Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

М.Янжиндулам: “HumanZ” өөрийгөө хайрлах шалтгааныг минь олуулсан

Ангилал
Бусад Ubn story
Огноо
Унших
11 минут 44 секунд

Залуучуудад улс төр, эрүүл мэнд, сэтгэл зүй, гэр бүлийн харилцаа, бэлгийн боловсрол олгох зорилгоор олон сэдвийн хүрээнд богино бичлэг хийж хүргэдэг "HumanZ старт ап"-ын сэтгүүлч, уран бүтээлч М.Янжиндуламтай ярилцлаа.

-Сайн байна уу. "HumanZ старт ап"-ынхаа тухай бидэнд танилцуулаач?

-Манай хамт олон амралтад явах, кофе уух гээд бүхий л цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэхийг зорьдог. Ажилдаа илүү дурлаж байгаагийн илрэл байх. Биднийг нэгтгэсэн зүйл нь нэг зорилготой байсан учир хэзээ ч ажлын жанжин шугам алдагдаж байгаагүй. Хүмүүсийг бухимдуулахгүйгээр эерэг байдлаар давалгаалуулахыг хүсэж байна.

-Нэг зорилготой учир хэзээ ч ажлын жанжин шугам алдагдаж байгаагүй гэлээ. Та бүхний зорилго юунд оршдог вэ?

-Залуусыг төлөөлж байгаа хүмүүсийн нэг хэсэг шүү дээ. Хүмүүсийн хамгийн их хэрэглэдэг сошиал сувгаар дамжуулан тулгамдаж буй асуудлуудыг сонирхолтой байдлаар хөндөж ямар нэг зүйл хийе гэдэг дээр санал нэгдсэн. Анх видео хийж эхлэхээс өмнө юу хийхээ мэдэхгүй жил тойрсон. Өглөө ажилдаа ирээд хүмүүс юу хүсэж байгааг мэдэхийн тулд судалгаа хийдэг байсан. Хүмүүс богино зүйл үзэхийг хүсдэг болсныг анзаарсан. Мэдээж тийм зүйл хийдэг хүмүүс зөндөө байгаа ч хэтэрхий уран сайхны байдаг. Агуулгад биш хэлбэрт нь илүү анхаардаг учир бид хэлбэрийг түр орхиод агуулгаар нь видео хийж эхэлсэн. Ингэж жинхэнэ утгаар нь нийгмийг соён гэгээрүүлэх талаас нь ажиллахаар болж богино хэмжээний видео хийж эхэлсэн.

Анзаарвал бидний видео илүү дутуу уран сайхны хэтрүүлэггүйгээр бодит байдлыг хүргэдэг. Видео хийдэг болсноос хойш яг нэг жилийн нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд 200 гаруй богино видео хийсэн байна.

-Багийн ажиллагаа ямар нэг асуудалгүй явахад хүн нэг бүрийн хариуцлагын асуудал яригддаг. Танай багийн баримталдаг зарчим юу вэ?

-Баг бүрдсэнээс эхлэх байх. Бид өөрсдөдөө үнэнч байсан учир бие биедээ үнэнч байж чадсан. Ямар нэгэн ажлыг хийхдээ дараа нь гарах үр дүнг боддог учир бидний ажил хэзээ ч " тэг" зааж байгаагүй. Түүнээсээ урам авдаг. Бүхий л зүйл сэдэв болдог. Жишээлбэл, хүмүүсийн хандлага, бие биедээ хэлж буй үг хүртэл өөр өөр байдаг гэдгийг нь анзаарч сэдэв гаргаж ирдэг. Хүн болгон мэддэг хэр нь мартчихсан зүйлүүдийг хэрэгжүүлж, сануулъя гэдэг байдлаар нэгнийхээ санааг ургуулж, ажилладаг. Залуу хүмүүст улс төр, эрүүл мэнд, сэтгэл зүй, гэр бүлийн харилцаа, бэлгийн боловсрол гээд А-Я хүртэл бүх сэдвийг энгийн агуулгаар хүргэж видеогоо хийхийг зорьдог.

-Жилийн хугацаанд 200 гаруй видео хийнэ гэдэг бол том асар их хөдөлмөр гэж харж байна. Нэг видео хэдий хугацаанд бүтдэг вэ?

-Дөрвөн сэтгүүлч, зураглаач, эвлүүлэгч гээд тавуулаа ажилладаг. Өглөө ирээд сэтгүүлчийнхээ ажлыг хийдэг. HumanZ гээд сайтыг давхар тордож явдаг. Тэгээд сэдвээ ярьж, зохиолоо гаргаад бичлэгтээ орсноор оройдоо дуусгадаг. Нэг өдрийн дотор л бэлэн болж, үзэгчдэд хүрдэг.

