Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг манай улс 1952 оноос тэмдэглэж эхэлсэн бөгөөд энэ жил 70 жилийн ой тохиож байна. “Монгол хүүхдүүд-2022” олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд НЗДТГ, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар хамтран орчин үеийн урлагийг үндэсний хэв маягтай хослуулан, оюуны өмчийг дээдэлж, монгол хүүхдүүдийн нас, сэтгэхүйн онцлогт тохируулан, техник, технологийн дэвшлийг шингээж, шинэлэг байдлаар хэд хэдэн арга хэмжээг зохион байгуулж буй.
Нэгдсэн арга хэмжээний үед хүүхдийн эрхийг хамгаалах, төөрсөн, олдож ирсэн хүүхдийг эцэг, эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгөх, холбон зуучлах, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх “Хүүхэд хамгааллын баг” ажиллана. Хүүхдийг төөрөхөөс сэргийлсэн бугуйвч тараахын дээр тусгай автобус бэлтгэн, төөрсөн хүүхдүүдэд туслах юм. Түүнчлэн хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүднээс эцэг эхчүүд утасны дугаараа бичиж тэмдэглэн хүүхдийн халаасанд хийж үлдээхийг мөн санууллаа.