Манай улсын эдийн засаг өдрөөс өдөрт доройтож улмаар иргэдийн амьдрал хүнд байдалд ороод байна. Зарим эдийн засагчид нөхцөл байдал энэ хэвээрээ байвал Монгол Улсад дундаж давхарга үгүй болно гэдгийг анхааруулаад буй.
Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд инфляц, долларын ханш, дэлхийд газрын тосны үнэ өссөн гэх мэт олон олон хүчин зүйл нөлөөлж байна. Тэгвэл өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөнөөрөө иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж, ямар хүнд байдалтай байгаа талаарх бодит нөхцөл байдлыг хүнсний дэлгүүрүүдээр явж сурвалжиллаа.
Биднийг зарим дэлгүүрийн хаалгаар орох төдийд л хилийн будаа гурил, талх тариа зээлэхээр худалдагчдыг “найрч” байгаа иргэд цөөнгүй таарсан юм.
“Зээл авахаар ирэх иргэд ихэнх нь хүүхдийн мөнгө буухаар өгье гэдэг”
Долоон буудалд байрлах хүнсний дэлгүүрийн худалдагчаас иргэдийн худалдан авалт хэр байгаа талаар тодрууллаа.
-Сайн байна уу. Бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Танай дэлгүүрээр үйлчлүүлж буй иргэдийн худалдан авалт хэр байна вэ?
-Манайх өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн энэ газрыг түрээсэлж бараа бүтээгдэхүүн худалдаалж байна. Үйл ажиллагаа эхэлснээс хойш өнөөдрийг хүртэлх хугацааг бодоод үзвэл сүүлийн саруудад орлого 50 хувь буурсан. Барааны үнэ өссөнөөс болж иргэд шууд худалдаж авахаасаа илүү зээлж авах нь ихэссэн. Зарим зээл авсан иргэдтэйгээ хөөцөлдөөд өрөө авч чадахгүй л байна. Гэхдээ амьдрахын тулд иргэд өдөр тутамд хэрэглэдэг талх боорцогоо худалдаж авч л байна. Үйлдвэрүүд ч гэсэн үүнийг мэдээд өдөр болгон үнээ нэмэх юм.
-Иргэд зээлээр бараа бүтээгдэхүүн авдаг гэлээ эргэн төлж чадаж байна уу?
-Энэ хавь чинь гэр хороолол шүүдээ. Ихэнх нь цалингаас цалингийн хооронд явдаг болохоор зээлээ зарим нь буцаагаад төлнө. Байнгын л зээл авна гэж гуйна. Бас хаа хаанаа амьдрах гэж явж байгаа болохоор тэр болгон зээлэхгүй л хичээнэ. Гэхдээ л хичээгээд байхад л өрнүүд нь ингээд овоорч байна даа. Энэ хавьд түрээсийн байрнууд ихтэй болохоор өртэй хүмүүс маань нүүгээд явчихсан тохиолдол ч гарсан.
-Ямар бараа хамгийн их гүйлгээтэй байна. Яг хэдээс хэдэн төгрөгийн хооронд борлуулж байна. Нарийвчилбал?
-Захаас хамгийн хямдханыг нь л түүж байна. Кг будаа өмнөх оны есдүгээр сард 2300 төгрөгөөр зарагдаж байсан бол одоо 2800 болсон байх жишээний. Гурилын үнэ л гэхэд огцом нэмэгдсэн. Гурил кг тутамдаа 400 төгрөгөөр, элсэн чихэр 500-600 төгрөгөөр нэмэгдсэн. Яг иргэдийн хамгийн их хэрэглээнд байдаг бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдээд байгааг би гайхаад байна. Бараа ч өөрөө хомс болсон доо. Жишээ татахад, 5кг-тай гурил есдүгээр сард 6000 төгрөгөөр зарагддаг байсан бол одоо 8000 төгрөг болсон байна гээд л чи бодоод үзээрэй. Нэг кг төмс байцай гэх мэт юухан хээхэн авахад л 10 мянган төгрөг болчихдог. Зарж байгаа надад хүртэл тэр нь маш хүнд санагддаг шүү дээ. Гаднаас орж ирж байгаа барааны үнэ нэмэгдвэл яая гэхсэн. Дотооддоо үйлдвэрлэж байгаа барааны үнэ нь гадаадынхаасаа үнэтэй байна. Зээл авах гэж байгаа иргэдийн ихэнх нь хүүхдийн мөнгө буухаар л өгье гэдэг юм даа.
