Дорнод аймгийн Оюун ухааны академийн сургалтын байранд нэвтэрсэн хулгайч гарахдаа хоёр өрөөнд нь гал тавьсан гэх мэдээлэл өчигдөр /2022.03.20/ цахим сүлжээнд цацагдсан. Тус хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад "Дорнод аймгийн Хэрлэн сумын есдүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Кристал сургалтын төвд хулгай орсон байна гэх дуудлага мэдээллийг өчигдөр /2021.03.20/ өглөөний 07:30 минутад ирүүлсэн. Дуудлага мэдээллийн дагуу тус аймаг дахь цагдаагийн газраас шалгалт хийсэн.
Шалгалтаар тус сумын 10 дугаар багт оршин суух 38 настай эрэгтэй Ш-ийн эзэмшлийн сургалтын төвийн цонхоор хулгайч орж, зурагт, суурин компъютер зэрэг эд зүйлс алдагдсан, сургалтын төв шатсан нөхцөл байдал тогтоогдсон. Тус хэргийг Дорнод аймаг дахь цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Одоогоор хэргийн дүгнэлтүүд гараагүй тул галын шалтгаан тогтоогдоогүй. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа тул хэргийн талаар нарийн мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ.