Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Батзориг: Зарим нэг улстөрч дураараа ДАЛАЙ ЛАМД мөргөснөөс болж Хятадууд хилээ хааж, эдийн засаг уналтад ОРЛОО

Огноо
Унших
17 минут 58 секунд

Наадмын дараа намар биш хямрал хаяанд ирж, төмс тансаг хэрэглээнд тооцогдсон үнийн өсөлтийн хар сүүдэр нүүрлээд байна. Тиймээс эл асуудлын хариултыг эрэлхийлэхээр эдийн засагч, судлаач Г.Батзоригтой ярилцсанаа хүргэе.

-Манай улсад гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн тэр дундаа төмс, хүнсний ногооны үнэ огцом нэмэгдсэн. Ер нь үнийн хөөргөдөл үүсэх болсон гол шалтгаан нь юутай холбоотой вэ?

- Үнийн өсөлт, хөөрөлтийг хэмждэг үзүүлэлтийг инфляц гэж нэрлэдэг. Гол нэрийн бүтээгдэхүүний сагсанд 300 гаруй нэр төрлийн бараа бий. Үүгээр хэмждэг. Нийт 300 гаруй барааны ердөө 4 нь л нийт инфляцын 60 хувийг эзэлж байна. Өнөөдөр инфляц 16 хувьтай байгаа нь 300 орчим нэр төрлийн барааны жигнэсэн дундаж үнэ юм. Эдгээр 4 нэр төрлийн бараанд мах, хүнсний ногоо, хатуу түлш, шатахуун багтдаг. Манай улс мал олонтой боловч махны экспорт бага зэрэг нэмэгдэхэд дотооддоо хомсдол үүсэж, улмаар нөөцийн махны асуудал үүсдэг. Харин хүнсний ногооны хувьд хувь хүмүүс их тариалдаг. Хэчнээн Атарын гуравдугаар аян гэж зарласан хэдий ч энэ нь зах зээлийн зарчмаараа явахад хэцүү байдаг. Учир нь дурын ногоо тариалагч нөөцлөөд хадгалчихдаг. Түүнийгээ үнэ өсөхөөр зардаг. Ерөнхийдөө эрүүл бус зах зээл гэсэн үг.

Хатуу түлшний хувьд төрийн оролцоотой байдаг бол шатахуун гаднаас хамааралтай. Зөвхөн энэ 4 төрлийн бараанаас харахад инфляц өндөр байхаас өөр аргагүй. Үлдсэн 40-50 хувь нь импортын бараа бүтээгдэхүүнээс хамаардаг. Монгол Улс импортлогч орон биш учир бүх бүтээгдэхүүнийг гаднын улсуудаас импортолдог. Нөгөө талаас олон улсад инфляцын түвшин өндөр байгаатай холбоотойгоор эдгээр импортын бараа бүтээгдэхүүний өртөг нэмэгдсэн. Мөн манай улсад хил гаалийн асуудлаас үүдэн сар тутамд орж ирдэг байсан бараа гурван сард нэг удаа орж ирэх болсон. Тиймээс хадгалалтын зардал нэмэгдэнэ. Мөн тээвэрлэлтийн зардал 20-30 дахин өссөн. Үүн дээр ханшийн өөрчлөлт нөлөөлж байгаа. Нэг бараа бүтээгдэхүүн дээр 4-5 хүчин зүйлээс шалтгаалж байгаа учир үнийн өсөлт явагдаж байна.

Мэдээж тухайн бараа бүтээгдэхүүнийг импортолж буй хүн өөрийн ашгаа бодно. Тиймээс эцсийн хэрэглэгч буюу худалдан авагч бид энэ бүхний үр дагаврыг үүрж байгаа юм.

Хүнс, махан дээр эрүүл бус зах зээл голлон явагддаг. Цаашилбал, хил гаалийн асуудалтай холбоотойгоор үнэ өсөж байгаа. Эдгээр шалтгаанаас болж үнийн өсөлт огцом явагдсан гэж харж байгаа.

- Хоёр сарын өмнө тантай ярилцахад нүүрс экспортолж чадахгүй байгаатай холбоотойгоор дизель түлшний үнийг төлж чадахгүй болно. Энэ нь бусад салбартаа нөлөөлнө гэсэн прогноз дэвшүүлж байсан. Гэтэл төмснөөс эхлээд үнийн хөөргөдөл үүсээд эхэллээ. Таны прогноз биеллээ олсон гэж бодож байна уу?

