Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Ёндон сайд “ХАР ТОЛГОЙ“-доо ГАЙ дуудав уу, ГАВЬЯА дуудав уу

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
4 минут 6 секунд
Гэрэл зургийг mpa.mn

БНЭУ-ын "ЭКСИМ" банкны зээлээр барьж байгуулахаар болсон Газрын тос боловсруулах үйлдвэрийг анх 2022 онд ашиглалтад оруулна гэж байв. Гэвч эцэстээ энэ нь үлгэр болж 2023 онд болж хойшлогдсон ч дахиад л 2025 он болж дахин ухарсан.

Шалтгаан нь олон.

Тэднээс үнэнд хамгийн ойр дөхөх нь геополитикийн шинжтэй томоохон төслүүдийг дотоодын ажлаас илүүтэй гаднын улс, гүрнүүдийн нөлөөгөөр гацаадаг, зогсоодог, удаашруулдаг явдал. Үүний хамгийн тод жишээ нь, Эгийн голын усан цахилгаан станц барих асуудал байсан бол араас нь газрын тос боловсруулах үйлдвэрийн ажил үе залгамжлан орж ирлээ. Тиймдээ ч үйлдвэр ашиглалтад орох хугацаа сунасаар эцэстээ 2025 он гэх асуудал яригдаж байна.

Тэгвэл уг асуудлыг УУХҮ-ийн сайд Г.Ёндон “Би толгойгоороо хариуцна” хэмээн амлалт өглөө.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах ажил ямар шатанд явааг асуухад "БНЭУ-ын "Экзим" банкнаас ирсэн хураангүй жагсаалтын хүрээнд төслийн бичиг баримтыг боловсруулан хүргүүлсэн.

Ингэхдээ EPC-2 гэрээг 2021 оны дөрөвдүгээр сард, EPC-3 гэрээг 2021 оны тавдугаар сард ашиглалтад өгөхөөр тусгасан. Гэрээ ёсоор БНЭУ-ын тал 2021 оны долдугаар сараас өмнө тендер зарлах ёстой байсан боловч EPC-2 гэрээн дээр тав, EPC-3 гэрээн дээр долоон удаа хугацаа сунгах хүсэлт гаргасан. Ингээд тендерийн материалыг хүлээн авч зарласан.

Гэвч ТЭЗҮ-д зааснаас өндөр үнэлгээ орж ирсэн.

Тиймээс Энэтхэгийн талтай хэлэлцээр хийж байна. Одоогоор дамжуулах хоолойн тендерийн гэрээ байгуулагдсан" гэдэг мэдээлэл өгсөн юм.

Тэгвэл уг хариулт УИХ-ын дарга Г.Занданшатарт хангалттай санагдсангүй бололтой. Тиймдээ ч "Хамгийн гол нь 2024 онд энэ үйлдвэр ашиглалтад орох уу. Та үүнийг толгойгоороо хариуцах уу" гэж гэнэтхэн асуугаадхав. Эл асуултад Г.Ёндон сайд огт эргэлзэж тээнгэлзэлгүйгээр шууд л "Тийм ээ. Толгойгоороо хариуцна" гэдэг хариулт өгснөөрөө өөрийн толгойгоо Газрын тос боловсруулах үйлдвэрээр үнэллээ.

Сонирхолтой нь УУХҮ-ийн салбарын сайдууд дөрвөн жилийн хугацаагаа элээж дуусгасан нь тун цөөн.

Нөгөө талаасаа Засгийн газрын бүрэлдэхүүнээс мултрах сайдуудын нэрсийн жагсаалтад Г.Ёндон сайдын нэрс дурдагдсаар ирсэн. Энэ ч утгаараа тэрбээр хэзээ мөдгүй сайдын суудлаа өгч мэдэхээр. Тиймдээ ч толгойгоороо хариуцах амлалт өгснөөрөө магад хэтийн замаа засах гэсэн явцуу алхам гэж харагдахаар.

Харин нөгөө талаасаа улстөрийн замналдаа бараг л "гай" дуудчихлаа.

Өөрөөр хэлбэл, газрын тос боловсруулах үйлдвэр 2024 он буюу УИХ-ын ээлжит сонгуулиас өмнө баригдаж дуусаад ашиглалтад орчихвол МАН-ын болоод эх орныхоо өмнө байгуулсан томоохон гавъяаны эзнээр Г.Ёндон сайд тодорно.

Эс бөгөөс, МАН-ын балгийг тэр үүрэх нь тодорхой. Аль нь ч бай, Г.Ёндон сайд эр зориг гаргаад толгойгоо улстөрд дэнчин болгоод тавьчихлаа.

Гэхдээ ард түмэнд Г.Ёндон сайдын сандал ширээ, улстөрийн тоглолт чухал биш.

Юу чухал уу гэвэл, улс орны эдийн засгийг өөд татаад, ард түмний амьдралд бодит дэмжлэг болчих энэ мэт томоохон төслүүдийг урагшуулах нь чухал. Юу үнэн, энэ үнэн билээ.

Г.Нацаг-Эрдэнэ

АТГ: БГД-ийн ХАА, НД-ын албан тушаалтнууд төлөөний этгээдээрээ компани авахуулж, тендерт оролцон шалгарч байсан нь тогтоогдсон
АТГ: БГД-ийн ХАА, НД-ын албан тушаалтнууд төлөөний этгээдээрээ компани авахуулж, тендерт оролцон шалгарч байсан нь тогтоогдсон
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.