортоо өргөжүүлэх, тэлэх, хилийн боомтын сэргэлт, гадаад худалдааны бодлогыг сайжруулах хэрэгтэй. Манай гадаад худалдаа боомтын бодлогоос авахуулаад импорт, экспорт хоёулаа зохицуулалтгүй урсгалаараа явж байна. Цаашдаа худалдааны тухай хуулийг хэлэлцэн боловсруулж батлах шаардлагатай.
Манай эдийн засаг бол худалдааны эдийн засаг. Бид хүнснийхээ 50 хувийг л хангаж байна. Хойд хөрш 90 хувийг дангаараа хангаж байна. Тиймээс даацтай бодлого хэрэгтэй байна.
Халамжийг хавтгайруулахаа больж, зорилтот бүлэгт шилжүүлье.
Статистик болон Дэлхийн банкны тооцооллоор үнэ ханш, хэрэглээний зардал 10 хувиар өсөхөд 411 мянган хүн ядуурлын шугамны доогуур орно гэсэн байдаг. Тэгэхээр инфляц 15 хувь байхад энэ нь ямар байх нь ойлгомжтой. Үндсэндээ өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт 20 хувьтай байна. Зорилтот бүлэгт яаж нөлөөлж байгаа нь ойлгомжтой. Тиймээс халамжийг зорилтот бүлэгт шилжүүлж, хавтгайруулахаа болье. Ажил эрхлэлтийг дэмжье" гэлээ.