Хэдийгээр бүгд жүжигчин биш ч азаар өөрсдөө жүжиглэх авьяастай, юмыг арай өөр өнцгөөс нь харж, хувирах чадвартай баг бүрдсэн байсан учир түүнийгээ ашигласан. Мэдээж алдаа дутагдал байгаа. Эхний видеонуудыг оффисынхоо өнцөг булан бүрд хийдэг байсан. Бие биеийнхээ хувцсыг хүртэл өмсөөд дүрээ гаргадаг.

Энэ бичлэгүүдийг хийхэд бидний ард хэн ч байдаггүй. Хэн нэгэн хүний зохиолоор ажилдаггүй цэвэр өөрсдийнхөө бүтээлийг хийдэг. Зарим хүмүүс харддаг байж болох юм. Энэ охид ямар зорилгоор видео хийж байна вэ, нийгмийн сайн сайхан хэнд хэрэгтэй гэж боддог бол мянган хувь зоригтойгоор хэлье. Ажил маань бидний хувьд маш үнэ цэнтэй.

-Анх нэг жилийн өмнө видео хийж эхлэх үедээ жилийн дараа буюу энэ үед ямар түвшинд очно гэж зорьсон байв. Түүндээ хүрч чадсан уу?

-Азаар бидний зорилгоо давуулан биелэгдээд явж байна. Манай хамт олон их хүчтэй, бодохоор хайр хүрээд байдаг юм. Анх эхлэхдээ нэг зорилготой байсан нь нөлөөлсөн. Анх бичвэр бичээд ойлгуулна гэж боддог байсан. Одоо маш том зүйл дээр төвлөрч байгаа. Олон Улсын төсөлд хамрагдаж, илүү том бүтээл хийхийг зорьж ажиллаж байна. Өөрсдөдөө итгэлтэй байгаа.

-Таны хувь хүн талаас зарим зүйлсийг ярилцъя. Багадаа ямар хүүхэд байсан бэ. Жүжиглэх авьяастай гэдгээ мэддэг байсан уу?

-Би хөдөөгийн хүүхэд. Утга зохиол судлаач мэргэжилтэй. Урлаг уран сайханд туйлын сонирхолтой. Хөдөө сурсан болохоор янз бүрийн дугуйлан секц хомс, зурагтаар гарч байгаа хүмүүсийг хараад гоё санагддаг байсан. Бага байхад дуулж, бүжиглэх урлагийг мэдрэх дуртай ч надаас хол юм гэж бодож өссөн.

Хүн хүсэж зорьсон зүйлийнхээ төлөө нэг л алхам хийхэд тэр хүсэл мөрөөдөл хаалганы цаана л байдаг.

Багадаа зүгээр л хичээлээ сайн хийдэг хүүхэд байсан.

-HumanZ багт орсон түүхээ хуваалцаач ?

-Манай багийнхан "учрах ёстой хүмүүс ханцуй шүргэх төдий тохиол хувь заяаных байдаг" гэж ярьдаг. Түүн шиг бид нэгэн гэр бүл болох хувь тавилантай гэж боддог. Миний хувьд энд ажиллахаасаа өмнө Бааска эгчтэй /HumanZ үүсгэн байгуулагч/ өөр ажил хамт хийдэг байсан. Тэр үед надад ийм ажил эхлүүлсэн тухайгаа ярьж, санал тавьсан. Тэр нь намайг татсан учраас хамт хийхээр болсон. Өмнө нь хийж байсан ажлынхаа цайны цагаар дундаа кимбаб тавьчихаад нөгөөхөө хувааж идэнгээ мөрөөдөж, ярьдаг байсан. Үүнээс эхэлж байсан юм.

-Танай видеог үздэг хүүхдүүд таныг илүү "крашилдаг" юм билээ. Тэр сэтгэгдлээсээ хуваалцаач ?

-Хамгийн хөөрхөн мэдрэмж. Видеоны доор бичсэн сэтгэгдлүүдийг уншихаар хүүхдүүд өөрийгөө сайн илэрхийлдэг болсон харагддаг. Түүнийг хараад урам ордог. Намайг муу талын дүрд тоглохоор Янжка эгч та яаж байгаа юм бэ, найздаа муухай хандлаа гэх мэт бичдэг. Хүүхдүүд ийм ариун цагаахан байдаг.

