Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ш.Ихбаяр: Ямар ч сайн хүүрнэлт киноны түүх эцсийн эцэст ёс суртахууны асуудлыг л тайлбарладаг

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
13 минут 43 секунд

Арт хаус киног Монголын үзэгчдэд таниулан сурталчилж, түгээн дэлгэрүүлэхээр ажиллаж буй Монголын кино институтийн дэд тэргүүн, кино найруулагч Ш.Ихбаяртай  ярилцлаа. Түүнийг үзэгч, кино хорхойтнууд "Алтан хальс" холбоог үүсгэн байгуулагч, долоо хоног бүрийн“Dreamer’s Day” кино өдөрлөг, сонгодог болон артхаус киноны artfilm.mn цахим хуудас, Андерграунд кино наадмыг монголд анх удаа зохион байгуулснаар нь сайн мэднэ. 

Арт кино найруулагчийнхаа хувьд Арт хаус буюу сонгодог төрлийн киног энгийн үгээр манай уншигчдад тайлбарлаж өгөөч? 

Арт кино гэсэн ойлголтоор ихэвчлэн арилжааны бус зорилготой, урлагийн төлөөх урлаг гэсэн хүслээр бүтээгдсэн, мэдлэг боловсрол өндөр давхаргад зориулсан кинонуудыг хэлж болно. Харин Артхаус гэдэг ойлголт нь Америкт 1940-өөд онд ихэвчлэн Европ кино гаргаж байсан кино театруудын нэршил. Сонгодог кино гэдэг нь миний дүгнэж буйгаар орчин үе буюу 1960-аад оноос өмнө хийгдсэн, мөн цаг хугацааны шалгуурыг давж гаран кино судлаач, шүүмжлэгчдийн үнэлгээгээр үнэ цэнэтэй гэж тооцогдох уран бүтээлүүдийг хэлнэ. Гэхдээ 10 жилийн өмнөх киног, тэр байтугай энэ жил хийгдсэн киног ч “сонгодог” гэж ярилцах нь ч бий. Тиймээс эдгээр нэршлүүд нь яг тодорхой онол суртлын дагуу бус нэлээн чөлөөтэй байдлаар хэрэглэгддэг юм.

Би хувьдаа өөрийгөө арт киноны найруулагч гэж үздэггүй. 2014 онд “Уран хас” нэртэй уран бүтээлчдийн талаарх баримтат кино хийсэн. Би зөвхөн сайн кино хийхийг л хичээдэг.

Энэ төрлийн киног үзэгчид бараг мэддэггүй. Үнэхээр өөрөө сонирхоод эрж хайгаад олж үздэг бүлэг хүмүүс л энэ төрлийн киног мэддэг юм шиг санагддаг.

Арт гэж хэлж болохуйц нийгмийн олонход зориулж хийгээгүй муу кино ч олон. Арилжааны кино ч гэлээ хааяа нэг агуулга, формын хувьд дээд түвшний кино байх нь бий. Тиймээс арт кино гэхээс илүүтэй чансаатай кино, сайн кино, дундаж кино, муу кино гэж кинонуудыг ангилбал илүү ойлгомжтой болох ч байж мэднэ. Үнэхээр аливаа киног үзээд оюунаа цэнгээхийг хүсдэг, гоо зүйн таашаал авахыг хүсэмжилдэг үзэгч байлаа гэхэд заавал урлагийн өндөр боловсролтой, нийгмийн дээд давхаргын хүн байх албагүй юм.

Арт кино сонирхогчдын тоо Монголд одоогоор хэдэн хувьтай байгаа бол? Арт киног танин мэдүүлэх зорилготой Алтан хальс холбоог үүсгэн байгуулж “Dreamers’ Day” өдөрлөгийг зохион байгуулдаг болсноос хойш 10 жил өнгөрлөө. Энэ хугацаанд үзэгчдийн тоо хэр өсөн нэмэгдсэн бэ?