- Манайхан АИ-92 шатахуун дээр илүү ач холбогдол өгч байна. Монгол Улсын эдийн засаг уул уурхайд суурилсан. Дизель түлш болоод АИ-95-ийн үнийн нэмэгдлийг бий болгосон. Гэтэл нийт уул уурхайн бүтээгдэхүүний өртгийн 40 орчим хувь нь дизель түлш буюу шатахуунтай холбоотой өртөг байна. Жишээлбэл дизель түлшний үнэ 4000 төгрөгт хүрэхэд алтныхны үйл ажиллагаа зогсдог. Өөрөөр хэлбэл ямар ч зардлаа нөхөх боломжгүй болно. Ийм нөхцөл байдал руу орчихлоо шүү дээ.

Үнийн хөөргөдөл шатахууны суурь үнэнээс шалтгаална гэж бидний өмнө ярилцаж байсанчлан биеллээ олж байна.

Саяхан шатахууны үнэ нэмэгдэхэд үүссэн нөхцөл намар дахиад хүнсний ногоон дээр нөлөөлнө. Жишээлбэл хөдөө аж ахуйн салбар тэр чигээрээ дизель түлш ашигладаг. Ногоо хураахдаа энэ түлшийг ашиглахаас өөр аргагүй. Нөгөөтээгүүр өвөл болохоор хатуу түлш буюу нүүрс хэрэглэнэ. Энэ үед дахиад л уул уурхайн салбар дизель түлш ашиглана. Суурь үнэ шатахуун учир ирэх 9 болон 10 дугаар сард нэмэгдэнэ гэж харж байна.

Манай улс уг нь шатахууны үнийг төрийн бодлогоор барьдаг. Гэхдээ маш буруу үедээ барилгүй тавьчихлаа

Учир нь уул уурхай, хөдөө аж ахуйн салбар хамгийн идэвхждэг саруудад шатахууны үнэ нэмэгдэхээр дагаад таксины жолооч хүртэл амандаа орсон үнээ хэлнэ. Эдийн засгийн идэвхтэй үед шатахууны үнийг дарж байгаад идэвхжил буурсан үед шатахууны үнийг нэмсэн бол хүнсний ногооны үнэ нэмэгдэхгүй байх байсан. Бодлогын хувьд алдаа гаргасан гэсэн өнцөг гарч ирж байна.

- Он гарснаас хойш буюу эхний 6 сарын байдлаар эдийн засгийн өсөлт хэдэн хувьтай байна вэ. Оны төгсгөл хэд хүрнэ гэсэн хүлээлт байна вэ?

- Эдийн засгийн өсөлт гэдэг тооны цаана хэдэн компанийн ашиг байдаг. Дээрээс нь ажилчдын цалингийн өсөлт. ААН, байгууллагууд зээл болон өрөө төлөхөд хүндрэлтэй, борлуулалтын орлого нь муудсан байхад мэдээж цалин өсөхгүй. Мөн хүмүүсийн худалдан авах чадвар ихээр буурсан учир борлуулалт хийж чадахгүй. Улмаар ашиг нэмэгдэхгүй шүү дээ. Эдгээрийг эдийн засгийн өсөлт нэгтгэсэн байдлаар үзүүлдэг.

Одоогоор 3.8 хувийн агшилттай байгаа. Оны төгсгөлд 0-1 хувиар өсөх болов уу гэсэн хүлээлттэй байна. Энэ нь бараг өсөхгүй гэсэн үг. Өсөхгүй байгаа гол шалтгаан нь уул уурхайн бүтээгдэхүүнээ экспортод гаргаж чадахгүй байгаа юм. 2022 он гарснаар эхний таван сарын нүүрсний гаралтын орлогыг урьдчилаад хэрэглэчихсэн байсан. Иймд өнгөрсөн сараас экспортолсон нүүрсний орлого валютын нөөц болоод тухайн компанидаа орлого болон орж ирж байгаа.

Удахгүй Хятадад сонгууль болно. Үүнээс шалтгаалан хөл хорио дуусахгүй шинжтэй байна. Мөн ковид дахин идэвхжиж байгаа. Энэ үед нүүрсний гарц нэмэгдэхгүй, уул уурхайгаас орж ирэх орлого тэлэхгүй. Дагаад тээвэр, худалдааны салбарууд уналтад орно.

