Украины Харьков хотод хоргодох байранд байсан монгол оюутнууд маш хүнд байдлаас амь дүйн гарч Львов хот руу явах галт тэргэнд сууж чадсан билээ. Энэ талаар тус хотод сурч буй хоёр оюутны эгчтэйтэй холбогдож тодруулга авсан юм.
-Харьков хотод суралцаж байсан оюутнууд нэлээд хүнд нөхцөл байдлаас гарч чадлаа. Тухайн үеийн нөхцөл байдал ямар байсан талаар дүү нар нь юу хэлж байв?
-Тухайн нөхцөл байдалд оюутнуудад ямар нэг тусламж хүргэх боломжгүй байсан. Хот нь хаагдаж бүх хүмүүс нуувчид байсан юм билээ. Манай хүүхдүүд 8 болон 10-аараа тус тусдаа хоргодох байранд байсан. 10-уулаа хоргодож байсан хэсэгт миний хоёр дүү байгаа юм. Ганцхан байрны цаана гэхэд буудалцаан болж өөр улсын нэг эмэгтэй оюутан нас барсан тохиолдол гарсан. Видео колл хийхэд хүртэл ойр хавийн дэлбэрэлтүүд нь сонсогдож байсан. Хэлэлцээ хийнэ гэсэн шуумаар бөмбөгдөлт, мөргөлдөөн хэсэг намжсан. Львов гээд харьцангуй аюул багатай хотод амьдардаг н.Энхцэцэг гэдэг Монгол иргэн л бид бүхний хүүхдүүдэд маш их тус хүргэж байна.
Тэр эмэгтэй “хэлэлцээтэй холбоотойгоор байдал түр намжиж магадгүй гэж Украинчууд ярьж байна. Миний хүүхдүүд чадвал гараад ир” гэж хэлсэн юм билээ. Тэгээд л насаар арай эгч нэг охин нь зориг гаргаж дөрвүүлээ гарч гүйгээд унаа олж, вокзал ороод эргэж үлдсэн оюутнуудаа аваач гэж гуйсаар нөгөө хэдийгээ авсан байгаа юм. Эрчүүд нь эхлээд охидоо явуулаад дараагийн вагонд нь суусан гэсэн. Дараагийн вагонд суухад нь бас асуудал үүссэн. Цэргүүд мөнгө төлөхийг шаардсан байгаа юм оюутнууд доогуур нь шургаж гүйлдээд проводник нь хараагүй байхад амжиж сууцгаасан . Тэнд ямар ч хууль дүрэм үйлчлэхгүй хэн мөнгөтэй хүчтэй нь л амь гарах гэж тэмцэж жинхэнэ ороо бусгаа байгаа талаар манай хүүхдүүд мэдээлсэн.
-Тийм нөхцөл байдлаас гарч чадсан нь сайн хэрэг. Одоо хаана яваа бол ямар нэг хүндрэл гарсан уу?
-Одоо вагоны тамхи татдаг залгаас хэсэгт хүүхдүүд маань зогсоод л явж байна гэсэн. Маш хүйтэн проводникоос халуун ус гуйж дулаацлаа гэж зурвас ирсэн. Зам нь нэлээн дөхөж байгаа байх. Эцэг эхчүүд хариу хүлээгээд, санаа сэтгэл зовоод нойр хоолгүй л явна.
-Львовоос нааш хэрхэн ирэх вэ? Нарийн төлөвлөгөөгөө ГХЯ-аас танилцуулсан уу?
-Львовоос нааш сайхан сэтгэлт н.Энхцэцэг гэдэг эмэгтэй хүүхдүүдийг хооллож, ундлаад явуулна гэсэн. Львовод консулын хүн ч юм уу холбогдох албаны хүмүүс байхгүй байгаа. Харин н.Энхцэцэг гэх эмэгтэй Монгол Улсынхаа иргэний үүргийг маш сайн биелүүлж байгаа. Эцэг эхчүүдийн зүгээс ч маш их талархаж байна. Львов д очих л юм бол тэр эмэгтэй хил рүү машинаараа хүргэж өгнө. Элчин сайдууд ч гэсэн зохион байгуулалтад орсон гэсэн. ГХЯ ны ажлын хэсэгт эцэг эхчүүд өчигдөр орсон. Яг ямар ажил хийж байгааг нь мэдэхээр сэтгэл санаа ч арай тайван болдог юм байна.
-Эцэг эхчүүд анх нэлээн бухимдалтай байсан ГХЯ-аас мэдээ мэдээллээр дутуу хангав уу? Ажлын хэсэгт нь анх орж болоогүй юм уу?
-ГХЯ-ны сайд нь өөрөө сая тайлбар өгсөн. Энэ асуудал нь зөвхөн яамнаас гадна улс төрийн асуудал болж таарсан юм билээ. Тиймээс дээгүүрээ бас хуралдсан гэсэн. Бас улс хоорондын нарийн ширийн асуудлууд байсан учраас хамаагүй хэлж болохгүй зүйлс байсан юм шиг байгаа юм. Тэрнээс болж эцэг эхчүүд ажлаа хийхгүй байна гэх мэтээр бухимдсан. Аргагүйн эрхэнд нууц баримт материал юмаа танилцуулсан. Эцэг эхчүүд ч харьцангуй тайвширсан. Одоо бол бөмбөгдөлт болж байгаа газраас холдсон болохоор сэтгэл санаа тавин хувь дээрдсэн.
