Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БАЙР СУУРЬ: Татварын шаталсан тогтолцоотой болох нь ЗӨВ ҮҮ

Ангилал
Ярилцлага
Огноо
Унших
8 минут 52 секунд

Сүүлийн өдрүүдэд татварын шаталсан тогтолцоотой болох асуудал яригдах боллоо. Тодруулбал, УИХ-ын дарга Г.Занданшатар эдийн засгийг тэлэх бодлогын талаар ярихдаа өндөр орлоготой иргэдээс илүү татвар авдаг болох хэрэгтэй байгаа талаар байр сууриа илэрхийлсэн нь энэ юм. Ингэхдээ их орлоготой хүмүүсээс ахиу татвар авч байж сангуудын алдагдал буурч, ядуусаа, ахмадаа, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжинэ гэсэн юм. Тэгвэл тус шаталсан татварын тогтолцооны талаар эдийн засагчид ямар байр суурь илэрхийлснийг хүргэж байна.

-Хүүгийн орлого олсон хүнээс илүү татвар авах нь зөв зарчим-

Гэрэл зургийг mpa.mn

Эдийн засагч Д.Ангар

-Шаталсан татварын тогтолцоо бол зөв. Монголд хэрэгжүүлэх цаг нь болсон. Их орлого олсон нь илүү татвар төлөх нь хүнлэг нийгмийн зарчим мөн. Гэхдээ Монголын төрд нэг асуудал байдаг юм. Ерөөсөө засагддаггүй. Банкнуудаасаа айж, бусдыг нь элэглэдэг. Энэ дээр ч мөн харагдаж байна. Тайлбарлая.

Өдөржин шөнөжин ажил хийгээд 5-10 сая төгрөгийн цалин авсан хүн, харин мөнгөө банканд хадгалуулаад хуруу хумсаа ч хөдөлгөлгүй сард 5-10 сая төгрөгийн хүүгийн орлого олсон хүнээс хэн нь илүү татвар төлөх ёстой вэ. Хариулт ойлгомжтой. Хүүгийн орлого олсон хүнээс илүү татвар авах нь зөв зарчим.

Улс орнууд банкны хүүгийн орлогод өндөр татвар ногдуулдаг нь ийм учиртай. 35-50 хувийн татвар тавьдаг. Монголд банкны хүүгийн орлого нь 26 жил 0 хувийн татвартай явж ирсэн. УИХ маань лоббинд автаж банкны хадгаламжийн хүүнд татвар тавьж чаддаггүй байсан. Харин 2016 онд ОУВС-аас шахаж шаардаж байж л дөнгөж 10 хувийн татвартай болгосон.

Гэтэл одоо УИХ банкны хадгаламжийн хүүг ярилгүй харин 5-10 сая төгрөгийн цалинтай иргэдээсээ илүү татвар авах аргыг бодож олжээ. Эхлээд банкны хадгаламжийн хүүндээ буюу хуруу хумсаа ч хөдөлгөлгүй сардаа 5-10 сая төгрөг олдог хүмүүстээ татвар тавьчихаад дараа нь хүмүүсийн цалин руу орох ёстой. Монгол улсдаа жинхэнэ баялаг бүтээж буй хүмүүс руугээ шууд дайрна гэж бодвол том андуурал.

-Шударгаар татвар төлж буй хэсгээ “боож” буй арга хэрэгсэл болно-

Эдийн засагч С.Бямбахорлоо

-Цалингийн орлого, хадгаламжийн хувь хэмжээ, ногдол ашгийн орлого зэргийг ялгаж байж шаталсан татвар хэрэгжих ёстой. Хүн хөдөлмөрлөснийхөө хэрээр цалин өндөр авч байгаа шүү дээ. Нэг ёсондоо баялаг бүтээж буй хэсгээ торгож, тэр нь эргээгээд халамж аль эсвэл Хөгжлийн банк мэт зүйлд зарцуулагдаад байвал зохимжгүй. Харин их хэмжээний ногдол ашиг хүртдэг, хадгаламжийн хүүгийн орлого хүртэж буй хэсгээс шаталсан татвар авах боломжтой гэж харж байгаа.

Албан ёсоор цалин авч буй иргэдээ торгож, албан бусаар наймаа эрхэлдэг тухайлбал валютын ченж хийж байгаа нөхдүүд нийгмийн даатгал төлдөггүй. Шударгаар татвар төлж буй хэсгээ улам "боож" буй арга хэрэгсэл болно. Тиймээс шаталсан татварын тогтолцооны талаар ярьж байгаа нь цаг үеэ олоогүй асуудал.