Би 2009 онд Алтан хальс холбоог байгуулж үзэгчдийн сонирхлыг арт кинонд татах ажлууд хийсэн. Үзэгчдийн тоо нэмэгдсэн нь үзвэрүүдээс тодорхой харагддаг. Одоогоор би Монголын кино институт хэмээх байгууллагыг найруулагч Г.Жигжидсүрэн болон бусад хүмүүсийн хамт байгуулсан байгаа. Монголын кино институт маань үзэгчдээс гадна уран бүтээлчид рүү чиглэсэн үйл ажиллагаа илүү хийж байна. Үүнд 2013 оноос хойш зохиож буй Монголын кино институтийн Алтан хальс олон улсын кино наадам орно.

Холбоогоо яагаад орхих болов?  

Алтан хальс холбоо 10 жил болоход өсөж дэвжсэн зүйл байсангүй. Мөн өмнө хэлсэнчлэн уран бүтээлчид рүү илүү хандсан ажил хийх хүмүүстэй нэгдэхээр шийдсэн хэрэг. 

Арт кино нь хүний дотоод ертөнцийн тухай өгүүлдэг тул нууцлаг дүр төрх гаргах нь олонтаа байх, мөн жүжигчдээс илүү ур чадвар шаарддаг байх. Жүжигчдээ яаж сонгодог вэ?

Хүний дотоод ертөнцийн талаар өгүүлэх гэдэг дээр арт кино арилжааны кинонуудаас илүү ач холбогдол үнэхээр өгдөг. Хүний сэтгэлзүйн нарийн төвөгтэй байдал, харилцааг үнэмшилтэй гаргахад жүжигчдийн ур чадвар өндөр байх шаардлагатай нь мэдээж. Би хувьдаа өөрийн бүтээсэн хүүрнэлт богино кинонууд дээр дүрээ мэргэжлийн бус жүжигчид дээрээ суурилан хөгжүүлснээр жүжигчид маань илүү үнэмшилтэй дүрийг бүтээж чаддаг гэж үздэг.

Энэ төрлийн кино найруулагчид Монголд хэр их байдаг вэ?

Ямар ч кино найруулагч чадал чансаа нь байвал нухацтай арт кино хийх боломжтой. Ж.Сэнгэдорж найруулагчийн “Адам” гэсэн кино бий. Гэхдээ Сэнгэдорж найруулагч арилжааны кино ч мөн чадамгай хийдгээ баталсан нэгэн. С.Бямба найруулагчийн бүхий л бүтээлийг арт кино гэж хэлж болно. Залуу залгамж халаа нь манай институтийн кино наадмаар төрж гарч байгааг би гэрчлэн харж байгаа.

Манай нийгэмд энэ төрлийн кино урлагийг  яагаад сайн хөгжүүлэх (сайн хөгжүүлэх хэрэгтэй гэж боддог бол) хэрэгтэй вэ?

Арт, эксперименталь киног сайн хийхэд уран бүтээлчээс өндөр ур чадвар шаарддаг. Тиймээс ийм киног хийх сэдлийг төрүүлснээр уран бүтээлчид маань хөгжинө. Үзэгчид маань ч дагаад хөгжих болно.

Арт киног ойлгож үзэж чадвал иргэдийн сэтгэл зүйд хүчтэй нөлөөлж ямарваа нэг зүйлийг өөр өнцгөөс харах юм шиг ? 

Ямар агуулгатай кино гэдгээсээ л хамаарна даа. Арт кинонууд арилжааны киноны тэр болгон хөндөөд байдаггүй сэдвийг хөнддөг нь үнэн. Тиймээс кино урлаг өөрөө хүмүүс өөр нэгний дотор орж, өмнөөс нь санаа зовох боломжийг бүрдүүлдэг учраас сайн кинонууд аль ч улсын, нийгмийн ямар ч түвшний хүмүүсийг бусад түвшний хүмүүс нь ойлгож хүлээж авах боломжийг олгодог гэж би боддог.

Ер нь арт киноны үр дагавар нь юу вэ? Бусдад танин мэдүүлсэнээр үр дүн нь юу байх вэ?  

