Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АТГ: БГД-ийн ХАА, НД-ын албан тушаалтнууд төлөөний этгээдээрээ компани авахуулж, тендерт оролцон шалгарч байсан нь тогтоогдсон

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 52 секунд

Авлигатай тэмцэх газраас Хөгжлийн банкны зээлийг мөрдөн шалгах асуудлаар тус газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэнгээс тодрууллаа.

-Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлт хэр байна вэ. Одоо ямар ажиллагаа хийгдэж байгаа вэ?

-Хөгжлийн банкны зээл олголттой холбоотой асуудлаар хэрэг бүртгэлтийн ажиллагаа эхэлснээс хойш гурван сар орчим өнгөрсөн байна. Мөрдөн шалгах ажиллагаа эхэлмэгц санхүүгийн нягтлан бодох бүртгэл, техник бичгийн өндөр мэдлэгтэй шинжээчдээр шинжилгээ хийлгэх, санхүүгийн мөрдөгчдийн магадлагаа гаргах, үзлэг нэгжлэг хийх, шаардлагатай гэрч нараас мэдүүлэг авах, нуугдмал хөрөнгийг илрүүлэх, битүүмжлэх, нотлох баримт цуглуулах зэрэг өргөн цар хүрээтэй ажлыг прокурорын хяналтад явуулсан байна. Энэ хугацаанд нийт 201.2 тэрбум төгрөгийг эргэн төлүүлсэн байна.

-АТГ-аас нэр бүхий албан тушаалтнуудыг баривчилсан гэх мэдээлэл байна?

-АТГын мөрдөн шалгах хэлтсээс 2022 оны тавдугаар сарын 9-ны өдөр БГД-ийн Худалдан авах ажиллагааны эрх бүхий албан тушаалтан, мөн тус дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн эрх бүхий албан тушаалтнуудыг хууль зөрчсөн үндэслэл тогтоогдсон тул баривчилсан.

-Яг ямар хууль зөрчсөн юм бол?

-Тус этгээдүүд нь өөрийн төлөөний этгээдээр компани худалдан авахуулж, түүгээрээ БГД-т зарлагдаж буй тендерт оролцож шалгарч, өөртөө болон бусдад давуу байдал олгож байсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

-"Багануур" ХХК-ийн Гүйцэтгэх захирлын асуудал юу болсон бэ. Хахууль авч байгаад үйлдэл дээрээ баригдсан?

-Тус компанийн удирдах албан тушаалтнууд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах тухай хууль, мөн санхүүгийн бүртгэлийн тухай хууль, түүнчлэн ТУЗ-өөс баталсан дүрэм журмыг зөрчсөн. Улмаар өөрийн ойр дотны холбоотой харилцаатай нэгдмэл сонирхолтой хамааралтай этгээдүүдтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулж, тэдгээрт давуу байдал олгож байсан. Мөн зарим компанийн албан тушаалтнаас дээрх үйлдлийг хийснийхээ хариуд хахууль авч байсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон. Хэргийн холбогдогчийн бусдаас хахууль авч байхад нь үйлдэл дээр нь илрүүлж баривчилсан. Шүүхээс мөрдөгчийн саналыг үндэслэн хэргийн холбогдогч нарыг цагдан хорьсон байгаа" гэлээ.

Ц.Янжиндулам

Ерөнхий прокурорын гаргасан нэхэмжлэлийн дагуу улсад учруулсан 644 сая төгрөгийг улсын орлого болгоно
Ерөнхий прокурорын гаргасан нэхэмжлэлийн дагуу улсад учруулсан 644 сая төгрөгийг улсын орлого болгоно
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.