Нийгмээрээ шуугидаг ч хэсэг хугацааны дараа мартаж орхидог буруу жишиг манай нийгэмд хэдийнэ тогтчихсон. Товчхондоо, хаа нэг хэрэгт хохирогч бий болж байж л нийгэмд анзаарагдалгүй мартагдсан асуудлууд сэргэж, "сэхэл авдаг". Өнөөдөр ч ялгаагүй. Үүний нэг бол цахилгаан шатны аюулгүй байдал, хяналт шалгалтын асуудлыг нийгэмд АМЬ НАСААРАА сануулчихаад тэнгэрт дэвшсэн гурван настай хүүгийн хэрэг. Тухайн үед хүү лифтний эвдэрхий хаалга налж зогсож байгаад унасан. Аав нь нэг давхрын цахилгаан шатны хаалгаар хүүг гаргаж аваад эмнэлэгт хүргэсэн ч хүү эндсэн.
Тэгвэл эл хэрэг явдлаас хойш юу өөрчлөгдсөн бэ. Удаан хугацаанд ажиллагаагүй байсан цахилгаан шатны аюулгүй байдлыг хангаагүй, засварлаагүй СӨХ, хяналт шалгалт хийсэн эсэх нь тодорхойгүй хэмээн мэргэжлийн хяналтын байгууллага руу олон нийт бухимдсан. Хэрэг болсноос даруй сар гарангийн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд тус орон сууцны цахилгаан шат ажиллагаанд ороогүй. Харин цахилгаан шатны хаалгыг цааш цөмөрч орохгүй байхаар бэхэлгээ хийсэн байв. Цахилгаан шатууд ажиллахгүй тул оршин суугчид шатаар алхацгаана. Энд цахилгаан шатнаас гадна давхар бүрт байрлуулсан цахилгааны тоолуурын гадна бэхэлгээ салж ойчсон аюултай дүр зураг ч ажиглагдаж байв. Бэхэлгээ хийлгэсэн гэж байгаа боловч бүрэн засвар хийж, хэвийн ажиллагаанд оруулах хүртэл энэ бол асуудлыг торгоох төдий ажиллагаа.
Шинэ СӨХ: Ажиллагаагүй гурван лифтний нэгийг нь солих хөрөнгө мөнгөний асуудал шийдэгдсэн
СӨХ-ны хураамжаа төлдөг ч түүнд таарсан үйлчилгээгээ хүртэж чаддаггүй иргэдийн нэг л жишээ. Оршин суугчид ч энэ талаар хэвлэлүүдэд байр сууриа илэрхийлсэн байдаг. Тус хэргээс улбаалан нийгмийн шүүмжлэлийг ихээхэн хүртсэн СӨХ өнгөрөгч хоёрдугаар сард өөрчлөгдөж, бүрэлдэхүүнээ өөрчилсөн аж. Тэгвэл цахилгаан шатны аюулгүй байдал тал дээр болон цаашид хэвийн ажиллагаанд оруулах чиглэлд ямар ажил хийхээр болсон талаар тус байрны СӨХ-ны Гүйцэтгэх захирал Д.Батжаргалаас тодрууллаа.
-Цахилгаан шатны эвдэрхий хаалгаар хүүхэд унаж амь насаараа хохирсон хэргээс хойш байрныхаа цахилгаан шатыг засварлах, хэвийн үйл ажиллагаатай болгох чиглэлд ямар ажил хийсэн бэ?
-Дүүргийн удирдлагаас лифтний хаалгануудыг дотогш цөмөрч орохгүйгээр бэхэлгээ хийлгэсэн. Саяхан Баянгол дүүргийн СӨХ хариуцсан мэргэжилтэнтэй холбогдоход манай байрны нэг лифтийг бүрэн солих хөрөнгө мөнгөний асуудлыг шийдсэн, худалдан авах газраас тендер зарлаж гүйцэтгэх компанийг сонгон шалгаруулснаар солигдохоор хүлээгдэж байгаа гэх мэдээллийг өгсөн.
-Шинэ СӨХ байгуулагдаад удаагүй юм байна. Өмнөх СӨХ-ны удирдлагуудаас ямар нөхцөл байдалтай хүлээж авсан бэ?
