Хэвлийдээ хүүхэд тээж яваагаа мэдсэн тэр цаг мөчөөс эхлэн ихэнх эмэгтэйчүүдийн сэтгэл зүй өмнөхөөсөө өөрчлөгддөг. Мэдээж төлөвлөсөн жирэмслэлт аз жаргалыг авчирна. Харин төлөвлөөгүй жирэмслэлт нь олон эмэгтэйчүүдэд хүндээр тусаж, сэтгэл зүйн асар их өөрчлөлтөнд орох нөхцлийг бүрдүүлдэг.
Энэ үед хэрхэн сэтгэл зүйгээ тогтвортой байлгах, cэтгэл зүйн байдал урагт хэрхэн нөлөөлдөг талаар Cэтгэлзүй, Cэтгэц Хэмжилзүйн Үндэсний Хүрээлэнгийн Сэтгэл Судлаач Б.Баярцэнгэлтэй ярилцлаа.
Жирэмсэн үед эхийн сэтгэл санааны байдал урагт хэрхэн нөлөөлдөг вэ?
Ураг хүртэл өөрийн бие даасан сэтгэцтэй тэгэхээр гаднаас ирж буй цочролыг давхар мэдэрч түүнд хариу үйлдэл үзүүлж байдаг.
Жирэмсэн эх тухайн жирэмслэлтээ төлөвлөсөн эсэхээс эхлээд сэтгэлзүйн байдал өөр өөр байдаг.
Жирэмсэн үеийн сэтгэц хэр эрүүл байна тэр чинээгээр ар гэр, нөхөр, бусад хүмүүстэй сайн ойлголцож, сэтгэл санаа өөдрөг дэврүүн жаргалантай байдаг. Жирэмсэн эх дааврын өөрчлөлтөөс хамаарч зуршил өөрчлөгдөх, зан төрх өөрчлөлтөд ордог.
Түүнчлэн гутрал, бухимдал гэх мэт сэтгэл хөдлөлүүд урагт нөлөө үзүүлдэг. Нэг үгээр сөрөг орчин, бухимдал их байвал ураг тайван бус байна, нөгөө талаар ураг ч гэсэн тусдаа сэтгэцтэй учир хариу сэтгэл санаагаа илэрхийлж эхийн бие тавгүйтэх тал ч бий. Жирэмсэн эх сэтгэл санаа болон бие махбодийн хувьд эрүүл байх нь урагын сэтгэц, сэтгэл санаанд нөлөөлдөгөө гэсэн үг.
-Анх удаа жирэмсэлж буй 18-25 хүртэлх насныхан жирэмслэх үедээ сэтгэл зүйн өөрчлөлт асар ихтэй байдаг юм шиг санагддаг. Энэ талаар судалгаа байдаг уу?
Азийн орнуудад гэрлэлт, гэр бүл төлөвлөлтийг нилээн залууд төлөвлөдөг тал бий. Манай улсад хүртэл залуудаа төрж авах хэрэгтэй, алив гэрлээчээ гэдэг тал байдаг. Гэхдээ энэ хандлага бага ч гэсэн хувиар буурч байгаа гэж би хардаг. Төрөлтийн хувьд манай орон залуужсан. Гэр бүлийн амьдралыг төлөвлөлгүй хүүхэдтэй болж буй амьдрал олонтаа болсон.
Хүүхэд төвт амьдрал эхэлж залуу хосууд асуудал бэрхшээлтэй ихээр тулгарч байгаа. Бэрхшээлтэй нүүр тулснаар ганц бие аав, ээжийн амьдрал сонгож байгаа тал статистик тоо баримтаас харагдаж байна .
Төрөлт залуужих тусам сэтгэлзүйн бэлэн байдал сул байх нь бий. 18 нас гэдэг эх хүн болоход дэндүү бэлтгэгдээгүй нас. Жирэмсэллээ гэхэд сэтгэл санааны хувьд тогтворгүй жирэмсэн үедээ сэтгэлээр унах, төрсний дараа мөн адил төрсний дараах гутрал хүчтэй явагдах өндөр магадлалтай. Учир нь дааврын өөрчлөлт насны онцлогоос нь хамаарч хүчтэй уналт, сэтгэлзүйн өөрчлөлтүүд илэрч болох юм.
-Ямар насныхан илүү их сэтгэл зүйн өөрчлөлттэй байдаг вэ?