Ямар ч сайн хүүрнэлт киноны түүх эцсийн эцэст ёс суртахууны асуудлаар тайлбарлаж болох гол санааг агуулж байдаг. Өөрөөр хэлбэл хүмүүс хэрхэн бие биедээ зөв хандах, хамтдаа хэрхэн нийцтэй амьдрах асуудлууд хөндөгддөг гэсэн үг. Гэхдээ киноны гол санаа мэдээж хэт ил байж болохгүй, үгүй бол номлосон болчихно.

Арт кинонд дүрслэх урлаг ямар орон зайг эзэлдэг вэ? Хэрхэн холбон оруулдаг вэ?

Аливаа чансаатай киноны зураглалыг найруулагч, эсвэл зураглаач нар нь ухамсартайгаар уран зургийн ямар нэг уламжлалд хүндлэл үзүүлсэн байдлаар боловсруулагдсан байх нь бий. Харин эксперименталь кино гэдэг нь ихэнх тохиолдолд киног хөдөлгөөнт уран зураг байх талаас нь хандсан нь илт байдаг. Эцсийн эцэст кино гэдэг бол секундэд 24 удаа солигдох зураг шүү дээ.

Та өөрөө найруулагч Стэн Брэкижийг шүтдэг. Хүн өөрийн шүтэн биширдэг зүйлдээ автан өө харахаа больдог. Тэгвэл та өөрийн дуртай найруулагчийнхаа киноноос ямар нэгэн шүүмжилмээр зүйл олж хардаг уу? Хүчирхэг уран бүтээлчийн нөлөөнд автан төгс байдлаар хардаг уу?

Стэн Брэкиж бол кино урлагийн яруу найрагч. Дүрсний яруу найраг хамгийн төгс хэлбэрээр түүний эксперименталь кинонуудад л илэрдэг. Олон зуун кино хийсэн нэгэн. Тэр дундаас таалахгүй кино байлгүй яах вэ.

Тэр алдартай найруулагчийн онцлогоос өөрт авч үлдсэн зүйл бий юу?

Брэкиж киноны формыг хэрхэн эвдсэнээрээ гол санаагаа илэрхийлж чадаж буй нь форм, агуулга хоёр нэгэн цул болох ховор тохиолын нэг дээ. Би ямар ч кино хийсэн (ихэвчлэн богино) форм нь агуулгаа дагах зарчмыг баримталдаг. Үгүй бол агуулгатайгаа хамааралгүй гоёмсог форм нь хоосон хэлбэрдэлт болж орхино.

Монгол найруулагчдаас үлгэр дуурайлал авдаг хүн бий юу?

Г.Жигжидсүрэн гуай.

Та одоогоор хэдэн уран  бүтээлийг гараасаа гаргаад байна вэ?    

Богино кинонуудаа тоолоогүй юм байна. Нэг бүрэн хэмжээний баримтат киноноос гадна видео арт, интерактив видео артууд хийсэн нь бий.

Киноных нь санаа нь хэд хэдээрээ байгаад байдаг. Гэтэл нэг санааг нь аваад кино хийх гэхээр яг сонголтоо хийж чадахгүй тохиолдол гарч байсан уу? Сонголт хийх хэр хэцүү санагддаг вэ?       

Олон санаатай байх их чухал. Тухайн үеийн боломжиндоо л тааруулж ямар сэдэвт агуулгыг барьж авахаа  шийддэг.  

Таны мэргэжил биотехнологич гэвч та кино урлагт хөл тавьсан. Ингээд харахаар та сонирхлоо хөгжүүлж мэргэжлийн хэмжээний уран бүтээл хийж байна. Үнэндээ хоббигоо ажил хэрэг болгож амжилттай явж байгаа олон хүний жишээ байдаг.  Та тэдгээр хүмүүсийн төлөөлөл мөн үү?                                            

Сайн кино бүтээх ур чадварыг хийж төлөвшүүлдэг учраас гол нь л хөдөлмөрлөх. Бас өөр салбарын мэргэжилтэй бол бас арай өөрөөр харна.  