-Өмнөх СӨХ-ны удирдлагууд мэргэжлийн байгууллагуудад гэрээнд заасан төлбөр мөнгөө цаг хугацаанд нь өгч засвар үйлчилгээг цаг хугацаанд нь хийлгээгүй юм билээ. Түүнчлэн жил бүр хийлгэх ёстой цахилгаан шатны дүгнэлтийг цаг хугацаанд нь гаргуулж байгаагүй зэрэг асуудал яригдсан.
-Одоогоор хэдэн лифт бүрэн ажиллагаагүй болсон байгаа вэ?
-Оршин суугчид өөрсдийн боломж бололцоогоороо мөнгө цуглуулж ажиллахгүй байсан хоёр орцын дөрвөн цахилгаан шатны нэгийнх нь троссыг солиулж, ажиллагаанд оруулж байсан. Одоогийн байдлаар дүүргээс гурван лифтийг ашиглах боломжгүй гэх дүгнэлт гарсан талаар мэдэгдсэн. Одоогоор нэг цахилгаан шатны хөрөнгө мөнгөний асуудал шийдэгдсэн юм билээ.
-Ер нь танай орон сууцны лифт хэр удаан ажиллагаагүй байсан юм бэ?
-Анх ашиглалтад орсон цагаасаа эхлэн гацах, зарим үед ажиллахгүй байх тохиолдлууд их байсан. Сүүлийн хоёр жилийн өмнөөс бүрэн ажиллаагүй.
-Таны хэлсэнчлэн өмнөх СӨХ-ны хүмүүс цахилгаан шатны дүгнэлт, засвар үйлчилгээ тал дээр асуудалтай байсан гэлээ. Тэдгээр хүмүүс энэ үйлдэлдээ тайлбар хийсэн зүйл бий юу?
-Энэ талаар хэн, ямар удирдлагууд нь хэдий хугацаанд хариуцаж байсан зэрэгт бүрэн мэдээлэлгүй байна.
-Тэгэхээр шинэ СӨХ-ны зүгээс холбогдох шат шатны байгууллагуудтай холбоотой ажиллаж эхэлсэн гэж ойлгож болох уу?
-Нийт оршин суугчид болон хороо, дүүргийн удирдлагууд мөн СӨХ-ны Дээд зөвлөлийн Гүйцэтгэх захирлууд оролцсон хурал зохион байгуулж шинээр СӨХ-ийн бүрэлдэхүүнийг томилсон. Одоогийн байдлаар бүртгэлтэй холбоотой асуудлуудыг цэгцлэхээр ажиллаж байгаа. Бүртгэл болон бусад ажлаа цэгцэлсний дараагаар цахилгаан шатны засвар, техникийн тал дээр мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллах гэрээг хийж ажиллах болно. Дүүргийн зүгээс нэг цахилгаан шатыг солиход шаардлагатай хөрөнгө мөнгөний асуудлыг шийдвэрлэх ажил явагдаж байгаа юм билээ. Нийтийн эзэмшлийн гэдэг утгаараа дүүрэг, нийслэл хөрөнгө мөнгөний зарцуулахтай холбоотой асуудлыг шийдвэрлэдэг.
НХМГ: Нийслэлд насжилт гүйцсэн 131 цахилгаан шат ашиглагдсан хэвээр байна
Цахилгаан шатны аюулгүй байдал, найдвартай ажиллагаа тал дээр ямар хяналт шалгалтыг тавьдаг болон насжилт гүйцсэн лифтүүдэд ямар зохицуулалт хийж байгааг НХМГ-ын улсын ахлах байцаагч Г.Эрдэнэхүүгээс тодрууллаа.
-Өнгөрөгч нэгдүгээр сард Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт цахилгаан шатны хонгил руу хүүхэд унаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Хэрэг гарснаас хойш тухайн орон сууцны СӨХ аль эсвэл дүүргээс та бүхэн рүү холбогдсон зүйл бий юу?
-Тухайн хэрэг болсон орон сууцны хувьд 2018 болон 2021 онуудад цахилгаан шатны ашиглалттай холбоотой эвдрэл гэмтлийг тодорхойлсон албан бичгүүд болон дүгнэлтийг гаргаж өгч байсан. Осол болсны дараа манай байгууллагаас хариуцсан компаниар цахилгаан шатны засварын ажлыг хийлгүүлсэн. Ингэхдээ цөмөрч цааш орж байсан хаалганы хэсэгт бэхэлгээ хийлгэж хэвийн байдалд оруулсан. “Хаан суудал” гэх байгууллагад бүрэн бүтэн байдалд өдөр тутмын хяналт тавих үүргийг өгсөн.
