Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-АН-ын Үндэсний бодлогын хороо гишүүдээ шинэчлэх үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Бид Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны эргэлтийн сонгуулийг эхлүүлж байна. Санал хураалт энэ сарын 29-нд болно. Түүний дараа зургаадугаар сарын 2-нд албан ёсны дүнгээ танилцуулна. Өнгөрсөн гуравдугаар сарын 31-ний өдөр Улсын Дээд шүүхээр батлагдсан Ардчилсан намын Үндсэн дүрмийн өөрчлөлтийн нэмэлт өөрчлөлтийн дагуу сонгууль явагдаж байна.
Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо шинэчлэгдэн зохион байгуулагдаж байгаа гэж ойлгож болно.
-Үндэсний бодлогын хороо шинэчлэгдэж байгаатай холбогдуулан АН-ын даргыг сонгох сонгууль эхэлнэ шүү дээ. Энэ сонгууль хэзээ болох вэ?
-Үндэсний бодлогын хороо бол бие даасан институц. Эхлээд энэ хороо шинэчлэгдэнэ. Түүний дараа улс төрийн зөвлөлийн бүрэлдэхүүн бүтэц, үйл ажиллагааны журам батлагдсаны дагуу мөн зохион байгуулалтууд хийгдэнэ. Энэ бүгдийн дараа Ардчилсан намын даргын асуудал яригдана.
-АН-ын даргад нэр дэвших магадлалтай хүмүүсийн талаарх мэдээллүүд гарч энэ талаар яригдаж байгаа. Жишээлбэл, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нэр дэвших сонирхолтой байгаа гэсэн мэдээлэл байна. Нэр дэвшигчдийн тал дээр ямар байр суурьтай байна вэ. Нэр дэвших хүмүүс тодорхой болсон уу?
-АН-ын даргатай холбоотой асуудал одоогоор яригдаагүй байгаа. Түрүүчийн АН-ын сунгаа хуучин дүрмийн дагуу болсон. Хуучин дүрмийн дагуу болсон сунгааг бүртгэх асуудал тухайн үед олон шалтгаанаас болоод бүртгэгдээгүй. Тэгэхээр одоо шинэ дүрмийн дагуу шинэ зохион байгуулалтаар намын даргын асуудал шийдэгдэнэ. Өмнө хэлсэнчлэн шинээр байгуулагдах Үндэсний бодлогын хороо энэ асуудлыг шийднэ.
-Ардчилсан намд бүртгэлтэй хэчнээн гишүүн байна вэ. Өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээр болсон сунгаанд 200 гаруй мянган гишүүн санал өгсөн нь үнэн үү. Ерөнхийлөгч асан Х.Баттулга талынхан Улсын Дээд Шүүхэд хүсэлт өгсөн байгаа шүү дээ?
-Тийм боломж байхгүй. Үндэсний хэмжээнд 110-120 мянган хүн санал өгсөн гэж ярьж байгаа хэдий ч ийм хэмжээний зохион байгуулалт хийгдээгүй.
Х.Баттулга бол Ардчилсан намын албан ёсны нэр дэвшигч биш. Ардчилсан намаас намын даргын албан ёсны сунгааг зарлаагүй. Тэгэхээр энэ бол хууль бус үйлдэл. Ардчилсан намын нэрийг барьсан хэсэг бүлэг хүмүүс манай намын нэрийн өмнөөс сонгууль зохион байгуулж намын даргыг сонгох гэж оролдсон. Хууль бус нэр дэвшигчээ Улсын Дээд Шүүхэд бүртгүүлэхээр хүсэлт хүргүүлсэн байгаа. Энэ нь хуулийн этгээдийн нэрийг хууль бусаар авч, ашигласан гэмт хэрэг юм.
Улсын Дээд Шүүхийн тогтоол шийдвэр байхгүй, Улсын Бүртгэлийн гэрчилгээ байхгүй, хууль ёсны тамгагүй хэсэг бүлэг этгээд АН-ын нэрийг барьж, туг, логог нь ашиглан сонгууль явуулсан мэтээр нийгмийн сэтгэл зүйгээр тоглож байгаа нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж харж байгаа.
-Намын даргад нэр дэвшигчдийн мөнгө буюу дэнчинг хувийн дансанд авсан байгаа шүү дээ. Энэ тал дээр танай намынхан хуулийн байгууллагад хандсан уу?
-Цагдаагийн байгууллагад энэ асуудлыг өгсөн байгаа. Өөрийгөө Дотоод сонгуулийн хорооны дарга гэж нэрлээд байгаа И.Мөнхжаргал гэх нөхөр нэр дэвшигчдээс өөрийн хувийн данс руу 500 сая төгрөг авсан гэх мэдээлэл байгаа. Энд мөнгө угаах хэлбэрийн гэмт хэрэг явж байна. Хууль ёсны нам өөрийн тамга тэмдэг, данстай байх ёстой. Манай хууль ёсны Дотоод сонгуулийн хорооны дарга Н.Алтанхуяг, дэд дарга н.Нармандах нар үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Үндэсний бодлогын хороонд нэр дэвшигчид бүгд хууль ёсны дотоод сонгуулийн хорооны албан ёсны дансанд дэнчингээ байршуулсан.
-Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд АН хоёр тусдаа салж, гишүүд нь хоёр талд хуваагдсан. Хууль ёсны шинэ дарга томилогдсоны дараа тусдаа сонгууль хийсэн хүмүүстэй нэгдэх үү?
-АН хоёр хуваагдаагүй. Хууль ёсны нэг л нам байгаа. 2017 оны Улсын Дээд Шүүх АН-ын даргыг бүртгэсэн бүртгэл одоо хүртэл хүчинтэй байгаа. Төрийн бүх шатны байгууллага энэ талтай харьцаад явж байгаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч байсан нөлөөллөөрөө намыг хоёр хувааж хүмүүсийг өөртөө татаж тархи толгойг нь угааж буй этгээдийн манлайлж буй хэсгийн үйл ажиллагаа хууль бус нөгөө талаасаа гэмт хэргийн шинжтэй үйлдэл.
-АН-ын бүлэг дээр нөхцөл байдал хүнд байгаа. Намын бүлэг бол тухайн намын хамгийн том хүч шүү дээ. Бүлгийн асуудалд та ямар байр суурьтай байна вэ?
-УИХ-ын тухай хуульд зааснаар тухайн УИХ дахь нам эвслийн бүлгийн үйл ажиллагааг зохицуулах хуулийн заалт байгаа. Үүнтэй холбогдуулан нам эвсэл бүлэг байгуулж болно. Нам эвслийн бүлэг байгуулсан шийдвэр, бүлгийн гишүүдийн нэрсийн жагсаалтыг УИХ даргад ирүүлснээр бүлгийн үйл ажиллагаа эхэлдэг.
Манай намын Үндсэн дүрэмд зааснаар намын удирдлагаас өгсөн чиглэл, шийдвэр, бодлогыг УИХ дахь АН-ын бүлэг хэрэгжүүлэх үүрэгтэй. Мөн намын гишүүний үүргийг биелүүлэх үүрэг хүлээнэ. Намын байгууллагаас өгч буй чиглэл, зөвлөмж, шийдвэрийг биелүүлэх нь бүлгийн гишүүдийн үүрэг. Хүн бүр өөрсдийн дураараа дүрмийн бус үйл ажиллагааг явуулах эрх байхгүй.
Надад таалагдахгүй байлаа гээд дүрмийн бус үйл ажиллагаа явуулж болохгүй. Их хуралд байгаа зарим нэг гишүүд болдоггүй алхам хийсэн асуудал байгаа. Зарим нэг гишүүдэд хариуцлага тооцож намын гишүүнчлэлээс чөлөөлсөн.
-Зарим нэг гишүүдийг чөлөөлсөн гэлээ. Өнгөрсөн жилийн 10 сард нэр бүхий гурван гишүүнийг чөлөөлсөн. Эдгээр гишүүд намаас чөлөөлөгдсөн учир бүлгийн үйл ажиллагаанд оролцож санал өгөх хууль эрх зүйн үндэслэл бий юу?
-Нэгэнт намын гишүүнчлэлээс гарсан гишүүд тухайн бүлгийн үйл ажиллагаанд саналын эрхтэй оролцох боломжгүй. Сул гишүүн болсон гэсэн үг. Бүлэгт ямар гишүүд орохыг нам шийдвэрлэдэг.
-АН-ын дарга байсан хүний хувьд Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх асуудал эрх баригчдын хооронд яригдаж байна. Энэ дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Бид сөрөг хүчний байр сууриа илэрхийлсэн. Одоогийн сонгуулийн тогтолцоог өөрчлөх ёстой. Одоо хэрэгжиж буй энэ тогтолцоо нь сонгогчдын саналыг асар их гээгдүүлдэг. Төлөөллийг хангаж чаддаггүй.
Эрх баригчид нийт сонгогчийн 40 хувийн саналаар УИХ-дахь 80 гаруй хувийн суудлыг эзэлж байна. Энэ нь төлөөллийн зарчим алдагдсаныг харуулж байна. Гишүүдийн хувьд Үндсэн хуулийн зөрчил харагдаж байна. Ямар нэг ажил албан тушаал эрхэлснийхээ төлөө өөр албан тушаалд очиж болдоггүй гэх мэт хязгаарлалт тавиулдаг байж болохгүй. Харин давхар дээл буюу албан тушаалд очсон этгээд ажил үүргээ гүйцэтгэж чадахгүй бол хариуцлагаа шударгаар хүлээж чаддаг тогтолцоог хатуу мөрдөх ёстой. Үндсэн хуулийн өөрчлөлтийг АН дэмжих байр суурьтай байгаа.
- Ярилцсанд баярлалаа.