-Анх оюутнуудыг сайн дураараа үлдсэн гэх мэт олон янзын мэдээлэл гарсан шүү дээ?
-Тийм мэдэгдэл хийхэд нь манай эцэг эхчүүд их бухимдалтай байсан шүү. Цаг алдсан, болон холбоо сүлбээ муутай байсан ажлын хариуцлага алдсан консул, элчин сайдуудад хүүхдүүдээ эсэн мэнд ирсний дараа хариуцлага тооцно гэж сайд нь хэлсэн. Дайн болохгүй гэж хэлээд үлдээсэн хүмүүс ч байгаа. Хүүхдүүдийн хувьд нэг бичиг хүлээгээд үлдсэн. Хэрвээ гадны улсын оюутнууд явчих юм бол Украинд ашиггүй байсан байгаа байхгүй юу. Тийм учраас чөлөө өгөхгүй, явбал хасалт хийнэ гэсэн.
-Дан ганц оюутнуудынхаа аюулгүй байдлыг хангахаас гадна улс хоорондын дипломат асуудлууд бас давхар гарч байжээ?
-Тийм байсан юм билээ. Гэхдээ анх хувийн зардлаараа бүх оюутан билетээ захиалчихсан байсан. Гэтэл нислэгүүд нь цуцлагдчихсан юм. Консулын газраас буруу зөрүү мэдээлэл өгч, зам зааснаас болж Истанбул руу яваад буцаж очсон таван оюутан байгаа.
-Танай дүүгийн мөр нь мултарч муужирч унасан гэсэн байсан. Биеийн байдал нь одоо ямар байгаа бол?
-Эхний бужигнаанаар метроны буудал руу гүйж орохдоо унаад мөрөө мулталчихсан гэсэн. 18 хан настай жаахан хүүхэд болохоор хүнд байсан. Мөн зүрхний хэм нь жаахан алдагддаг хүүхэд. Гэхдээ ойр орчмын хүмүүс нь тусалж мөрийг нь оруулсан байсан. Тухайн хоргодох байрны подволд нь агааргүй 63 уулаа байсан юм билээ. Манай дүүгээс гадна бас нэг эрэгтэй оюутны зүрхний хэм алдагдаж муужирч унасан. Хэрвээ агаарын дутагдалд орсон бол зүрх нь хаагдах ч аюултай байсан шүү дээ. Зүрхний гажигтай хүүхэд биш. Гэхдээ нөхцөл байдал тийм аймшигтай байсан юм билээ.
Улсаас хүүхдүүд рүү 1,2 сая төгрөг явуулсан байсан. Нэг хүүхдэд 150 мянган төгрөг гэсэн үг. Карт нь ажиллахгүй, дэлгүүр нь хоосон байхад мөнгөөр яах ч байсан юм билээ.
-Одоо эцэг эхчүүдийн сэтгэл санаа харьцангуй тогтвортой болж байна уу?
-Анх бол яг л дээрээс нь бөмбөгдчих юм шиг мэдрэмж төрөөд хэцүү байсан. Айдастай, бухимдалтай байхад яамнаас өгч байгаа мэдээлэл нь бүдэг бадаг байхаар энд байгаа бид тэсрэх гээд байх нь аргагүй шүү дээ.
-Энэ үйл явдал маш том сургамж боллоо гэж харж байна. Одоо цаашдаа манай улсын ГХЯ, өөр улсад суугаа элчин сайдын яамд юун дээр анхаарах хэрэгтэй гэж бодож байна?
-Манай улсын хувьд өмнө тохиож байгаагүй тийм нөхцөл байдал байлаа. Тэгэхээр хаа хаанаа туршлагагүй гэж зөвтгөе. Одоо бол цааш цаашдаа аль улсад, ямар ч нөхцөл байдал үүсч болно. Тиймээс тэнд сурч байгаа оюутнууд болон хөдөлмөр эрхэлж буй иргэдийнхээ аюулгүй байдлыг хэрхэн хамгаалах талаар онцгой арга хэмжээний тактикаа боловсруулах хэрэгтэй байх. Автобус хоргодох байр гэх мэт юм болгонд бэлэн байлгах хэрэгтэй юм байна л гэж харж байна.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа. Мөн танай сайтаар дамжуулаад Киевийн өргөмжит консул Х.Болхуяг, Львов хотод амьдардаг н.Энхзаяа, Харьков хотын Нисэхийн сургуулийн оюутан н.Отгонмөнх, Киев хотоос оюутнуудыг вагонд оруулж өгсөн н.Анхаа, Украинд төгсөгчдийн холбооны нийт гишүүдэд, Польш улсад суугаа тусалж байгаа монгол ахан дүүст эцэг эхчүүдийн зүгээс талархал илэрхийлмээр байна.