Энэ сарын 13-ний өдрийн 19,00 цагийн орчимд "Охиныг минь хулгайлчихлаа" гэх дуудлага Увс аймгийн цагдаагийн газарт иржээ. Уг хэргийг шалгаж үзэхэд, тус аймгийн Давст сумын 25 настай эрэгтэй Улаангом сумаас 29 настай эмэгтэйг машиндаа суулган сум руугаа авч явсан байна. Шалгалтын явцад хохирогч эмэгтэйн биед ямар нэг гэмтэл учраагүй нь тогтоогдсон байна. Хэргийн тухайд тухайн хоёр иргэн нь өмнө нь нэгнээ зүс таньдаг байсан бөгөөд эмэгтэйг эхнэрээ болгохоор хулгайлсан гэх тайлбарыг өгсөн байна.
Тэгвэл яг үүнтэй төстэй хэрэг Увс аймагт өмнө гарч байсан юм. Тодруулбал, ХҮЭК-ийн илтгэлд дурдсанаар Увс аймгаас Улаанбаатар хотод суралцаж төгсөөд нутагтаа очсон охиныг нутгийн залуу гэргийгээ болгохоор хулгайлсан тухай мэдээлсэн билээ. Уг хэрэг одоогоос 10 гаруй жилийн өмнө болсон бөгөөд энэ талаар хэргийн хохирогч болсон эмэгтэй "Тухайн үед зүс таних залуус намайг машинд хүчээр суулгасан. Тэгээд гэртээ аваачсан. Тэгэхэд одоогийн хадам ээж маань "Охин минь, цагаан зээр, бүсгүй хүн хоёр нутаггүй байдаг юм. Хүү минь чамд сайн хань болж чадна" гэсэн. Тэгэхэд нь би гэртээ харъя гэж зөндөө гуйсан ч зөвшөөрөөгүй. Тэднийх аймгийн төвөөс маш хол, эзгүй хээр газар байсан болохоор би бусдаас тусламж авч чадаагүй. Зугтаж ч чадаагүй. Арга буюу тэндээ үлдсэн. Тэгээд бие давхар болсны дараа гэрийнхнийг дуудсан. Одоо нөхөр маань байнга архи ууж зоддог" гэж хүний эрхийнхэнд мэдүүлсэн байдаг.