Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох шүүх хурал Хан-Уул, Баянгол, СХД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна. Хурал эхэлмэгц хохирогчийн талаас шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлт гаргажээ. Харин шүүгдэгч Н.Түвшинбаярын өмгөөлөгчийн зүгээс хурлыг хаалттай явуулах хүсэлт гаргасан байна.
Уг хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хэлэлцэж, нээлттэйгээр үргэлжилж байна.
Хуралд шүүх бүрэлдэхүүнээр Б.Батболор, Х.Одбаяр, И.Ганбат нар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Б.Нандинцэцэг оролцож байна.
Н.Түвшинбаярыг Эрүүгийн хуулийн 10.1-2.1, 17.8-1-д зааснаар буруутган шүүнэ.
Сануулахад, Прокуророос Н.Түвшинбаярыг согтуурсан үедээ Улсын начин Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, тархинд нь хавсарсан, олон хүнд гэмтлүүд учруулан хүнийг онц харгис хэрцгийгээр алсан, бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн.
Шүүх хурлыг ИЙГЛ ТВ шууд дамжуулж байна.