Яг ийм байгаа дээр нь зөв зам руу нь чиглүүлж, муухай зүйл нийтлэхгүй байхыг гэж хичээдэг.

Бидэнд олон зурвас ирдэг. "Би ... настай ... байна. Найзтайгаа муудчихсан байсан чинь танай бичлэгийг үзээд эвлэрсэн" гэж хүртэл бичдэг. Саяхан байрныхаа гадаа сууж байхад хоёр жоохон хүүхэд ирээд "Та Янжка эгч мөн үү" гэж асууснаа чихэр өгсөн. Тэр чихрийг нь идэж чадахгүй, хайр хүрээд идсэн ч цаасыг нь хадгална гэж бодож байгаа.

-Анх HumanZ-д орох үеийн Янжка, одоогийн Янжка хоёрын хооронд ямар ялгаа гарсан гэж бодож байна?

-Дээд боловсрол эзэмшээд ажил хийгээд мөрөөдлөө биелүүлнэ гэж боддог байсан. Яг миний мөрөөдөл юу вэ гэж өөрөөсөө асуувал олон хүн бүдрэх байх. Би тэр олон хүмүүсийн нэг байсан. Энэ хугацаанд өөртөө хариуцлагатай байхыг маш ихээр мэдэрсэн.

HumanZ бол өөрийгөө хайрлах шалтгааныг минь олуулсан. Шат ахих гэдэг нь тушаал дэвших өнгө мөнгөний асуудал биш сэтгэлгээний хувьд ахих гэдгийг ойлгосон. Заавал гадаадад ажиллаж, нэр хүндтэй байх биш гэдгийг ойлгосон. Харин жинхэнэ утгаар нөлөөлж чадахыг хэлдэг юм байна.

-Ажлаасаа их урам зориг авдаг гэсэн шүү дээ. Гэхдээ сэтгэлээр унах үе гардаг байх. Тэр үедээ өөрийгөө хэрхэн сэргээдэг вэ?

-Хааяа бидэнд автобусны мөнгө ч олдохгүй үе гардаг. Хэн ч бидний дээр байхгүй учир бүгд бидний толгой дээр бууна. Хамгийн анхны оффистоо түрээсийн мөнгө төлдөггүй байсан.

Дөрвөн давхар барилгын гадна, дотор, ариун цэврийн өрөө, шал гээд бүгдийг нь цэвэрлэдэг байсан. Оронд нь үнэгүй оффист суугаад ажлаа хийдэг байсан. Тэр үед хэцүү санагдаж байсан ч хэн нь ч хойш сууж байгаагүй. Энийг хийж байж бид оффистоо суугаад ажлаа хийнэ гэдгийг бүгд ухамсарлачихсан байсан.

- Таныг бие давхар гэж мэдээгүй ирсэн юм. Ээж болох гэж байгаа сэтгэгдлээ хуваалцаач?

-Өөрийнхөө амьдралын цоо шинэ түвшинд хүрээд найман сарыг өнгөрөөж байна. Миний хувьд үнэхээр том даваа үргэлжилж байна. Ертөнцийн бүх ээжийг үнэхээр биширч байна. Бие давхар болсон ч гэсэн ажил бас эрүүл мэндээ алдахгүй байхыг хичээсээр байна. Манай багийнхан намайг их хайрлаж, тусалж байгаа.

Гэр бүлийнхэн ч ажлыг маань ойлгодог учир аль аль нь хүлээцтэй хандаж, жирэмслэлтийн үе шат сайхан явж байна. Мэдээж эрүүл мэндийн асуудал гарна. Тэр бүгдийг амжилттайгаар даван туулж байна. Жирэмслэлт бол өвчин зовлон биш. Хажууд байгаа хүмүүс болон өөрийн сэтгэл зүй их нөлөөлдөг гэдгийг ойлгосон.

Эрүүл мэндийн шалтгаанаар хоёр долоо хоног видеонд ороогүй. Тэр үед намайг асуусан хүүхдүүд маш их байсан. Амаржсаныхаа дараа хэсэг хугацаанд ажилдаа очихгүй байвал битгий гайхаарай. Хэзээд манай баг хамтаараа байх болно.

- Ярилцсанд баярлалаа.

ШУУД ҮЗЭХ:

Булган аймагт ашигт малтмал  олборлох үйл ажиллагаа явуулж байсан “Батбродерс” ХХК-ны үйл ажиллагааг зогсоолоо
Булган аймагт ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байсан “Батбродерс” ХХК-ны үйл ажиллагааг зогсоолоо
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.