- Монголбанк болоод Засгийн газраас ямар арга хэмжээ авч чадвал оны төгсгөл гэхэд эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх боломжтой вэ. Шинэ сэргэлтийн бодлого эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын үед хэр оновчтой шийдвэр болов?

- Засгийн газраас гарж буй шийдвэрийг хувь шинжээчийнхээ үүднээс дүгнэхэд, өнгөрсөн хугацаанд дунд болон урт хугацааны бодлого нэлээд яригдлаа. Хамгийн чухал зүйл нь ковидын дараах сэргэлт байсан. Ковидын үед олон улсын мэргэжлийн байгууллагуудын зүгээс хөгжиж буй орнуудад ковидын дараах сэргэлт удаан байна гэж байсан. Гэтэл манай улс үүнийг нь үл тоож, маш удаан хугацаагаар хөл хорио тогтоосон. Мөн хил гаалийн асуудал дээр буюу гадаад бодлого дээрээ алдсан. Эдгээр нөхцөл байдлаас үүдэж эдийн засаг сэргэж чадаагүй байтал дунд болон урт хугацааны бодлого хэрэгжүүлсэн.

Гол хийсэн зүйл нь төмөр зам. Гэтэл энэ төмөр зам нь өргөн, нарийн цагаригийн асуудлаас болж гацчихсан. Тиймээс 2023 он хүртэл төмөр замын асуудал дээр "нар харахгүй" буюу нүүрсний экспорт нэмэгдэхгүй гэсэн үг.

Бид яах ёстой байсан бэ гэдгийг хэлэхэд амархан л даа. Гэхдээ нөөц бололцоогоо зөв ашиглаж чадсан бол боломж байсан.

Нэгдүгээрт, Засгийн газрын чадамжийн асуудал хөндөгдөнө. Наад зах нь бизнес эрхлэгчид бараа татахдаа хил гааль дээр их хэмжээний хахууль өгч байна. Энэ бүгдийг ил цагаан бичээд байхад Засгийн газар өргөн хүрээнд бүрэлдэхүүн ажилуулж асуудлыг шийдвэрлэж чадаагүй.

Хоёрдугаарт, гадаад худалдааны хувьд БНХАУ-ын дотоодод тогтворгүй байдал өндөр байхад зарим нэг улстөрчид дураараа Далай ламд очиж мөргөсөн. БНХАУ манайхтай хилээ хаасан нь үүнтэй холбоотой. Бид тайлбарлахдаа Хятад ковидын халдварыг тэглэх бодлогоос болсон гэж ярьж байгаа. Тиймээс гадаад худалдааны бодлогын хувьд нэлээд том алдаа гаргасан гэж бодож байна.

Гуравдугаарт, Ерөнхий сайдын мэдэгдлээс болсон. Валютын ханш харьцангуй тогтвортой байхад Ерөнхий Сайд ковидын хязгаарлалтыг цуцаллаа гэж мэдэгдсэн. Энэ мэдэгдлээс бизнес эрхлэгчдийн дунд буруу хүлээлт үүссэн. Учир нь энэ мэдэгдлийн цаана аялж, гадагшаа явах, гаднаас бизнесийн зөвлөх үйлчилгээ авч болно, бараа бүтээгдэхүүний импортыг нэмэгдүүлэх боломжтой гэдэг ойлголтыг олон нийтэд өгсөн. Ингэснээр гадагшаа урсах валютын урсгал эрс нэмэгдсэн. Гэтэл эсрэгээрээ дотоод руу чиглэсэн валютын урсгал нэмэгдээгүй.

Ингээд валютын ханш савлаж эхэлснээр Монголбанк төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлэхээр мөнгөний бодлогын хүүг өсгөсөн. Ханшийг барихын тулд бодлогын хүүг нэмэгдүүлснээр иргэдийн ам.доллар руу шуурах давлагаа зогсоно гэж үзсэн. Үүний дүнд төгрөгийн хадгаламжийн хүү 11, 12 хувьтай болсон. Харин ам.долларынх хоёр хувьтай байгаа. Төгрөгийн ханшийн сулралаа бодлогын хүүгээр дамжуулж хааж байгаа явдал юм. Гэтэл үүнийг дагаад зээлийн хүү нэмэгдэнэ. Энэ нь ААН-үүдэд ирж буй дарамт улам нэмэгдэхэд хүргэсэн. Ингээд мөнгөний бодлого гэдэг зүйл нь эдийн засгаа унагаасан. Монголбанк төгрөгийн өгөөжийг хадгалж, инфляцыг нам байлгах сонголтоо хийсэн. Эдийн засгийн өсөлтийг золиосолсон.

