“Залуус өөрчлөлтийн төлөө үндэсний хөдөлгөөн”-ийг үүсгэн байгуулагч Ү. Амарбаттай нйигэмд үүсээд байгаа эрэгтэйчүүдийн нийтлэг асуудлын талаар ярилцлаа.
“Залуус өөрчлөлтийн төлөө үндэсний хөдөлгөөн” тэр дундаа "Зөв эрчүүд" хөтөлбөр ямар зорилгооор хэрэгжиж эхэлсэн бэ?
-Анх 2019 оны зун 50 гаруй залуус нэгдээд үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Ингээд ийм олуулаа нэг асуудал дээр ажиллаад байх тийм ч үр бүтээлтэй зүйл биш гэдэг санааг хоорондоо ярилцаад “Залуус өөрчлөлтийн төлөө үндэсний хөдөлгөөн” гээд ТББ байгуулаад дотроо өөр өөр чиглэлээр салж ажиллахаар болсон.
- Зөв эрчүүд
- Өсвөр насны охид
- Хариуцлагатай даатгал төлөгч
- Хуулийн хөтөч
- Оюунлаг
гээд нийт таван хөтөлбөрийн дагуу үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.Үүний нэг нь зөв эрчүүд клуб юм. Яагаад энэ хөтөлбөрийг хийх болсон бэ гэхээр нийгмийг бүхэлд нь харахаар дандаа эмэгтэйчүүдийн эрх, хүчирхийлэлийн эсрэг охидын дуу хоолой гэх мэт эмэгтэйчүүдийн тухай л ярьж байна. Харин эрэгтэйчүүдийн асуудал мартагдсан нь ажиглагдаж байгаа юм. 2019 онд эрчүүдийн суурь судалгаа Жендэрийн төв хорооноос гаргасан. Суурь судалгаа ямар ач холбогдолтой вэ гэхээр тухайн асуудлуудыг бүхэлд нь харуулж өгдөг. Ингээд судалгааг харахад эрэгтэйчүүдийн дундаж наслалтын зөрүү 10 болчихсон , амиа хорлож байгаа 10 хүн дутмын зургаа нь эрэгтэй, хөдөлмөрийн аюулгүй байдлаас болж нас барж байгаа хүн 100 хувь эрэгтэйчүүд, нийтлэг өвчлөлийн 60 гаруй хувь нь эрэгтэй хүмүүс гэх мэт эрэгтэйчүүдийн асуудал хурцадмал болчихсон байгаа юм. Гол асуудал нь юу вэ гэхээр жишээ нь: эмэгтэйчүүдийн асуудал дээр УИХ-д эмэгтэйчүүдийн квот тогтоож хуульчилж өгөх, гэр бүлийн хүчирхийлэл хуульд заалт оруулъя ч юм уу хуулиар шийдэж болох асуудлууд байгаад байна. Харин эрэгтэйчүүдийн хувьд хууль гаргаад шийдэж болохгүй асуудлууд байна. Эрэгтэй хүнийг дадал зуршил, бодол санаа, хандлагад нөлөөлөх ажил явуулж байж өөрчлөгдөх зүйл болоод байгаа юм. Манай зөв эрчүүд хөтөлбөр бол эрэгтэйчүүдийн эрхийг хамгаалах гээгүй харин хэн нэгнээс эрх хамгаалах биш өөрсдөө өөрийгөө хамгаалж сурах хэрэгтэй гэдэгт л чиглүүлж өгөх юм.
Анх энэхүү хөдөлбөрийн санаагаа яаж олсон бэ?
-Хамгийн анх энэ санаа найзуудын дундах ярианаас үүсч байсан. Ер нь эргэн тойрноо хараад байхад өвөө нараас илүү эмээ нар нь их байгаад, гадаад руу яваад ирлээ гэхэд аавдаа архи ээждээ эм авчирах жишээтэй, нийтлэг хандалга гэхэд ээжтэйгээ илүү их ярилцдаг, аавтайгаа нээх ярьдаггүй ч юм уу, боловсролын хувьд охин хүүхэд юм сургуульд оруулъя, эр юм чинь болно биз гэх мэтчилэн уламжлалт хэвшлүүд харагддаг. Иймэрхүү яриа бидний дунд явагдаад энэ нь цаашлаад клуб болох хэмжээнд хүрсэн дээ.
Зөв эр хүн гэж ямар хүнийг хэлэх вэ?