-Сүүлийн жилүүдэд нийслэлд барилгажилт, бүтээн байгуулалтын ажлууд эрчимтэй хийгдэж байна. Шинээр ашиглалтад орж буй орон сууцнуудын цахилгаан шатуудад мэргэжлийн байгууллагуудын зүгээс ямар стандарт шаардлагыг тавьж хүлээж явдаг вэ. Дан ялангуяа мэргэжлийн хяналтын байгууллага өөрөө орон сууц хүлээн авах улсын комиссын бүрэлдэхүүн болж ажилладаг шүү дээ?
-Мэргэжлийн Хяналтын байгууллага 2021 оноос хилээр орж ирж буй цахилгаан шатанд хяналт шалгалтын ажлыг хийж байгаа. Үүнээс өмнө цахилгаан шатыг угсарсны дараах бүрэн магадлалыг хийж ажилладаг байсан. Бүрэн магадлалаар илэрсэн зөрчлийг арилгуулсны үндсэн дээр Улсын бүртгэлд бүртгэж цахилгаан шат ашиглах зөвшөөрлийг олгож ажилладаг. Өөрөөр хэлбэл, 2008 онд Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын баталсан “Лифтний төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн дагуу угсралт, засвар үйлчилгээ, ашиглалтад оруулах процесс явагддаг гэсэн үг.
-Энэ чиглэлд хэчнээн улсын байцаагч ажилладаг вэ?
-Өрх байгууламжийн чиглэлээр хяналт шалгалт хийж байгаа. Энэ чиглэлд МХЕГ-т нэг, НХМГ-т хоёр, орон нутагт мөн энэ тооны байцаагч ажилладаг. МХЕГ-ын дэргэдэх хүнсний аюулгүй байдлын лавлагаа лабортарид цахилгаан шатны бүрэн магадлал хийж байгаа хоёр шинжээч бий.
“Жилийн хугацаанд бүртгэлтэй бүх цахилгаан шатыг үзэж, бүрэн хяналт тавих боломжгүй”
-Өнгөрсөн хугацаанд цахилгаан шат унаж амь насаа алдсан, гэмтэж бэртсэн гэх хэргүүд их гарах болсон. Иймдээ ч хяналт шалгалт хийгдээгүй гэдэг утгаараа мэргэжлийн хяналтын байгууллага руу тус асуудлууд холбогддог. Ер нь мэргэжлийн хяналтын байгууллага цахилгаан шатны хяналт шалгалт чиглэлд бүрэн хяналтаа тавьж ажиллаж чадаж байна уу?
-Бүрэн хяналт тавина гэдэг хүндрэлтэй. Улсын хэмжээнд 7300 орчим цахилгаан шат бий. Нэг байцаагч өдөрт 4-5 цахилгаан шатыг үзэж, түүнд тохирох хууль эрх зүйн үндэс шаардлага бичиг баримтыг боловсруулахад цаг хугацаа их шаардагддаг. Энэ байдлаар жилийн хугацаанд бүртгэлтэй бүх цахилгаан шатыг үзэх боломжгүй.
-Цахилгаан шатуудыг хэрхэн бүртгэлжүүлдэг вэ. Түүнчлэн угсралтаас хойшхи цахилгаан шатны аюулгүй ажиллагаа, техникийн бүрэн бүтэн байдал зэргийг ямар байгууллага хариуцах ёстой вэ?
-Барилгын тухай хуульд заасанчлан цахилгаан шатыг бүртгэлжүүлэх ажлыг мэргэжлийн хяналтын байгууллага хариуцдаг. Нэгдсэн бүртгэлийн санг МХЕГ-т үүсгэн ажиллаж байна. Одоо мөрдөгдөж буй “Лифтний төхөөрөмжийн аюулгүй ашиглах дүрэм”-д болон холбогдох хуулиудад цахилгаан шатыг ашиглагч, эзэмшигч байгууллага нь өдөр тутмын ашиглалт, аюулгүй ажиллагааны бүрэн бүтэн байдал хангаж ажиллана хэмээн тусгасан байдаг.
“Насжилт гүйцсэн 131 цахилгаан шатны ашиглалт, аюулгүй байдал, найдвартай ажиллагааг нь хангаж ажиллуулах зөвлөмжийг хүргүүлсэн"
-Насжилтын хувьд ашиглах боломжгүй боломжгүй болсон цахилгаан шат нийслэлд хэр их байна вэ. Энэ чиглэлд ямар хяналт шалгалтыг хийсэн бэ?
-Манай байгууллагаас холбогдох техникийн дүгнэлтийг гаргаж өгч ажилладаг. Сууц эрхлэгчдийн дундын өмчлөлийн тухай хуулиар лифт ашиглагч, эзэмшигч байгууллага нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар солих боломжтой байдаг. Энэ ажиллагааг СӨХ аль эсвэл эзэмшигч байгууллага хийлгэнэ гэсэн үг.
2006 оноос хойш цахилгаан шатанд техникийн дүгнэлт хийсэн. Өнгөрсөн хугацаанд нийт 850 цахилгаан шатанд дүгнэлт хийж үүнээс насжилт гүйцсэн лифтнүүдийг гаргасан. Үүнээс техникийн дүгнэлт гарсан боловч солигдоогүй хэвээр ашиглагдаж буй 131 лифт бий. 2008 оноос хойш нийслэлийн хэмжээнд барилгажилт ихэссэн. Цаашид хууль эрх зүйн орчинд нь өөрчлөлт хийхгүй бол жилдээ 500-600 лифт насжилтын хугацаа дуусаж солигдох эрсдэлтэй байгаа. Энэ нь манай улсын эдийн засагт хүндээр тусна. Жишээлбэл, хувь хүний унаж буй машиныг эвдрэхэд түүний засварын хөрөнгийг улсын төсвөөс гаргаж өгөөд байвал эдийн засаг талаасаа хүндрэлтэй шүү дээ.
-Тэгвэл цаашид ямар гаргалгаа хэрэгтэй гэж та харж байна?
-Олон улсын жишигт тухайн орон сууцанд оршин сууж буй өрхүүд насжилт болон бусад хүчин зүйлээс шалтгаалан тодорхой давтамжтай хугацаанд хийх засвар үйлчилгээнд шаардлагатай мөнгөний хуримтлалыг үүсгэж байх нь зөв. Хуримтлалыг СӨХ үүсгэж байх ёстой.
-Өмнө хэлсэнчлэн насжилт гүйцсэн 850 лифтнээс 131 нь ажиллаж байгаа гэлээ. Энэ 131 цахилгаан шат чинь өөрөө эрсдэл дагуулж байгаа юм биш үү. Ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа юм бэ?
-Тухайн орон сууцанд амьдарч буй оршин суугчид ашиглаж байгаа тул зогсоож болохгүй байгаа юм. Тиймээс одоогийн нөхцөлд ашиглалт, аюулгүй байдал, найдвартай ажиллагааг нь хангаж ажиллуулах зөвлөмжийг мэргэжлийн хяналтын байгууллагаас хүргүүлж байгаа.
"Стандарт шаардлага, аюулгүй ажиллагаа нь бүрэн хангагдаагүй цахилгаан шатууд хүний амь насанд заналхийлсээр байна"
Эргэн сануулъя. Мартаж болохгүй асуудлын ердөө ганцхан нь гурван настай хүүгийн хэрэг. Харин стандарт шаардлага, аюулгүй ажиллагаа хангаагүй цахилгаан шатууд өнөөдөр ч хүний амь насанд заналхийлсээр байгаа нь бодит байдал.
- 2022.02.16-нд Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд шинээр баригдаж буй барилгын цахилгаан шатны хонгилд хүн унаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан
- 2020.08.23-нд "Залуус" хороололд цахилгаан шат унасны улмаас дөрвөн хүний хоёр нь биедээ хүнд гэмтэл авсан байдаг. Тус байрны ... байрны зургадугаар давхраас B1 давхар луу цахилгаан шат унасан бөгөөд хоёр иргэн гэмтсэн
- 2011 онд Чингэлтэй дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дүгээр байрны аравдугаар давхрын цахилгаан шат тухайн давхарт очоогүй атлаа хаалга нь нээлттэй байсныг үл анзаарсан нэгэн залуу нэг давхар руу унаж, хүнд гэмтсэн
- 2021.03.12-нд Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороо, “Залуус” хороололд цахилгаан шатанд гацсан эмэгтэйчүүдийг эсэн мэнд гаргаж байв
- 2015.7.01-нд Баянгол дүүрэгт байрлах орон сууцны ... байрны цахилгаан шат гацаж, дотор бага насны зургаан хүүхэд гацаж түгжигдсэн байсныг эсэн мэнд гаргасан