Иймэрхүү үзэгдэл 1980 онд АНУ-д болж байсан. Эдийн засаг хумигдсан байхад инфляц өсөх үзэгдэл гэж хэлж болно. Бидний мэдэхээр хямралтай үед инфляц бага байдаг.

Монголын эдийн засгийн өсөлт зөвхөн зээл дээр тулгуурлаж өсдөг. Одоо авч чадах арга хэмжээ бараг байхгүй. Хөл хорио, хилийн асуудлаа шийдэхээс өөр гарцгүй.

- Монголбанкны зарласнаар эхний зургаан сарын байдлаар валютын нөөц 3 тэрбум 90 орчим сая ам.доллар байна. Тэгэхээр энэ нөөц импортын хэрэглээний 6-7 сарыг хангана гэж үзэж байгаа. Албан нөөц ямар түвшинд очвол гал алдах эрсдэл үүсэх вэ?

- Валютын нөөц 3 тэрбум ам.доллар гэдэг нь 6-7 сарын импортын хэрэгцээг хангана. Олон улсад 6 сараас буулгаж болохгүй гэж үздэг. Үүнээс доош орвол ерөнхийдөө улаан гэрэл асаж, нөхцөл байдал хэцүүдлээ гэж үздэг.

Монголбанк валютын нөөцийг нэмэгдүүлэх үүрэгтэй субъект биш. Засгийн газар бодлого хэрэгжүүлж байж экспортын бүтээгдэхүүнээс орж ирж буй орлогоороо зардлаа нөхөж байх ёстой. Монголбанк Алт-2 хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн.

Энэ хөтөлбөрийн хүрээнд 18 тонн алт экспортолж, жилийн 800 сая ам.долларын валютын нөөц олдог. Үүнээс өөрөөр Монголбанканд гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх арга байхгүй.

Засгийн газар, Сангийн яамны хийх бодлого илүү их. Нөгөө талаас зах зээл дээр хүлээлтийг өдөөж байна гэж ярьдаг. Гэхдээ бид нэг талаараа эдгээр асуудлыг хөндөж, ярьж, ойлгуулж, хөрсөн дээрээ буухгүйгээр болж бүтэхгүй байгаа зүйлсийг дарж байж болохгүй. Ингэж байж Засгийн газрын бодлогыг зөв явуулах боломжтой.

- Өнгөрсөн хугацаанд Төрийн хэмнэлтийн тухай хуулийг баталж, төсвөө тодотгосон. Энэ бүгд дорвитой үр дүнд хүрээгүй гэж эдийн засагчид үзэж байгаа. Гэтэл Сангийн сайдын хувьд дахин төсвийн тодотгол хийх шаардлага гарахгүй гэж мэдэгдсэн. Харин таны хувьд урьд нь төсвийн орлого дутсан тохиолдол дахин тодотгол хийх магадлалтай гэх таамаглал дэвшүүлж байсан. Одоо энэ нөхцөл байдал өөрчлөгдсөн үү ?

- Засгийн газар гадаад өр төлбөрөө төлөх ёстой байгаа. Бид үүнийг төлж чадахгүй. Хөгжлийн банкаар дамжуулан бонд гэдэг зүйлийг мэдэж авлаа. Тэгэхээр гаднаас авсан тэр бондоо төлөх мөнгө байхгүй учир сунгах асуудал яригдана. Сунгахын тулд ОУВС-ийн хөтөлбөрт орох, эсвэл орохгүйгээр сунгах хоёр боломж бий. Хэрэв ОУВС-ийн хөтөлбөрт орчихвол донор орнуудын тусламжаар дахин санхүүжилт хийгдэх боломжтой.

Гэхдээ үр дүнд нь ОУВС-гаас валютын ханшийг суллах, нөөцийг барих, НДШ-үүдийг нэмэгдүүл гэх зэрэг хатуу нөхцөлүүдийг тавина. Энэ нь нийгмийн бухимдлыг асар ихээр нэмэгдүүлнэ.