Бид цааш явсаар бас нэгэн өөр дэлгүүрээр ороход тухайн дэлгүүрээс зээл авах иргэд тасардаггүй бололтой өрийн дэвтэр нь лангуун дээрээ дэлгээтэй байсан юм. Ингээд мөн л иргэдийн худалдан авах чадвар хэр байгаа талаар тодруулахад дараах хариултыг өгсөн юм.
"ОХУ дайн хийснээс болсон уу ОБУХ нойлын цаасны үнэ нэмэгдсэн"
Тэрбээр “Өрийн дэвтэр дүүрсэн. Барааны үнэ өссөн нэг жишээ хэлэхэд ОБУХ гэдэг нойлын цаас л гэхэд 1200-1300 төгрөг болж өссөн. Уул нь хамгийн хямд нойлын цаас шүү дээ. Гэтэл ОХУ дайн хийснээс болов уу нэмэгдэж ирсэн гээд боддоо. Олон хүүхэдтэй айлууд зээл их гуйна. Болдог бол би талхаа зүсмээр нь, будаа, сахарааа ширхгээр нь зармаар байна. Залуухан хосууд давс зээлээд гарч байна гээд бод. Ард иргэдийн амьдрал тийм хэцүү байгааг энэ төр засаг мэддэг ч болоосой” гэв.
Харин иргэдийн хувьд бараа бүтээгдэхүүний үнэ өсөх нь “Амьжиргаагаа залгуулахад улам л бэрх болж байна. Хэдий халаасандаа мөнгөгүй байлаа гээд үхчихгүй аргаа олоод л амьдарна. Мах идэхээсээ илүү толгой цувдай л өдрийн хоолонд явж байна даа. Бид ядуу байна, мөнгөгүй байна гэдгээ орилоод байлтай биш. Үнэндээ өмнө нь цалин буухад гурил будаа гэрийн хэрэглээгээ хангаад тор дүүргэж дээр нь хэдэн хүүхдэдээ амттай шимттэй юм аваад ордог байсан бол өнөөдөр тэр мөнгөөр хэрэглээгээ ч хангаж чадахгүй байна. Би сая дэлгүүрээс талх, масло, дүрдэг цай авахад л 10 мянган төгрөг шахам болж байна. Цалин цавуу нь хамгийн бага хэрнээ бараа бүтээгдэхүүнийх нь үнэ хоёр дахин их улсад амьдарч байгаадаа хаяа гомдох юм. Эгч нь Солонгост очиж хэдэн жил амьдраад ирвэл амьдрал ахуй дээрдэх байх л гэж бодох юм” гэж иргэн Д.Цэрэнням ярив.
НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ,
“Улаанбаатар хотод инфляц 2021 оны хоёрдугаар сард 0,2 хувьтай байсан бол 2021 оны хоёрдугаар сард 15,1 хувь болж нэгхэн жилийн дотор 14,9 хувиар өссөн байна”
Харин өөр нэг иргэн “Тэртээ тэргүй улаан мөнгөгүй өлдөж үхэх гэж байгаа ард иргэдээ ингэж тавлахаа боль” хэмээн ундууцсан юм.
Монголчуудын гол хэрэглээ болсон АИ92 авто бензин 2390 төгрөгт хүрсэн байхад барааны үнэ буурна гэдэг худлаа. Харин ч цаашдаа улам нэмэгдэхийг байг гэх газар үгүй. Долларын ханш 2849 төгрөг байсан хэдий ч бас л 2893 төгрөг болж нэмэгдлээ. Энэ өсөлт цаашид хэд хүрэхийг бас л таашгүй. Тиймээс өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэ дахиад өснө гэдгийг худалдаачид ярьж байна.
Харин үүнийг зогсоох, хазаарлах эрх мэдэлтэн нэг ч алга. Цалин хөлс нэмэгдэхгүй атлаа цаг цагаар барааны үнэ өсөөд байгааг хэн анхааралдаа авах вэ.