Эрх мэдлээр далайлгасан хуулийн хулгайг хийхдээ “мэргэшиж” байна, манай эрх баригчид. Даруй нэг сарын өмнө амны хаалт зүүж, зай барихаас бусад цар тахлын хязгаарлалтуудаа цуцалж буйгаа олон улсад зарлаж байна хэмээх сүржин мэдэгдлийг Ерөнхий сайд хийсэн. Цагаан сар дайруулаад тэтгэвэр нэмэх дүүвээндээ хавчуулаад цар тахлын хуулиа сунгачихсан хэрнээ ийнхүү өвчигнөсөн нь нь тун ч авцалдаагүй. Товчхондоо, ковидын хуулийг дахин сунгах шаардлагагүй бөгөөд Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчиж байгааг хуульчид хэлж анхааруулсаар байтал тэд эрх ашгаа хойш тавьж чадалгүй 2023 он хүртэл сунгасан. Сунгах сунгахдаа ичиж, эмээх мэдрэмжээ ч хүний урманд нуухыг оролдоогүй дээ. Олон нийтийн дунд цагаан сар хийх нь зөв, буруу хэмээн хэлцлийг өрнүүлж нөгөө талд тэтгэвэр нэмэх зальжин аргаараа ахмадуудыг сэнхрүүлж байх зуурт ковидын хуулиа сэмхэн гэгч нь сунгасан юм. Түүнээс биш улс төрчид сайхан сэтгэлтэйдээ тэтгэвэр нэмсэн хэрэг огтоос биш. Хуулийн “хулгай” хийх хамгийн боломжтой цаг үе нь таарсан хэрэг.
Ковидын хуулиа дөрөв дэх удаагаа сунгах, цар тахал бидэнд асуудал биш болсон гэж зарлах хоёр одоо хэр нь хоорондоо авцалдахгүй байсаар л байна. Өөрсдийнхөө үнэнч шударга байдлыг тахин шүтдэг, хэн хэнийхээ хэл амыг сугалах нь холгүй мэтгэлцээд байдаг улс төрчид ковидын хуулийг сунгахад хэлээ хазсан мэт суусан. Цар тахлаар далимдуулж тогтоосон хууль бус хуулийн ноёрхлоо үргэлжлүүлэх гэж байхад үг дуугүй санал нэгдэх нь ойлгомжтой.
Вакцин үр дүнгээ өгөөд ААН-үүдээ хэвийн ажиллуулж, хорио цээрээ харьцангуй суллаж байгаа юм бол цар тахлын хуулиа нэг өдрийн ч болтугай цуцлахгүй байгаад улс төрчдөөс авахуулаад энгийн иргэд ч гайхширалаа барж байна. Төрийн албаны хууль, Тендерийн хууль, Төсвийн хуулиудаа мөрд л дөө. Хэдийгээр дотоод асуудалдаа дийлдэж яваа боловч сөрөг хүчин болсон Ардчилсан намынхан нь цар тахлын хуулиа цуцлах шаардлагыг хэдэнтээ тавьж байна. Өчигдөр л гэхэд УИХ-ын гишүүн С.Одонтуяа бүх хорио цээр тавиад энгийн амьдралдаа шилжиж байхад зөвхөн ковидын хууль л сунгагдсаар байгаад шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлсэн. Ингэхдээ тэрбээр Гамшгийн тухай хуулиар бүх асуудлыг зохицуулаад явах боломжтойг ч хэлээд амжсан. Харин эл саналыг нь УИХ-ын дарга Г.Занданшатар үл ойшоох байдалтай байгааг дурдсан. Чухамдаа, ковидын хууль нэрийн цаана улсын төсөв хөрөнгө хяналтгүй урсаж байна. АН гэлтгүй УИХ-д суудалтай бусад нам болоод бие даагчид эл асуудалд дуу хоолой болох ёстой.
Цар тахлын сорилт бүрэн дуусаагүй үргэлжилсээр байна. Гэхдээ ковидын хуулиа хэдэнтээ сунгаснаараа бид энгийн амьдралдаа шилжихгүй гэдэг нь ойлгомжтой.
Нөгөөтээгүүр, өнгөрсөн хугацаанд цар тахалтай хэр тэмцэж чадсан хэрэг вэ. Вакцин үр дүнгээ өгч, эрсдэлийн түвшин буурсан бол, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлаа цуцалсан бол, олон улсын зорчих хөдөлгөөнд бүрэн нээлттэй улс болсноо зарласан бол одоо ковидын хуулиа цуцлах цаг нь болсон юм биш үү, Их хурлын дарга аа. Ковидын нэрийг барьж тендергүй худалдан авалт хийж, төрийн албаны шууд томилгоог өчнөөнийг хийсэн чинь хангалттай юм биш үү.
Эсвэл нь энэ ковидын хуулиа вирусийн хууль болгож нэрийг өөрчил. Тэгээд дуусахгүй үргэлжлэх вирусийн мутац бүрийг үндэслэн насан туршдаа энэ хуулиа ашигла.
Ц.Янжиндулам