Засгийн газраас сонгуулийн өмнөх жилүүдэд ийм зүйл хийхийг хүсэхгүй байгаа. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ОУВС-ийн хөтөлбөрт орох ямар ч сонирхолгүй байна. Миний бодлоор Сангийн сайдын хувьд эдийн засгаа чадахаараа сэргээгээд, төсвийн орлогоо чадахаараа бүрдүүлж, бондын эргэн төлөлтийн хугацааг сунгах ажлыг өөрсдөө бие даан хийх чиглэл рүү ажиллаж байна гэж харсан. Ингэж сонгуулийн өмнө босоод ирнэ гэсэн хүлээлттэй байгаа гэж бодож байна.

Урьд нь хоёр удаа төсвийн тодотгол хийсэн. Сүүлд 240 тэрбум төгрөгийн тодотгол хийсэн нь төсвийн нийт зарлагатай харьцуулахад нэлээд бага мөнгө. Эндээс харахад төсвийн тодотголыг дорвитой хийгдээгүй. Нөлөөгүй.

Төсвийн орлого төлөвлөснөөс дутах байх. Орлого дутсан нөхцөлд дахин тодотгол хийхээс өөр аргагүй. Энэ нөхцөл байдал үүсвэл дахин төсвийн тодотгол хийх байх.

- Ирэх онд төлөх бондыг төлж чадахгүй гэлээ. Гэтэл Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуулын зүгээс ямар нэг асуудалгүйгээр төлнө гэсэн хүлээлттэй байгаагаа хэлсэн. Энэ тал дээр ямар бодолтой байна вэ?

- Хөгжлийн банкны зээлүүдийг хүчээр, сошиалын дэмжлэгтэйгээр төлүүлж дуусгаж байна.

Хөгөө чирч байна шүү дээ. Хөгжлийн банк нь сошиалаар ажлаа явуулж, зээлээ төлүүлчхээд гавьяа байгуулсан юм шиг ярьж байна.

300 сая ам.долларын Самурай бондын төлбөр бий. Мэдээж зээлээ эргэн төлүүлж орлого олж байгаа учир мөнгөтэй болчихно. Тэр мөнгөөрөө бондын төлбөр төлөх асуудал бий. Төлнө гэж хэлэх амархан.

- Удахгүй сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлж, өргөн хэрэглээний бүтээгдэхүүнээс эхлээд бараа бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэнэ. Эдийн засаг тодорхой хэмжээнд идэвхжилд орно. Үүний дараагаар буюу он гараад манай улсын эдийн засаг одоо байгаа нөхцөл байдлаасаа улам дордох үзэгдэл болох уу. Үүн дээр ямар төсөөлөлтэй байна ?

- Энэ намар нэлээд хүнд байх болов уу. Иргэдийн хувьд мөнгө байхгүй, худалдан авах чадваргүй болсон. Бараа бүтээгдэхүүний үнэ асар их хэмжээгээр нэмэгдсэн. Ялангуяа дундаж болон дунджаас доогуур давхаргын айл өрхүүдэд маш хүндээр тусна.

Энэ давхаргын өрхүүдийн нийт зарлагын 30 гаруй хувийг зөвхөн хүнсний хэрэглээ эзэлдэг. Одоогийн байдлаар 50 хувь руу дөхөх магадлалтай байна. Энэ нь бусад боловсрол, эрүүл мэнддээ зарцуулах ямар ч боломжгүй, илүү хүнд байдалд орох байдал руу нийгмээ түлхлээ гэсэн үг.

- Ярилцсанд баярлалаа.

Тайлбарлагч С.Шижирбат: Энэ жил нийт даваануудын ханш 25-30 тэрбум төгрөгийн хооронд эргэлдсэн
Тайлбарлагч С.Шижирбат: Энэ жил нийт даваануудын ханш 25-30 тэрбум төгрөгийн хооронд эргэлдсэн
 
Ажилтнууд нь илүү цагаар ажиллаагүй байхад илүү цаг бодож өөрсдөдөө авдаг байсан УЦУОШГ-ын хоёр хүний хэргийг шүүхэд шилжүүлжээ
Ажилтнууд нь илүү цагаар ажиллаагүй байхад илүү цаг бодож өөрсдөдөө авдаг байсан УЦУОШГ-ын хоёр хүний хэргийг шүүхэд шилжүүлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.