Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 577 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 389 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажилласан байна.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 8 хүн гэмтэж бэртсэний 2 нийслэлд, 6 орон нутагт бүртгэгдсэн байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 5 хүний амь нас хохирсон байна. Үүний 2 нь хүүхэд байжээ.
Суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана, хүүхдийн өндөр 140 см-ээс дээш бол суудлын автомашины арын суудалд зорчигчийн хамгаалах бүс зүүлгэн тээвэрлэхээр заасан боловч тээврийн хэрэгслийн бүхээгт хүүхдийг буруу тээвэрлэснээс 1-4 хүртэлх насны 2 хүүхдийн амь хохирсон байна.
Иймд эцэг эхчүүд та бүхэн хүүхдээ тавих хараа хяналтыг сайжруулах 10 хүртэлх насны хүүхдийг бие даан хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг анхааруулж байна.
Явган зорчигч нь 10 хүртэлх насны хүүхэдтэй замын хөдөлгөөнд оролцохдоо өөрөөсөө салгахгүй хөтлөх, тэврэх, үүрэх, хүүхдийн тэргэнд түрэх гэх мэт авч явахаар заасан байдаг тул эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцоно уу гэж ТЦА-наас анхаарууллаа.