-Бид нар гурван үндсэн зүйл дээр тодорхойлоод байгаа
Нэгдүгээрт- Эрүүл байх
Хоёрдугаарт- Хариуцлагатай байх
Гуравдугаарт- Хандлага, зуршил
Эрэгтэйчүүд улс орон, гэр бүл, хамт олон, өөрийнхөө өмнө хариуцлагатай байж, эрүүл чийрэг, буруу зуршилгүй байвал зөв эр хүн гэж тодорхойлдогдох юм. Яагаад хамгийн түрүүнд эрүүл мэндийн асуудлыг хөндөөд байгаа вэ гэхээр эрэгтэй хүний хүйсийн онцлог байна. Эрчүүдийн хувьд өөрсдийнхөө талаар тогтож ярих мэдээлэл авдаг суваг бараг байхгүй. Жишээ нь улсын хэмжээгээр аймгуудад гэхэд эрэгтэйчүүдийн эмнэлэг байхгүй. Улаанбаатарт тоотой хэдэн эрэгтэйчүүдийн эмнэлэг байдаг. Тэд нар нь эрэгтэйчүүдийн бэлгийн замын өвчлөлийн үед л үйлчилгээ үзүүлдэг. Гэтэл эрэгтэй хүний хувьд хувийн, эрхтэн тогтолцоо, бэлгийн гэх мэтчилэн эрүүл мэндийн тогтолцоог хэрхэн авч явах талаар мэдээлэл авах суваг хомс байгаа учраас уламжлалт аргаар эмчлэх, ан амьтны эд эрхтэн хэрэглэх зэрэг буруу хэвшлийг бий болгоод байгаа юм. Мөн эрүүл мэндийн нэг том хэсэг сэтгэцийн эрүүл мэнд болоод байна. Яагаад эрчүүд дээр сэтгэцийн эрүүл мэндийг ярих хэрэгтэй болсон бэ гэхээр уламжлалт хандлагаараа эрчүүдийн эрэгтэй хүн уйлж болохгүй, гэр бүлээ авч явах хэрэгтэй, олон юм ярьж болохгүй гээд эдгээр зүйлс нийлээд сэтгэл дотор нь баахан ачаа болгодог. Уг нь эрэгтэй хүн ч гэсэн хүн шаардлагатай бол уйлах хэрэгтэй,сэтгэлээ онгойлгож ярих хэрэгтэй шүү дээ. Энэ байдал том асуудал болоод байгааг эрэгтэйчүүдийн суурь судалгаа харуулж байгаа юм. 20-35 насны хүмүүсийн амиа хорлолтын судалгааг харахад 80 хувь нь эрэгтэйчүүд байна. 20-35 насны эрэгтэй хүн гэдэг эд хийж бүтээх, хүсэл зорилготой, тэмүүлэлтэй залуу хүн . Гэтэл тэдгээр хүмүүс яагаад амиа хорлоод байна вэ гэхээр сэтгэлзүйн асуудлаа шийдэж чадахгүй, асуудлыг даван гарах сэтгэлзүйн чадамжгүй болчихсон байна гэсэн үг. Тиймээс манай энэ хөтөлбөрийн зүгээс мэргэжлийн эмч, сэтгэлүйчтэй холбогдон цуврал лайваар зөвлөгөө өгч байгаа.
Таны бодлоор эрэгтэйчүүдийн уламжлалт зан заншил одоогийн нийгэмд хэр нийцэж байгаа вэ?
-Манай уламжлалт тогтолцоо өмнөх цаг үедээ хамгийн зөв байсан. Яагаад гэхээр бүрэн нүүдэлчин байх үед адуу малаа маллах, хатуу чанга байх, дайн байлдаантай үед эрэмгий сурамгай, бяр чадалтай байх гэх мэт уламжлат сургамжийг дагах зайлшгүй шаардлагатай байсан. Харин одоо цагт байлдах шаардлага алга, адуу мал гээд бүгд гараад явах шаардлагагүй болсон. Энэ уламжлалт зан заншил, зөвлөгөө одоо болохгүй байгаа шалтгаан нь ахуй маань өөрчлөгдчихөөд байгаатай холбоотой.
Гэхдээ орчин үеийн охидууд маань адилхан гэрээ цэвэрлэнэ, хогоо хэн боломжтой нь асгана, хувцасаа ээлжилж угаана гэдэг болсон. Энэ бол зөв. Одоо цаг үеийн зөв тогтолцоо юм. Энэ цаг үед эрэгтэй хүнийг бий болгож байгаа уламжлалт зан заншил зөвлөгөө нь ахуйдаа тохирохгүй байгаа болохоор доголдол үүсгээд байна. Жишээ нь эхнэр, нөхөр хоёр өглөө яг зэрэг ажилдаа гараад орой гэртээ зэрэг ирчихээд нөхөр нь буйдан дээрээ хэвтээд зурагтаа үздэг, эхнэр нь оройн хоолоо хийдэг. Яагаад гэхээр дийлэнх эрчүүдийн сэтгэлгээнд өнөөх уламжлалт хүмүүжил сууцан би энэ гэрийн эзэн учраас амрах хэрэгтэй, хоол унд, тоогоо шанагатай зууралдах ёсгүй гэж боддог. Яг үнэндээ эрчүүд өөрсдөө хохирч байгаа юм. Хөдөлгөөн хийхгүй байх, орой хоолоо идчихээд шууд хэвтэх зэрэг нь өөрсдийн эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг. Эмэгтэйчүүдийн илүү өндөр наслаж байгаа, эрэгтэйчүүдийн бага наслаад байгаа нь магадгүй энгийн энэ жишээнээс харж болох юм. Тиймээс эрчүүд өөр өөрсдийгөө анхаарч энэ уламжлалт сэтгэлгээ, хүмүүмжлийн тал дээр нөхцөл байдлаа мэдэрч өөрчлөгдөхгүй бол эрчүүд дундах асуудлууд байсаар байна.
Энэ хөтөлбөрийн алсын хараа хаа хүртэл вэ?
-Бидний хамгийн гол зорилго бол зорилтот бүлэгт өөрчлөлт хийх. Хамгийн эхэнд хэлсэн гурван үзүүлэлт рүү Монголын 1.6 сая эрэгтэйчүүдийн 70 хувийг энэ үзүүлэлтэнд ойртуулах. Магадгүй урт хугацаа шаардах байх. Мөн 40-ээс дээш насныхан шинэ өөрчлөлтийг хүлээж авах чадамж нь буурчихдаг. Тиймээс хөвгүүд, залуу үеийнхэн рүү чиглэсэн үйл ажиллагааг илүү их явуулах юм. Жишээлбэл манай клубын гишүүн 10 гаруй залуучууд байдаг. Богино хугацаанд өөрчлөлт хийнэ гэдэг тийм ч амар зүйл биш. Өнөөдрийг хүртэл найман сар ажиллахдаа нэг ч удаа тойрч суугаад архи, пиво ууж үзээгүй. Энэ л нөлөөллийг өөрсдөөсөө эхэлж хийж байгаа эерэг өөрчлөлт юм.