Бүхий л хүмүүс нас сэтгэлзүйн онцлогоос хамаарч өөрсдийн амьдралдаа сэтгэлзүйн олон бэрхшээлийг даван туулдаг. Тухайн хүн бүрийн намтраас хамаарч асуудлаас хамаарч сэтгэц өөрчлөлтөд орох талтай. Тийм насных гэж тодотгох нь илүүц юм.
-Залуу охидуудын хувьд ихэнх нь яг сургууль соёлоо төгсөөд ажлын гараагаа эхлүүлэх гэж байтал жирэмсэн болох, эсвэл оюутан байхдаа жирэмслэх зэрэг тохиолдлууд гардаг. Энэ үед сэтгэл санаагаар их унаж, сэтгэл гутралаа гэр бүлийнхнээсээ нуун уйлах үе ч байдаг гэсэн. Өөрөөр хэлбэл тэд хийж бүтээх насан дээрээ жирэмслээд гэртээ байгаадаа гутардаг байгаа юм. Энэ үед яах хэрэгтэй вэ?
Ийм нөхцөлд орохгүй байх сонголт өөрт нь бий. Анхнаасаа гэр бүл төлөвлөлт, жирэмслэлтийн талаар томоохон ойлголттой, амьдралынхаа зорилго, зорилтоо ойлгох хэрэгтэй. Тэдгээрийг ойлгож бие хүний хувьд ухамсартайгаар биеэ авч явах тал дээр шат шатны боловсролын тогтолцоо хувь нэмэрээ оруулах ёстой. Оноогүй цаг хугацаанд жирэмслэлт, гэр бүл төлөвлөснөөр дээр таны дурдсан асуудал угаасаа тулгарна. Тулгарсан тохиолдолд яах вэ гэвэл байгаа нөхцөлдөө үнэлэлт дүгнэлт хийх, цаашдын амьдралаа том зургаар харах хэрэгтэй. Тэгээд төлөвлөх гээд үзэх хэрэгтэй. Сэтгэлзүйн туслалцаа авах шаардлагатай.
-Сэтгэл зүйчтэй ярилцах, зөвлөгөө авах хэр үр дүнтэй вэ?
Сэтгэлзүйн асуудал хүн бүрт бий. Тэр асуудлаа шийдсэнээр амьдралын чанар өсөж, аз жаргалын индекс хүртэл нэмэгдэнэ. Өөртөө оруулж буй хөрөнгө оруулалт гэж ойлгох чухал юм.
-Сэтгэл зүйчтэй ярилцах, зөвлөгөө авах боломжгүй, магадгүй хөдөө орон нутагт амьдардаг нэгэн байлаа гэхэд түүнд сэтгэл зүйгээ удирдах ямар зөвлөгөөнүүдийг өгөх вэ?
Сэтгэлзүйн зөвлөгөө онлайнаар авч болдог. Гэхдээ биетээр уулзаж оношлуулах, асуудлаа танин мэдэх чухал шүү.
1т өөрийгөө шударгаар дүгнэ
2т алдаагаа харж буруугаа хүлээж сурах
3т Нээлттэй эерэг байх
4т Бүх зүйлд өндөр хүлээлт бүү өг
5т Бусдыг болоод өөрийгөө бүү хуур
Өөрийгөө шударгаар үнэлж дүгнэх нь таныг цааш хөгжих замыг нээнэ, алдаа дутагдлаа харж буулт хийж буруу хүлээж чаддаг хүн ахин хазгай алхдаггүй.
Нээлттэй байснаар гэр бүл болоод хүрээлэн буй хүмүүс таныг ойлгох хамгийн том хүчин зүйл болно. Учир нь хүмүүс нэгэндээ ойлгогдох гэж уддаг. Бүхий л зүйлд өндөр ач холбогдол өгч хүлээлттэй хүн дарамтад ордог тал бий.
-Түүнчлэн жирэмсэн эмэгтэйчүүд хоол идэх хүсэлгүй болж, хоолтой холбоотой олон асуудлууд гардаг. Ийм үед яаж хооллох нь зүгээр вэ?
Энэ асуудал өөрийгөө танихаас эхлэх байх. . . Хоолзүйч, хяналтын эмчийн зөвөлгөө чухал. Хүн бүрийн биеийн онцлогоос хамаарч хооллох дуршил өөр өөр болдог. Өөртөө таарсан дэглэмийг сонгох чухал.
-Интернэтийн мэдээллээс эхлээд ам дамжсан олон зөвлөгөөнүүд байдаг. Энэ бүхнээс яаж ялгаж, хамгийн зөвийг нь олж уншиж, итгэх вэ?
