Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

У.Долгормаа: “Хүүхдийн төлөө сан“-д 5.5 ТЭРБУМ төгрөг байгаа ч хуулийн дагуу хүүхдийн өвчлөлд зарцуулах БОЛОМЖГҮЙ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 19 секунд

Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй олон төрлийн өвчнөөс шалтгаалан манай улсын хүүхдүүд бусад улс руу өндөр төлбөртэй эмчилгээнд явах шаардлагатай болдог. Ингэхдээ эмчилгээний зардал, төлбөргүйн улмаас хандивын аян зохион байгуулж, ард иргэдээсээ тусламж гуйдаг.

Харин иргэдийн зүгээс “Хүүхдийн төлөөх сан”-д цугларсан мөнгийг хүүхдүүдийн эмчилгээний зардалд зарцуулах ёстой гэх байр суурийг илэрхийлсээр байдаг. Тэгвэл Хүүхдийн төлөөх фондын мөнгийг хэрхэн, юунд зарцуулдаг талаар Хүүхэд гэр бүл залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын Хүүхдийн хөгжил, оролцооны бодлогын хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн У.Долгормаатай ярилцлаа.

-“Хүүхдийн төлөөх сан” ямар үүрэгтэй вэ. Энэ сангийн талаарх мэдээллийг манай уншигчдад хүргээч?

-2021 онд тусгай сангийн хуульд нэмэлт өөрчлөлт орсноор “Хүүхдийн төлөө сан”-тай байхаар заасан. Энэ хуулийн өөрчлөлт шинэчлэлттэй холбоотойгоор “Хүүхдийн сан”-тай болсон. Хүүхдийн төлөөх сангийн мөнгийг улсын төсөв болон хандив тусламжаар хуримтлуулдаг.

-“Хүүхдийн төлөө сан”-д хэчнээн төгрөг цугларсан байгаа вэ?

-Хүүхдийн төлөө фондод 5.5 тэрбум төгрөг хуримтлагдсан байгаа. Авто тээврийн үндэсний төвөөс хүмүүсийн сонирхлыг татахуйц тусгай дугаар дуудлага худалдаагаар борлуулсан орлогоо төвлөрүүлдэг.

Үүнээс 3.4 тэрбум төгрөг орж ирсэн.” Хүүхдийн төлөө фонд” ТББ-аас 2 тэрбум төгрөг, ААН, иргэдээс 10.5 сая төгрөгийн орлого орж ирсэн.

-Хүүхдийн төлөөх сангийн мөнгийг юунд хэрхэн зарцуулах ёстой вэ?

-Хүүхдийн төлөө сангийн мөнгөнөөс энэ онд ямар нэг зарлага хийгдээгүй байна. Харин өнгөрсөн онд олон улсын тив дэлхийн уралдаан тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон нийт 15 хүүхэд байгаа. Эдгээр хүүхдүүдэд 25 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгосон.

Засгийн газрын 172 дугаар тогтоолоор Хүүхдийн төлөөх сангийн хөрөнгийг зарцуулах түүнд хяналт тавих журам батлагдсан. Энэ журмын хүрээнд

- Хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг дэмжих,

- Олон улсын болон тив дэлхийн олимпиад, уралдаан тэмцээнд амжилттай оролцсон хүүхдүүдэд урамшуулал олгох,

- Олон улсын болон тив дэлхийн олимпиад, уралдаан тэмцээнд оролцохоор болзол хангасан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэх гэсэн гурван чиглэлд зарцуулахаар журамласан.

-Ямар төрлийн тэмцээн уралдаанд оролцсон хүүхдүүдэд энэ урамшуулал олгогдох вэ. Энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Өмнө хэлсэнчлэн Хүүхдийн төлөө сангийн мөнгөнөөс 2021 онд олон улсын тив дэлхийн уралдаан тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон нийт 15 хүүхэд 25 сая төгрөгийн урамшуулал олгосон байгаа.

Энэ сангийн мөнгө ямар нэг байгууллагад олгогддоггүй. Хүүхдэд олгогддог. Харин бүтээн байгуулалтын төслөөс бусад нөхцөлд гэдгийг ойлгох хэрэгтэй.

Зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар сангийн мөнгийг сургуулиудад өгсөн мэтээр ярьж байна. Энэ бол ташаа мэдээлэл. Олон улсад өөрийнхөө улсыг төлөөлөн явж буй хүүхдэд олгогддог гэдгийг хариуцлагатайгаар хэлж байна.

-Олон улсын уралдаан тэмцээнд оролцсон бүх хүүхдэд урамшуулал олгогддог юм уу. Уг урамшууллыг авахын тулд ямар шаардлага хангасан байх шаардлагатай вэ?

-Олон улсын уралдаанд оролцож шагналт байр эзэлсэн хүүхдүүд энэ урамшуулалд хамрагдана. Тухайн тэмцээнд оролцож шагналт байр эзэлсэн баримт бичиг, гадаад паспорт, тэмцээн зохион байгуулсан газрын мэдээлэл буюу сошиал линк, өөрийн улсаас тухайн хүүхдийг хариуцаж тэмцээнд оролцуулсан байгууллага, холбоодын батлах баримт бичгийг авч энэ урамшууллыг олгодог.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хувьд бэлтгэл хийх явцдаа сангийн дэмжлэг авдаг. Үүнд тэмцээнд оролцох байрны түрээс, тоног төхөөрөмж, бэлтгэлийн хувцас хэрэглэл болон бусад зардлуудад дэмжлэг үзүүлэх заалттай байдаг.

Эдгээр шаардлагыг хангасан хүүхдүүдэд замын зардал болон тухайн тэмцээнд оролцсон төлбөр хураамжийг 100 хувь олгодог.

-Нийгэмд тулгамдаж буй хүүхдийн өвчлөлд энэ сангийн мөнгийг зарцуулах боломж хуулийн хүрээнд байхгүй гэж ойлгож байна. Тэгвэл энэ журамд өөрчлөлт оруулж, өвчлөлд зарцуулах боломжтой юу?

-Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг Засгийн газрын 172 дугаар тогтоолоор батлагдсан журмын хүрээнд зарцуулна. Манай байгууллага хууль дүрэм журмыг хэрэгжүүлдэг хэрэгжүүлэгч байгууллага. Тиймээс бидний зүгээс дүрэм журмыг санаачлахгүй.

Хэрэв журам өөрчлөгдөхөөр болбол санал өгөх эрхтэй байдаг.

-Иргэдийн зүгээс хүүхдийн төлөө сангийн мөнгийг юунд зарцуулдаг талаар тэр бүр мэдээлэлгүй байдаг. Эрүүл мэндийн зардалд хүүдийн сангаас туслалцаа авахаар танай байгууллагад хүсэлт гаргасан иргэд байдаг уу?

-Одоогийн байдлаар энэ асуудлаар ямар нэг гомдол ирээгүй байна.

-Хүүхдийн төлөө санд төвлөрсөн энэхүү 5.5 тэрбум төгрөгийг цаашид юунд зарцуулахаар төлөвлөсөн бэ?

-Бүтээн байгуулалтын төслийг холбогдох журмын хүрээнд өнгөрсөн нэгдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн гуравдугаар сарын 15-ны өдрийн хугацаанд нээлттэй зарлан, төслүүдийг хүлээн авсан. Энэ хугацаанд 70 гаруй төсөл ирсэн. Хүүхдэд зориулсан шинээр барьж байгуулах бүтээн байгуулалтыг дэмжих чиглэлтэй нийцсэн 32 төсөл байсан. Үлдсэн 40 гаруй төсөл нь журмын хүрээнд санхүүжүүлэх чиглэлтэй нийцээгүй. Бидний зүгээс 32 төслийг хянаж сангийн удирдлагад хүргүүлж байгаа.

Хүүхдийн төлөө сангийн удирдлагыг ХНХЯ-ны сайд хэрэгжүүлнэ.

- Ярилцсанд баярлалаа.

ШУУД ҮЗЭХ:

Ж.Мөнхбат: Ерөнхийлөгчтэй зөвлөлдөж, бусад намуудтайгаа хамтраад ҮХ-д өөрчлөлт оруулах боломжтой
Ж.Мөнхбат: Ерөнхийлөгчтэй зөвлөлдөж, бусад намуудтайгаа хамтраад ҮХ-д өөрчлөлт оруулах боломжтой
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.