Туркийн Истанбул хотноо өчигдөр Орос, Украины төлөөлөгчдийн уулзалт болжээ. Уулзалтын дараа Украины умард хэсэгт ОХУ цэргийн ажиллагаагаа бууруулна гэж Оросын Батлан хамгаалах яамны төлөөлөгч мэдэгдсэн байна.
Оросын төлөөлөгчдийн тэргүүн Владимир Мединский "Оросын тал хэлэлцээрт тусгах Украины зарим саналыг хүлээн авсан. Эдгээр саналыг ойрын хугацаанд авч үзэж, дараа нь Ерөнхийлөгчид өргөн барьсны дараа бид хариу өгөх болно" гэжээ.
Украины талаас
- Крым, Севастополийн статусын талаарх хэлэлцээ 15 жил үргэлжилнэ, талууд энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд зэвсгээс татгалзана;
- "Бүгд найрамдах ард улс" гэгддэг бүс нутгуудын статус, тэдгээрийн цаашдын асуудлыг тусдаа хэсэгт оруулсан бөгөөд үүнийг хоёр улсын Ерөнхийлөгч биечлэн уулзахдаа хэлэлцэх боломжтой;
- Украин улс хэд хэдэн улсаас тодорхой бөгөөд хатуу баталгаатай нөхцөлд цөмийн зэвсэггүй орны статустай болохыг зөвшөөрөхөд бэлэн байна.
- Өмнөх зүйлд (хэрэв энэ талаар тохиролцоонд хүрсэн бол) Украины нутаг дэвсгэрт гадаадын цэргийн бааз, цэргийн анги нэгтгэлүүдийг байрлуулахгүй байхаар тусгасан байна.