Хүмүүсийн сайн туршлагуудыг уншиж болно. Тэр бүхнийг өөртөө тусгаж хэрэгжүүлэх хэрэггүй. Хүн бүр өөр давтагдашгүй байдаг. Хүмүүсийн туршлагаас сургамж авч болох юм. Өөрт тулгарсан асуудлаа мэргэжлийн хүнд хандаж зөвлөгөө авснаар цаг хугацаа хэмнэж бэрхшээлтэй асуудлаасаа хурдан ангижирч чадна.
-Зохих бэлтгэл хийгээгүй, төлөвлөөгүй жирэмслэлт олон асуудлыг үүсгэдэг. Амьдралын хэв маяг өөрчлөгдөнө,гэр бүлийн харилцаанд олон шинэ асуудлууд гарч ирнэ. Энэ бүхэнд хэрхэн сэтгэл зүйгээ бэлдэх хэрэгтэй вэ?
Жирэмслэлт нэг талаар төлөвлөж болдог зүйл тийм учраас төлөвлөж жирэмслээрэй. Сэтгэлзүйн хувьд бэлтгэгдсэн үедээ мөн эдийн засгийн нөөц, тухайн шинэ хүн мэндлэн гарахад угтан авч чадах бэлтгэл үүссэн үедээ төлөвлөх чухал. Гэр бүлийн асуудалтай, хосууд ойлголцол сул хэт нэг нь хохироод буй мэт харилцаатай, эсвэл хэн нэг нь давамгайлж дарамт үүсгэж харилцдаг. Биесээ таниагүй, сайн ойлголцдоггүй бол хүүхэд төлөвлөх эртэднэ. Жирэмсэн үед байнга хямрах дарамтанд байдаг, гэр бүлийн үл ойлголцол гарч буй бол сэтгэлзүйчид хандах хэрэгтэй.
-Тэгвэл бие физиологийн хувьд жирэмсэн үед ямар өөрчлөлтүүд гардаг вэ? ихэвчлэн хөхний хэмжээ томрох, нөсөө толботой болох, таргалах зэрэг өөрчлөлтүүд гарч ирдэг. Эдгээрийн эсрэг ямар арга хэмжээ авбал зүгээр вэ?
Бүхий л зүйл цаг хугацаа шаарддаг. Жирэмсэн үеийн хямрал богино хугацаанд өрнөөд алга болдог тал бий. Энэ нь харьцангуй бэлтгэгдэж жирэмсэлсэн хүнд ажиглагддаг. Түүнээс биш жирэмсэн үе тэр чигтээ асуудалтай мэт байгаа бол бэлтгэгдээгүй, бэрхшээлтэй үедээ төлөвлөсөн хэрэг. Мөн жирэмслэлтээс үүдсэн таргалалт, дааврын өөрчлөлтөөс улбаатай зүйлүүд эргээд байрандаа ордог бол таны буруу хэвшил, зуршлаас үүдсэн хохирол маш их хугацаа зарцуулж хэвийн болдог. Тийм учраас жирэмсэн үедээ амгалан тайван, сэтгэлзүйн хувьд тогтвортой байх чухал үүнд нөхрийн оролцоо дэмжлэг их чухал байдаг. Нөхрийн халамж анхаарал дутагдсанаас үүдэж зарим жирэмслэлт хайр дүүрэн биш аз жаргалгүй явагддаг үүнээс үүдэж урагын сэтгэц ч тогтворгүй байж тайван бус хүүхэд төрөх эсхүл төрсний дараа хүүхдэд тархи амраах зүйлүүд их хэрэг болдог. Эх үрийн холбоо маш нандин тул тулгар эх маш сайн амарч сэтгэлзүйн хувьд тогтвортой, гэрийн хүн нь халамжилж цаг зориулдаг байх. Эх өөрөө ч сэтгэцийн болоод биеийн эрүүл мэндээ сахин хамгаалах хэрэгтэй юм.
-Жирэмсэн үедээ ихээр уурлаж, бухимдахаар урагт сөргөөр нөлөөлж их уйлдаг хүүхэдтэй болдог гэсэн. Энэ хэр бодитой вэ?
Үнэний хувьтай. Эх амгалан бус байх урагт маш хор уршигтай дээр ураг бие даасан сэтгэцтэй шүү дээ. Тээж буй эх амар амгалан эрүүл хэвшилтэй аз жаргалаар дүүрэн байх нь хүүхдэд таатай нөлөөтэй тархи, мэдрэлийн хөгжилд нь сайн эсрэгээр тайван бус байх буруу хэвшилтэй байх нь хүүхдэд сөрөг тайван бус хүүхэд төрөх магадлал их бодит асуудал л даа.