Европын зарим орнуудад ойрын жилүүдэд байгаагүй хэт халалт үргэлжилж байна. Энэ жил Испанд гал түймрийн улмаас 70,000 гаруй га талбай сүйдсэн гэдгийг Испани Улсын Ерөнхий сайд мэдэгджээ.
Франц, Испаниас гадна Португал, Грект хэдэн мянган хүнийг нүүлгэн шилжүүлж байгаа бол Их Британийн түүхэнд байгаагүй халуун өдөр болох магадлалтай байна. Францийн өмнөд хэсэгт гал түймэр хурдацтай тархаж байгаа тул эрх баригчид 1700 гал сөнөөгчийг ажиллуулж байна.
Их Британи
Их Британийн Суффолк хотод агаарын хэм 38.1 градус хүрч түүхэн халуун өдрүүдийнх нь нэгээр тэмдэглэгджээ. Цаг уур шинжээчдийн хэлснээр температур 40-д хүрч тус улсын түүхэд байгаагүй халуун өдөр тохиох магадлалтай аж. Хэт халууны улмаас Лондон хотын Лутоны нисэх буудал нислэгүүдээ цуцалж, зарим галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоожээ.
Нидерланд
Тус улсын Вестдорп хотод агаарын хэм 33.6 градус хүрсэн нь хамгийн халуун өдөр нь байжээ. Гэвч нөхцөл байдал улам дордож 39 градус хүрэх төлөвтэй байна.
Франц
Францын хэд хэдэн хотод түүхэд байгаагүйгээр халжээ. Баруун зүгийн Нант хотод гэхэд агаарын хэм 42 градус хүрсэн байна. Өнгөрсөн долоо хоногт эхэлсэн ойн түймрийн улмаас 30 мянган хүнийг одоогоор нүүлгэн шилжүүлжээ. Зөвхөн Жиронде мужид 15 мянган га газар шатсан байна. Агаарын хэт халалт, усны хомстолтой газруудаас болж түймэртэй тэмцэх хэцүү байгааг мужийн гал сөнөөгчид хэллээ.
Бельги, Герман, Итали
Цаг уурчдын хэлж буйгаар эдгээр улсуудад хэдэн өдрийн дотор агаарын хэм 40 хүрэх магадлалтай.
Испани, Португал
Хэт халууны улмаас Испани болон Португалд нийт 1000 орчим хүн нас баржээ. Португалд агаарын хэм 47 градус болж сарын дээд хэмжээндээ хүрсэн бөгөөд гал түймрийн сэрэмжлүүлэг тасрахгүй байна. Иймээс зарим аюултай бүсээс 300 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Зөвхөн Испанид 20 гаруй цэгт ойн түймэр дэгдэж гал сөнөөгчдийн хяналтаас гарсан байна.
ЭХ СУРВАЛЖ: CNN