Гурван сая доллар чинь л гэхэд 1000 доллар болчихлоо шүү дээ. Хэзээ ч 1000 мянган доллараар шаталсан татвар авдаггүй. 10 мянган доллараас дээш цалинтай хүмүүсээсээ эхний татвар авах жишгийг олон улсад баримталдаг. Гэтэл бид 1500 доллараас шаталсан татвар авна гэсэн асуудал яригдаж байна гэсэн үг. Энэ нь олон улсын жишигт ч нийцэхгүй асуудал. Ядахдаа, 10 мянган доллараас дээш цалинтай байсан бол эхний шатлалын талаар ярьж болно. БНСУ, Япон зэрэг улсуудыг харахад, 1000 долларын цалинтай хүн татвар төлдөггүй.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих гээд байгаа юм уу. Аль эсвэл бүгдээрээ юу ч хийдэггүй халамж хүртээд байж байх ёстой юм уу гэдгийг л маш сайн бодох хэрэгтэй. Шинэ сэргэлтийн бодлогы хүрээнд ажил эрхлэлтийг дэмжинэ гэх мөртлөө түүнийхээ эсрэг зүйлийг яриад байгаа юм. Ямар судалгаан дээр үндэслэж шаталсан татварын талаар яриа гаргасныг сайн хэлж мэдэхгүй юм.

Инфляци өссөн энэ үед 5 сая төгрөгийн орлогоос татвар авна гэдэг бол 5 ам бүлтэй хүний амжиргааны мөнгө шүү дээ. Энэ бүгдийг тооцох ёстой.

Нийгмийн даатгал, орлогын татвар зэргийг үзвэл 20 орчим хувь нь цалингаас суутгагдаж байна. Нийгмийн даатгалаа нэмж төллөө гээд тэтгэврийн хэмжээ нэмэгдэхгүй. Шимтгэлээ өндөр төлөөд өндөр тэтгэвэр авдаг бол арай өөр байдлаар хандаж болно. Гэтэл одоогийн нөхцөлөөр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 55 хувь гээд тогтоогоод өгчихдөг. Тэгэхээр нийгмийн даатгал, хувь хүний орлогын албан татварыг нэмэгдүүлэх нь цагаа олоогүй асуудал. Тодорхой судалгаануудыг хийсний үндсэн дээр шийдвэр гаргах хэрэгтэй.

Хэрвээ шаталсан тогтолцоонд шууд шилжвэл нэгдүгээрт, иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлнө. Мөн татвараа нуун дарагдуулдаг, хөдөлмөрийн гэрээгээр бус хамтын гэрээгээр хуулийн цоорхой байгаа. Илүү их хөдөлмөрлөж, оюуны хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийг дарангуйлах бодлого болно. Хөдөлмөр эрхэлж байгаа хэсгээ устгах гэж байна шүү дээ.

-Дотоодын ДНБ дэлхийн дунджаас доогуур байгаа тохиолдолд шаталсан татвар зохимжгүй-

Эдийн засагч Д.Амгалан

-Дэлхийн улс орнууд төсвийнхөө 70-80 хувийг татварын аргаар бүрдүүлдэг. Манай улсын хувьд 2022 онд буюу энэ жил төсвийн орлогын 90-ээс дээш хэвийг татварын орлогоор бүрдүүлж байгаа. Өөрөөр хэлбэл, 14 их наяд орчим төгрөг гэсэн үг. Үүнд НӨАТ-аар 3 их наяд орчмыг бүрдүүлж байгаа. Энэ нь нийт төсвийн 20 орчим хувийг эзэлнэ. Орлогын албан татвар, НДШ тус бүр 2.9 их наяд буюу 40 орчим хувийг бүрдүүлнэ. Энэ нь татварын ачаалал 20 хувиас дээш давсан бол татварын дарамт их байна гэж олон улсын жишигт үздэг. Тэгэхээр манай улсын хувьд энэхүү босго 20 хувиас давчихсан. Одоогийн татварын ачаалал иргэд, ААН байгууллагуудад нэлээн дарамт учруулж байгааг харуулах статистик юм. Татварын шаталсан тогтолцооны талаар ярьж, санаачилж байгаа нь цаг хугацаа, нөхцөл байдал, учир шалтгаанаа бүрэн судлаагүй байгааг илтгэж байгаа хэрэг.

ДНБ өнөөдөр дотоодод 43 их наяд төгрөг байгаа. Өөрөөр хэлбэл, нэг хүнд ногдох ДНБ 4564 доллар. Дундаж цалин өнөөдөр 45 доллар. Голч цалин 310 доллар. Тэгэхээр энэхүү шатлалыг ихэвчлэн хүн амынх нь орлого өндөр, ДНБ-ний түвшин өндөр улс орнууд ашигладаг гэдгийг төр засгийнхан мэдэхэд илүүдэхгүй. Дэлхийн дундаж ДНБ 5100 доллар орчим байдаг. Тэгэхээр манай дотоодын ДНБ дэлхийн дунджаас доогуур байна. Энэ тохиолдолд шаталсан татвар зохимжгүй.

Хөдөлмөрлөж буй хэсэгтээ татварын дарамтыг үүсгэх биш орлого нь тодорхойгүй байдаг, маш их хэмжээний үл хөдлөх хөрөнгөтэй, төрөөс төрсөн тэрбумтнууд гэгддэг хүмүүсийн орлогын эх үүсвэрийг ил болгох буюу татвар төлдөггүй хэсгээ хамруулах замаар татварын сууриа тэлэх нь шатлал нэмэхээс чухал асуудал.

Сураггүй алга болсон эмэгтэйн цогцсыг олжээ
Сураггүй алга болсон эмэгтэйн цогцсыг олжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.