Амьдрал үргэлжилсээр, шинэ үзэл санаа гарсаар, цаг үе өөрчлөгдсөнөөр Хүн байнга хувьсан өөрчлөгддөг. Гэвч тэр хувьсал дунд хүн өөрийн мөн чанараа гээхгүй байвал тэр хүн өөрөөрөө л байна гэсэн үг гэж боддог л доо. Та хэрхэн хувьсан өөрчлөгддөг вэ? Үзэл санааны хувьд, бие махбодын хувьд ч гэсэн?

Оюун санааны тэлэлт мэдээж хэнд ч байх ёстой. Туулсан амьдралаас сурах юм их бий ч ном уншихыг орхигдуулж болохгүй. Өнгөрсөн жил гэхэд 50 ном уншина гэсэн өөртөө сорил тавьсан ч гүйцэлдүүлж чадалгүй 30 ном л унших шив.

 Мэргэжлийн кино шүүмж монголд хэрхэн хөгжиж байна вэ? Арт киноны шүүмж гэж тусдаа байдаг уу?

Арт киноны шүүмж гэж тусдаа бол байхгүй. Монголд үнэхээр сайн кино шүүмжлэгчид л их үгүйлэгдэж байна. Кино шүүмжийн соёл тогтвол уран бүтээлчдийн ур чадвар хурдацтай хөгжих болно.

Найруулагч гэхээр уур омогтой, киноны багынхны айдас юм шиг ойлголт байдаг. Та хэр уур омогтой вэ? Тэр дундаа кино зураг авалтын үед?

Миний хамгийн удаан зураг авсан хүүрнэлт богино кино бол 10 хоног зураг авсан “Зүс бороо” гэх кино. Энэн дээр ажиллахдаа би хамгийн дуртай юмаа хийж байгаа болохоор жаргалтай л байсан. Жүжигчид, багийнхан маань ч мөн адил жаргалтай байсан. Сайн ойлголцдог жижиг баг учраас уурлах ямар ч хэрэг гараагүй шүү.

Таныхаар сайн кино гэж яг ямар киног хэлэх вэ?

Үнэхээр чансаатай кино гэдэг бол агуулгын (түүх, гол санаа гэх мэт) хувьд гүн гүнзгий, формын (зураглал, дуу гэх мэт) хувьд гоо зүйн өндөр түвшнийх байдаг.

Киноны амин сүнс нь зохиолоос гадна хөгжим байдаг. Тэр дундаа сонгодог энэ төрлийн кинонд хөгжим чухал үүрэг гүйцэтгэдэг байх. Энэ талаар ? Зарим найруулагчид киноныхоо хөгжмийг илүү онцлох тохиолдол ч байдаг шүү дээ.

Би хувьдаа хөгжимгүй кинонуудад илүү дуртай. Киноны зураглал, эвлүүлгээс үүдэлтэй ерөнхий хэмнэл тодорхой мэдрэмж өгөхөөс гадна сайн хийсэн орчны дуу шуум гэдэг нэг төрлийн хөгжим. Сайн дуугүй кинонуудыг ч гэсэн ямар ч хөгжимгүй, шуумгүй үзэхэд хөгжимлөг зүйлийг мэдэрч таашаал авч болдог.

Одоогоор ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

“Цөөрөм” гээд анхны бүрэн хэмжээний хүүрнэлт киноны зохиол дээрээ ажиллаж байна даа. 

Ү.Амарбат: Эрэгтэй хүн ч гэсэн уйлж болно
Ү.Амарбат: Эрэгтэй хүн ч гэсэн уйлж болно
 
Б.Энхбаяр: “Буян Жагаа” ахаа 30 жил “биеэ үнэлнэ“ гэж юу байсан юм бэ
Б.Энхбаяр: “Буян Жагаа” ахаа 30 жил “биеэ үнэлнэ“ гэж юу байсан юм бэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.